Балт зөгийний нийлмэл бүлтгэр нүд ойролцоогоор 4 мянган гаруй эгэл нүднээс бүрддэг атлаа байгалийн юмс үзэгдлийг тэр бүр ялган харж чаддаггүй байна. Балт зөгий нь бусдын сайн сайхны төлөө өглөө үдэшгүй ниссээр эцэст хөгширч насыг бардаг ажээ. Тэд насаллаа гэхэд хоёр сар л болдог байна. Хатан зөгийний хувьд 1080 хоног буюу 3 жил амьдарч чадна. Хатан зөгий том биетэй бөгөөд түүний үүрэг нь өндөг төрүүлэх ажил юм. Эр зөгийний хувьд тэд үр удмаа үлдээгээд хорвоогоос халих учиртай ажээ.
Зөгийн үүрийг сархинаг гэдэг бөгөөд өөрсдийн онцлогт тохирсон үүрүүдийг барьдаг. Зөгийн балыг цэцгийн шүүснээс гаргаж авдаг. Ажилчин зөгий олж авсан цэцгийн шүүсээ сархинагтаа хийж дээр нь далавчаа дэвэн салхи үүсгэж байж бал болгон бэлддэг. Гэхдээ энэ үйл явц их удаан үргэлжилдэг ажээ. Ажилчин зөгийний ходоодонд нөгөөх цэцгийн шүүс байгаа бөгөөд түүнийг тодорхой хугацаагаар зөвхөн ходоодондоо хадгална. Тэгээд нэг л өдөр амаа ангайлган дээд доод эрүүгээ хөдөлгөн амнаасаа ганцхан дусал шүүс гаргах гэснээ буцаагаад залгичихна. Энэ мэтээр 240 удаа шүүсээ гаргаж буцаасны эцэст сая нэг үүрэндээ хийнэ. Тэр хийсэн шүүсийг нь өөр үүрэг бүхий зөгийнүүд бал болгодог бөгөөд тэд хагас боловсорсон балыг нэг нүхнээс нөгөө нүх рүү өтгөрч зууралдсан зүйл болтол нь зөөвөрлөнө. Мөн энэ хугацаанд ажилчин зөгийнүүд нөгөө зөөж хийсэн шүүснийхээ илүүдэл чийгийг зайлуулахын тулд далавчаа минутанд 26400 удаа дэвэх хэрэгтэй ажээ. Зөгийн бал мууддаггүй учир нь зөгийн ходоодонд байх онцгой булчирхайнуудын ач гавъяа ажээ.
Нэг зөгий бал цуглуулахаар явахдаа дээд тал нь 8 км нисдэг. Харин 450гр
бүхий нэг шил бал гаргахын тулд хоёр сая цэцгэн дээр очдог ба 88.5 мянган км
зам туулдаг байна. Энэ нь дэлхийг 3 тойрсонтой тэнцэх хэмжээний урт зам юм.
Ганцхан халбага зөгийн балны төлөө 8 зөгий бүхэл амьдралынхаа туршид зүтгэдэг
ажээ. Английн Royal Holloway коллежийн
эрдэмтэд 2010 оны үед зөгийн дээр хийсэн урт хугацааны судалгааныхаа дүнг
мэдээлэхдээ “зөгийний тархи компъютор шиг хурдан ажилладаг” хэмээн
тодорхойлсон. Зөгий цэцэгнээс шүүс цуглуулах явцдаа хамгийн богино замыг
сонгодог, хамгийн бага хүч зарцуулдаг чадвартай болохыг нарийвчлан тогтоожээ.
Монголын зөгийн балны 90% нь онгон байгалийн зэрлэг цэцэгсийн бал, харин
10% нь таримал ургамал, рабс, гурвалжин будааных байдаг. Ургамалжилт далайн
төвшнөөс дээшлэх тусам антиоксидант чанар дээшилдэг. Антиоксидант гэдэг нь
эсийн амьд шинжээ хадгалах өвөрмөц биологийн тогтолцоо юм. Антиоксидант нь
эсийн мембраныг гэмтэхээс хамгаалдаг, эсийн хуваагдлыг хянадаг, хөгшрөлтийг
удаашруулдаг, хорт хавдраас сэргийлдэг, дархлааг дэмждэг, үрэвслийг бууруулдаг,
судас хатуурахаас сэргийлдэг, хорт нэгдлийг саармагжуулдаг, хоргүйжүүлэх
процессыг дэмждэг гэх мэт олон талын ач холбогдолтой. Зөгийн балыг хэрэглэхдээ анхаарах зүйл:
- Балыг 40 хэмээс илүү халааснаар үнэт чанараа алддаг тул буцалсан халуун
усанд хийж ууж болохгүй.
- Хүйтэн, хүйтэн бүлээн ус, сүүнд найруулж уухад тохиромжтой.
- Хөргөгчинд хийхгүйгээр тасалгааны ердийн температурт хуурай газарт нарны
гэрлээс хол хадгалах.
- Төмөр, хуванцар саванд хадгалбал исэл явагдаж амин дэмийн чанар нь буурдаг
тул шилэн саванд хадгалах.
- Байнга таглаатай байлгах шаардлагатай.
- Найруулаад 30 минутын дотор уух хэрэгтэй бөгөөд түүнээс удаавал исэлт
явагдаж ямар ч хэрэггүй болдог.
- 24 сар хүртэлх нялх хүүхдэд хэрэглэх шаардлагагүй. Зөгийн баланд агуулагдах
ботулин хэмээх амин дэмийг нялх хүүхдийн ходоод задалж чаддаггүй байна.
Зөгийн үүрэнд нэг хатан зөгий, эрэгчин ба эмэгчин зөгий нийлсэн 20-60
мянган зөгий амьдардаг. Хатан зөгий 3-5 жилийн настай бол эмэгчин зөгий 6 сарын
настай. Хатан зөгий өдөрт 1000 – 2500 өндөг гаргадаг бөгөөд эрэгчингүүд үр
удмаа үлдээх үүрэгтэй. Харин эмэгчин зөгийнүүд үүрээ засна, цэцгийн бал,
тоосонцор түүж үүрэндээ авчирна. Цэцгийн шүүснээс гаргасан балаа өвөл иддэг бол
тоосонцортой балаараа авгалдайнуудаа тэжээдэг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.