Монгол оронд хамгийн түгээмэл тархсан нь Түвдийн, Гималайн, Монголын чоно гэх мэтээр нэрлэгддэг саарал чоно юм. Саарал чоно Чонын овгийнхон дотор хамгийн том биетэй нь. Чоно бол экосистемдээ хамгийн дээд түвшний махан идэштэн бөгөөд орчиндоо амархан дасамтгай байдаг. Ой мод, говь цөл, тал хээр, тундр, тайга, хотожсон бүсэд хүртэл тархсан байдаг. Дэлхий дээр зарим оронд хамгаалагдсан бол зарим оронд спорт агнуурын гол амьтан болсон байна. Монгол оронд малын гол дайсан гэдэг утгаар илүүтэй агнагддаг.
Социализмын үед зориуд чонын ав зохион байгуулж жилд 5 мянган тоо толгойгоор багасгадаг байжээ. Чоно өглөөний нарнаар гүйдэл байрлалаа сольж, ан ав хийн гүйж хэвтэн, босч тоглож заавал бараа өгдөг. Тийм учраас анчид шар гэгээтэй уралдан отох, амдах зэрэг аргаар чоныг авладаг байна. Ганцаараа үлдсэн чоно сүргийнхээ анхаарлыг татах гэж ульдаг бол сүргээрээ ульж байгаа нь өөр сүрэгтэй харилцаж буй хэрэг гэнэ. Харин зарим нь аюул ойрхон буйг сануулах гэж, эсвэл өөрөө аюулд өртсөнөө дуулгах гэж ульдаг. Чоно хүн рүү дайрах нь бараг байхгүй боловч тэжээвэр амьтад руу халдах нь элбэг. Чоно сүрэглэж буга, цаа буга, хандгай зэрэг том хөхтөн амьтадыг барих тохиолдол бий.
Нас бие гүйцсэн чоно нэг хооллохдоо 9 килограмм мах иддэг. Идэш ховор үед жижиг хөхтөн, загас, шувуу, гүрвэл, могой, жимс зэргээр хооллодог. Чоно 6-10-уул сүрэглэх бөгөөд дунджаар өдөрт 20 километр зам туулдаг. Дунджаар 6-8 жил амьдрах бөгөөд саарал чонын биеийн хэмжээ 91-160 сантиметр, сүүлнийх нь урт 33-51 сантиметр, жин нь 80 хүртэл килограмм байдаг. Азарган болоод өлөгчин чоно нь бусдаасаа илүү нөхөн үржих чадвартай байдаг. Сүрэг дэх нас бие гүйцсэн бүх гишүүн тэргүүлэгч хосынхоо бэлтрэгүүдийг асарч халамжлах үүрэгтэй.
Саарал чоныг сүүлийн үед олноор нь устгах болсноор байгалийн тэнцвэрт байдал алдагдаж мал амьтны гаралтай шүлхий өвчин зэрэг нь тархах аюулыг дагуулж байгаа ажээ. Чоно амьтны сэг зэмээр хооллон байгалийг цэвэрлэдэг. Чонын арьсыг өндөр үнээр худалдаалахын зэрэгцээ дотор эрхтнийг нь ардын уламжлалт анагаах ухаанд ашигладаг болсонтой холбоотойгоор ч тоо толгой нь эрс цөөрч байгаа.
Сүүлийн жилүүдэд хэдий хэр хэмжээний чоно жилд агнагдаж байгаа талаар нарийн судалгаа байхгүй байгаа бөгөөд 2004 онд 20-30 мянган чоно авласан гэсэн бүдүүн тоймын тоо баримт байдаг. Монголчууд чоныг хийморьтой амьтан хэмээн дээдэлж, чонотой санаандгүй тааралдах юмуу чоно авласан хүн тэр жилдээ хийморьтой сайхан явна хэмээн ярьдаг.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.