Дэлхий дээр нийт 8 зүйл дорго бий. Газар доор амьдардаг, богино хөлтэй, махан идэштэн. Дорго нь ихэвчлэн нарсан ойн гүнд нүхэнд амьдардаг. Гэхдээ тал хээрийн бүсийн дорго нь тарвага, зурамны голоод орхисон нүхийг өөд нь татаж амьдрах нь бий. Гэр бүлээр амьдрах бол нүх малтаж үүрээ бэлдэх бөгөөд олон жилийн турш үе улируулан хэрэглэдэг. Жил ирэх тусам томсгож, байнга додомдож тордож байдаг. Хэдэн арван метр урт, олон давхар болох тохиолдол байх бөгөөд тэдгээр нь маш нарийн зохион байгуулалттай. Эмэгчин нь зулзагын хамт доод давхараа эзэгнэн амьдарч, эрэгчингээ хоол тэжээлгүй ирвэл гэртээ оруулахгүй байх тохиолдол элбэг. Зарим нь ганцаар, зарим нь 2-15-аар нийлж сүрэглэн амьдарна. Нилээд ууртай догшин авиртай, өөрийгөө болон үр зулзагаа эцсийг хүртэл хамгаалахаар тэмцэж чаддаг. Өөрөөс нь биеэр том чоно, баавгайтай хүртэл цуцахгүй тэмцдэг онцлогтой. Маш богино зайд 25-30 километр цагийн хурдтай давхина. Жилийн дөрвөн улиралд тохируулан өнгө зүсээ хар, хүрэн, хүрэн бор гэх мэтээр сольдог. Нуруу сээрэн дээгүүрээ хар бор, хажуу хавирга орчмоороо цайвар, нүд чихийг бүрхсэн хар, дух хацрыг дагаж нарийн цайвар судалтай байдаг. Нас бие гүйцсэн доргоны биеийн урт нь 40-60 сантиметр, жин нь 35-50 килограмм. Сүүл нь 15-50 сантиметр урт, ихэнхдээ цагирагласан байдаг. Эрийг гангис, эмийг мангис, үр төлийг ганьс хэмээнэ. Дорго ихэвчлэн 18-20 жил насалдаг. Энэ хугацаанд үүр нь “орд харш” шиг болсон байдаг байна. Өөрийн гэр бүлийг өөр бусад гэр бүлтэй нийлүүлэх дургүй.
Хаврын сүүлч хийгээд зуны эхэн сард хээлтэй дорго төрж 3-7 зулзага төрүүлнэ. Зулзагаа жилийн турш тэжээдэг. Зулзага нь 2 долоо хоногийн дараа эхийгээ даган гүйх бөгөөд маш богино хугацаанд өсөж бойжно. Дорго хоол голдоггүй амьтан бөгөөд самар, жимс, өт хорхой, жижиг мэрэгч, шувууны өндөг гээд л юу тааралдсанаа иддэг. Галууны өндгийг явуут дундаа шүүрч нүд ирмэхийн зуур ховх сордог байна. Мөн голдуу газар доорхи амьтадын үүрийг ухаж малтаж иддэг. Мэрэгчдийн хонгил нүхийг мөшгин гайхалтай хурдан ухаж чаддаг. Мөн идэш хоолоо нөөцөлж нуудаг. Ихэвчлэн харуй бүрийд нүхнээсээ 3-4 километр тойрог дотор идшээ хайна. Доргоны идэш булаалдах дайсан нь байвгай боловч дорго түүнээс огтхон ч айхгүйгээр үл барам гахай шиг дуугарч дайрдаг байна. Энэ дайралтыг зогсоох ганц арга нь амжиж нам дэвсэхгүй бол болохгүй гэнэ. Хэрвээ амжуулахгүй бол дорго хөлд нь гүйгээд орчихдог адтай бөгөөд доогуур нь оронгуутаа төмсгийг нь суга татаад хаячихдаг ажээ. Доргоны нуруу юуг ч үл ажрах булчинлаг бөгөөд төмрөөр нуруун дундуур нь буулгахад ажирдаггүй гэнэ. Доргоны найз нь тарвага. Үүрээ сүйтгүүлчихвэл, заримдаа тарваганы үүрэнд “түр” амьдардаг. Доргоны хошуу нь нарийн шовх байдаг. Энэ нарийн хошуугаараа бусад амьтны тэр дундаа үхрийн бөгсийг ухдаг зуршилтай бөгөөд бүдүүн гэдсийг нь хазаж тасдан махассанаа тайлдаг ажээ. Дорго өөрийн гэсэн аргаар ан гөрөө хийнэ. Үүрнээсээ жим гаргаж 3-8 километр хүртэл уртасгана. Тэгэж бэлдсэн жимээр нь жижиг мэрэгч амьтад явж өнгөрөх юмуу, биеэр жижиг зарим хөхтөнгүүд дайран өнгөрөхийг хүлээн отоод хэвтдэг байна. Намар хүйтэрч эхлэхэд ичээндээ орж, хавар дулаарахаар гарч ирдэг.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.