Хүйтэн цустай, бие нь эвэрлэг бүрхэвч болон хатуу хайрсаар хучигдсан амьтад юм. Тэдний ихэнх нь сарвуунууд бүхий дөрвөн хөлтэй байхад могойнууд хөлгүй байдаг. Монгол оронд 13 зүйлийн гүрвэл, 8 зүйлийн могой бүртгэгдсэн байдаг. Үүнд, төмөр гүрвэл, говийн махир хуруут гүрвэл, Прежевальскийн нохой гүрвэл, замба гүрвэл, тойрмын хонин гүрвэл, цоохор хонин гүрвэл, монгол гүрвэл, толбот гүрвэл, могой гүрвэл, говийн гүрвэл, загалт гүрвэл, гавшгай гүрвэл, залзагалагч гүрвэл гэх мэт гүрвэлүүд амьдардаг. Могойн төрөл дотор тэмээн сүүл могой, нарийхан могой, рашааны могой, хар мөрний цариг могой, усны могой, суман могой, бамбай хоншоорт могой, эгэл загалмайт могой багтана.
Монголчууд могойг их шүтдэг уламжлалтай. Могойг лусын хаан болгон дүрсэлсэн үлгэр домог ч их байдаг. Хулгана залгисан могойг илж гаргавал бариач болно хэмээнэ. Могой урт настай, түүнийг алсан хүний нас богинохон болно хэмээн цээрлэдэг. Гэрт могой орж ирвэл толгой дээр нь сүү дусааж мялаагаад төмөр цохиж чимээ гарган холдуулдаг. Могойн чуулгантай таарвал бэлгэшээнэ. Хормойгоо дэвсэж мөргөөд оймсоо тайлж үлдээдэг. Могойн хөл хорьж гэр тойруулан үнс асгадаг. Могой зам дээр хөндлөн байвал үдийн өмнө бөгсөн талаар нь үдийн хойно толгой талаар нь тойрдог юм гэдэг. Могойг явдлаар нь таньж болно. Хэрэв бөгс шарваж явбал өлзий муутай савдгийн могой, толгойгоо өөд цогнойлгон биеэ халз агшиж явж байвал лусын эзэн заларч явна хэмээн хүндэлж идээ будаа өргөдөг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.