• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ЗАРАА (HEMIECHINUS AURITUS, GMELIN, 1770)

Дорнод болон Төвийн тал хээр, ойт хээр, баруун тийш Хангайн нуруу хүртэл тархжээ. Биеийн урт нь 19-25 сантиметр, жин нь 700-800 грамм, сард 5-6 зулзага гаргадаг. Зараа элдэв төрлийн шавьж, өт, дун, гүрвэл, ангаахай, мэлхий, хулганы гөлчгий, могой зэргээр хооллоно. Элдэв төрлийн хүчиллэг, эхүүн үнэртэй бүтээгдэхүүнд хамгийн дуртай. Хурц содон үнэр гарвал хамаг үсээ өрвийлгөөд хайж гүйдэг байна.


Зулзагыг нь бөөдий гэх бөгөөд зуны эхэн сард нүдээ нээгээгүй 3-8 бөөдий төрүүлж хөхөөрөө хооллодог. Зулзага нь улаан нялцгай төрөх бөгөөд 21 хоногийн дараа арьс нь зузаарч, үс ургаж эхлэх бөгөөд тэр нь яваандаа эвэрлэг өргөс болно. Өргөс нь 2-3 сантиметр урттай, 5000 гаруй зузаан, нарийн үзүүртэй өргөс болж ургадаг. Өргөсний өнгө нь цайвар цагаан, үзүүр нь хар бараан, ширхэг бүр нь гуурс шиг дотроо хөндий. Үзүүр нь доошлох тусам бага зэрэг нарийсч, бөөрөнхий болоход тохиромжтой мушгирсан хэлбэрт ордог нь дээрээс ирсэн даралтыг багасгах гайхалтай механизм ажээ. Өргөсний үзүүрт даралт үүсэхэд тэр чигээрээ угт очихгүйгээр даралт нь буурч хүрдэг учраас зараанд өөрт нь юу ч мэдрэгддэггүй байна. Зарааны үнэрлэх болон сонсох эрхтэн нь маш сайн хөгжилтэй. Аюул ирж буйг үнэрээр нь мэдрэх агаад урдаас нь амдан гүйж, өргөс шиг үсээрээ хатган зайлуулдаг ажээ. Бөмбөг шиг бөөрөнхий болоход түүний нуруу дагасан булчин тус болдог. Уг булчин хүчтэй агшихад зараа атиран хумигдаж бөөрөнхий болох ба тайван үедээ булчингууд уян хатан болж өргөсөө хэвтээ байдалтай дэлгэдэг. Зараа өргөсөө сайн цэвэрлэж чаддаггүй учраас янз бүрийн шимэгч хорхой үүрлэх нь бий. Амнаас нь гардаг хөөсөрхөг шүлс нь шавьж цэвэрлэх, бие биеэ олох, хоорондоо харилцахад тус болно. Мөн шавьжийг устгахын тулд эдгээр хөөсөө биедээ тараадаг. Зараа шөнө илүү идэвхитэй амьдарч ан хийдэг учир сайн хардаг ч өнгө ялгадаггүй, зөвхөн хар цагааныг харах чадвартай. Бас түүний богинохон жижиг хөл маш сайн хөгжсөн ба үдшийн бүрийгээр анд мордохдоо хөлийнхөө улаар зөөлөн зөөлөн гишгэж газар унасан навчисыг ч шаржигнуулахгүй явж чаддаг ажээ. Эмэгчин зараа орооны үед төрөл бүрийн даавар ялгаруулдаг ба үүнийг эрэгчингүүд анддаггүй байна. Зараа ороо нь орох үедээ яг л муур шиг гийнадаг, харин нөхцөл байдал өнгөрвөл гиншдэг.  Харин намрын сэрүүн орох үед тургиж бувтнах бөгөөд, бөөдийнүүдээ дагуулж явахдаа чар чар хэмээн дуугардаг гэнэ. Зараа өвлийн хүйтнийг ичиж өнгөрөөх бөгөөд газар унасан жимсэн дээгүүр өнхөрч өргөсөндөө хатгаад үүрэндээ аваачиж нөөцөлдөг байна.


Монголчууд эртнээс нааш зарааны өргөсийг хэл ам зайлуулдаг хэмээн итгэж домын аргад хэрэглэсээр иржээ. Харин мах, цус, арьс, элэг, цөс тэр ч битгий хэл ялгадасыг нь хүртэл тусгай жорын дагуу ардын уламжлалт эмэнд хэрэглэдэг.

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном