БУГА (CERVUS ELAPHUS LINNAEUS, 1758)

Туурайтны овогт багтах буга нь Монгол орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Их Хянганы ой бүхий нутагт тархан амьдардаг. Эрийг буга, эмийг согоо, төлийг янзага хэмээнэ. Нэг настайг зоргол, хоёр настайг соёондой, гурван настайг шуумгай дайр, дөрвөн настайг таргалтар, таван настайг буга гэнэ. Буга дунджаар 12-18 жил насална. Зуны цагт улаавтар хүрэн бор, өвлийн цагт цайвар бор, цайвар хөхөвтөр зүстэй болно. Аль ч улиралд толгой нь цайвардуу байна. Бугын үс 4-5 дугаар сард гуужна. Буга нэг талдаа ихэвчлэн 7-8 салаа эвэртэй байдаг. Ховор тохиодолд 18 салаа эвэртэй буга тааралдана. Бугын биеийн урт нь 130-140 сантиметр, өндөр нь сэрвээгээрээ 115-155 сантиметр, биеийн жин нь 350 килограмм хүрнэ. Хос эврийн хүнд нь 3-7 килограмм байна. Бугын ясан эвэр 2-5 дугаар сард унаж, оронд нь 3-7 дугаар сард цусан эвэр ургаж эхлэн 8 дугаар сард ясжина. Салаагүй цусан эврийг бундуу, хэд хэд салаалсныг бойтог хэмээнэ. Бугын ясан эвэр экспортын төдийгүй, чимэглэлийн зүйл, цавуу хийх үнэт түүхий эд болдог. Цусан эвэр нь хүний биеийн тамир тэнхээг сэргээж, бэлгийн чалхыг сайжруулдаг, түрүү булчирхайн үрэвслийг анагаах ховор эмийн түүхий эдэд тооцогддог.


Буга хэвтрээсээ үүр гэгээрэхээр босож бэлчээрлэдэг. Нилээн орой хойхно хэвтэртээ эргэн ирнэ. Орооны цагаас бусад үед хүйсээрээ ижилсэн сүрэглэнэ. Бугын ороо 9 дүгээр сарын дундуур эхэлж сар орчим үргэлжилдэг. Ороо орох үед уулын зоо нуруу, модны хаяагаар ил гарч чахарсан уянгалаг дуугаар урамдана. Ингэж урамдахыг бугын дуудлага гэх бөгөөд энэ үеэр хоорондоо мөргөлдөж бие биеэ гэмтээх тохиолдол бий.  6 дугаар сарын эхээр төллөж 1 ил төрүүлнэ.   

Бугын тоо толгой 1980 онд 140 000 байсан бол өдгөө 8000 болж буурчээ. Солонгосчууд бугын цусан эврийг, Хятадууд ясан эвэр, чимвийг нь өндөр үнээр авдаг учраас хууль бусааар агнаж хил давуулсаар байгаа билээ. Бугыг нас урттай хэмээн эртнээс нааш гарал үүслийн онгон сүлдээ болгон шүтэж ирсэн заншил Монголчуудад бий. Тийм учраас агнаж устгасан хүний амь насанд цөвтэй хэмээдэг.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0