ТАВАН ХОШУУ МАЛ - ТЭМЭЭ

Дэлхийн тэмээний 90%-ийг наран тэмээ буюу нэг бөхт тэмээ эзэлдэг бол үлдсэн 10%-ийг хос бөхт тэмээ эзэлдэг. Хоёр бөхт тэмээ нь Монгол, Хятадын хойд говь, Халимаг, Киргызстан, Казахстан улсад бий. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс гэгдэх “хавтгай” юм. Хавтгай нь Монголын Алтайн цаадах говь цөлийн бүсэд амьдардаг.

Тэмээг хүмүүс гэршүүлээд 5000 жил болжээ. Адуу, тэмээ гэх амьтадыг гэршүүлснээр малчин овог аймгууд үүсэж бий болсон. Тэмээгүйгээр монголын говийн бүсийн нүүдлийн соёл иргэншлийг тодорхойлох боломжгүй. Говь цөлийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн тэмээ нь нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах үүрэгтэй хоёр бөхтэй, халуун элсэн хөрсөнд явах тавхайтай, говь цөлийн өргөслөг хатуу ургамлаар хооллох, олон хоногийн өл хоол дааж амьдрах чадвартай. 

Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг том, булчингийн хөгжил сайн байдаг. Тэмээ хэвтэхдээ залааны 2, өвдөгний 2, тойгны 2, өвчүүний 1 бүгд долоон сайран дээр тулдаг учир зун хэт халах, өвөл хэт хүйтэрдэг газрын гадаргаас өөрийнхөө биеийг хамгаалдаг зохицолгоотой. Тэмээний арьс нягт зузаан, атираагүй гөлгөр, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг. Тэмээний сэтэрхий уруул нь баруун зүүн тал руу тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамлаар хооллох зохилдолгоог бий болгожээ. Тэмээний арьс хатахдаа сунаж агшдаггүй учраас ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл тэмээний арьсаар бүрж, үдэж хийдэг байна. Тэмээний ноос нь сор үс, завсрын үс буюу ноолуураас тогтдог учраас дулаан чанартай байдаг ажээ. Ноосоор нь төрөл бүрийн утас, ноосон эдлэл, хөвөнгийн оронд дээлэнд тавьж ашиглаж иржээ.

Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг, үнэр сайн мэдэрдэг учраас ус худаг, айлын бууц зэргийг 30 орчим км зайнаас ч мэдэрч чаддаг байна. Ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтай учраас малчдад сайн хань түшиг болдог байна. Говь цөлийн өвс ургамал, ус эрдэс ихтэй байдаг учраас тэмээ тэдгээрээс давс хужрыг ихээр авдаг. Энэ нь биеийн дотоод даралтыг ихэсгэж ус нөөцлөх чадварыг нэмэгдүүлдэг байна.

Тэмээ усгүйгээр удаан байж өл даах чадвар нь бусад малаас хэд дахин илүү ажээ. Өл даах үед шээс нь өтгөрч 0.5л хүртэл буурдаг. Усаар дутагдах үед бөөрнийхөө сүвэнд хуримтлагдсан шээсийг эргүүлэн татаж гүзээндээ буцаадаг ба тэнд байх бичил биетнүүдтэй нэгтгэн уураг болгон хувиргадаг биологийн өвөрмөц онцлог чадвартай амьтан юм.  Ийнхүү илүүдэл бодисоо дахин ашиглаж усны хэрэгцээгээ хангадаг байна.

Тэмээний бас нэгэн чадвар нь агаарын хэм ихсэх үед хөлөрч усаа алдахгүйн тулд биеийн халууны хэмийг нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал ажээ. Бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Нэг ус уухдаа 80л хүртэл ууж гүзээндээ хадгалдаг ба олон хоногийн турш хадгалсан усаа бага багаар зарцуулж чаддаг байна. Биедээ их хэмжээний өөх хуримтлуулдаг ба хоёр бөхнөөс гадна дотор өөх нь 80-100кг хүрдэг. Энэ нь 900 гаруй мянган кило-калоритой тэнцэх илчлэгийн нөөц юм. 100гр өөх задлахад 107мл ус гаргадаг ба тэмээ усны дутагдлаа хангах бас нэг эх үүсвэр нь түүний өөх юм гэж судлаачид үзжээ. Туршилтаар тэмээг өвс, усгүй байлгахад 56-70 хүртэл хоног, өвс өгөөд услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ. Олон хоногийн өл хоол даадаг чадвартай тул урт удаан хугацааны аян жинд ашигладаг. Тэмээ ердийн нөхцөлд өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг. Жин үдийн халуун нар руу харж идээшилдэг нь нарыг биеийн багахан хэсэгт тусгах зорилготой аж.

Тэмээ 30-35 жил насалдаг, амгалан дөлгөөн зантай, уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог, дуу хуур уянгалаг аялгуунд уярамтгай байдаг.  Үнсэн дээр хөрвөөх дуртай, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай. Хэвтэхэд нь “сөөг сөөг”, ачаа ачаад босгохдоо “хөөг хөөг”, эргүүлж туух үедээ “хаа, хөж”, тэмээг хужирлахдаа “тоор тоор”, ингэ ботгондоо “хөөс хөөс” гэх мэтээр аажуу тайван дуу аялгуу гаргаж сургавал эзнийхээ үгэнд ёсайн ордог, буруу зан сурдаггүй байна.  Тэмээтэй аль болох аядуу зөөлөн харьцах тутам амархан ээнэгшиж дасдаг. Тэмээнийхээ зан араншингаар тэнгэрийн байдал, цаг агаарыг шинждэг. Залуу тэмээд, ботго тонгочиж тоглоод байвал тэнгэр мууддаг, тэмээ жалга ба нөмөр газар бараадаад салхины уруу харж байвал хүйтэрч цаг агаар муудна, ингэ ботгондоо хоргодоод буйлаад байвал цасан шуурга, устай бороо хур орно гэсэн дохио ажээ.

Тэмээг буйллаж, бурантгаар хөтлөх аргыг зөвхөн монголчууд хэрэглэдэг ба малчид тэмээгээ ботгон насанд нь барьж, бэлчээрт тавьж номхруулан 2-2.5 настайд нь уналганд сургадаг. Буйлыг модоор зорж хийдэг ба энэ нь жолоо болох ба тэмээг аль зүг рүү явахыг чиглүүлж өгдөг зүйл болно.  Буйллахын тулд ногтолж таваглан даруулаад буйлаар нь юм уу, оонын эврээр хийсэн соёо, эсвэл хоёр талдаа иртэй тусгай төмрөөр хамрыг нь цоолж, буйландаа товх хийж буруу талаас нь буйлаа хийж, зөв талд нь мөн товх хийгээд бурантаг уядаг.  Тэмээг 2-3 настайд нь унаж сургадаг бол 4-5 насанд нь ачилга, хөллөгөөнд сургадаг. Тэмээ нуруундаа 200-240 кг ачаа даадаг бол тэргэнд хөллөсөн үед 400-500кг ачаа тээж чаддаг. Аян жинд явахдаа тэмээний хамрыг гэмтээхгүйн тулд бурантгийг нь урд тэмээний татлаганд өвс шүүрч байхаар зайтай хавчуулж хэлхдэг учир тэмээн ачаа тасарч хоцрохоос сэргийлж сүүлчийн тэмээний хүзүүнд хонх зүүдэг. Аян жинд явах тэмээг 10-15 хоног хоолыг нь сойдог ба ингэснээр бие нь хагсарч өлчиржин, ул таваг нь бөхөждөг онцлогтой. Жингийн тэмээ цагт 3.5 – 4.5км, хоногт 30-40км зам туулдаг ба алсын аянд 3 өдөр явуулж нэг өдөр амраадаг. Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу тэмээгээр жин тээх үед 740км газрыг 20 хоногт туулдаг байжээ.

Тэмээний махыг говийнхон хүнсэнд хэрэглэдэг ба борц хийх аргаар хадгалдаг. Тэмээний махны 1кг борцны илчит чанар 1326.3 ккал байдаг.  Ингийг зун намарт өдөрт 2 удаа, өвөл хаварт өдөрт 1 удаа сааж, өтгөн амт чанар сайтай, эмчилгээний ач холбогдолтой, удаан хадгалах чадвартай сүү авч ашигладаг. Ингэний сүү цусны судас хатуурахаас сэргийлж, нарны болон бусад хортой цацраг идэвхт бодисын нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй хүнсний үнэт бүтээгдэхүүн болдог. Ингэний сүүгээр айраг исгэж, тосыг нь ялган авна, сүүгээр нь өрөм загсааж хурааж шар цагаан тос хийнэ. Айраг ундааг буцалгаж өтгөрүүлэн шүүж аарц хурууд хийнэ. Ингэний сүү цай сүлэхэд маш бага ордог өвөрмөц онцлогтой.

Галбын улаан тэмээ: Өмнөговь аймгийн Ханбогд суманд өсгөдөг тэмээний 70-аас дээш хувь нь улаан, улаан хүрэн зүстэй, харьцангуй бие томтой, жин өндөртэй. Буурны амьдын жин 630 (600-700)кг, ингэ 560 (500-600)кг байдаг. Саалийн хугацаа дунджаар 15-16 сар үргэлжилж 300л сүү саах боломжтой. 

Галбын улаан тэмээ нь нас, хүйсний байдлаас хамаарч 2.8-10.4кг ноос өгдөг бөгөөд энэ нь улсын дунджаас 0.2-0.3кг илүү байдаг. Эр эм ноосны харьцаа монгол үүлдрийн дундажтай ойролцоо, дунджаар эр ноос 25%, эм ноос 75% эзэлнэ. Эр ноосны дотор зогдор 35%, өгдөг 50%, шил бөх 15% эзэлнэ. Нас бие гүйцсэн тэмээний их биеийн ноосны урт 10-12см, ноолуурын урт 5-8см байна. 7-8кг ноостой ингэ, 10-12кг ноостой буур олон байдаг. 

Галбын говийн улаан тэмээний ноос нь бусад тэмээний ноосноос ноолуурлаг чанараараа илүү байдаг. Нас бие гүйцсэн бүдүүн тэмээнээс 6-7кг, дундаж биетэй тэмээнээс 5кг ноос гардаг нь бусад тэмээний ноосны гаралтаас өндөр үзүүлэлт ажээ. Байгалийн өнгөтэй Галбын говийн улаан тэмээний ноосыг дэлхийн төвшинд өрсөлдөх монгол брэнд болгож, тэмээгээ өсгөж үржүүлэх тал дээр нутгийн тэмээчид анхаарч байна.

Ханын хэцийн хүрэн тэмээ: Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд үржүүлэгддэг тэмээ нь хүрэн сор үс ихтэй, хүрэн хар зүстэй байдаг. Ноосны гарц нь нас, хүйсний байдлаас хамаарна. Үржлийн сайн буур 10.3 кг, ингэ 5.6 кг, нэг наст тэмээ 2.9- 3.2кг, хоёр наст 4.3-4.5кг, гурван наст 4.8-5.7кг, дөрвөн наст 5.2-7.0кг ноос өгдөг. Ноосонд нь ноолуур 28.7 хувийг эзэлнэ.

Амьдын жин, биеийн хэмжээгээр Галбын говийн тэмээнээс дутуугүй, буурны амьдын жин 610 (580-670) кг, ингэ 550 (510-600) кг байдаг. Саалийн хугацаа дунджаар 16-17 сар үргэлжилж 320л сүү саах боломжтой. Ханын хэцийн хүрэн омгийн тэмээг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь алтай зэрэг аймгийн говь, цөл, цөлөрхөг хээр, хээрийн бүсэд сайжруулагчаар ашиглана.

Тэмээн поло: “Монголын тэмээн поло спорт уралдаан, аяллын холбоо” анх 2002 онд байгуулагдсанаас хойш “Монголын тэмээн поло” тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж иржээ. Сүүлийн жилүүдэд олон улсын CNN, CCTV, NHK мэдээллийн хэрэгслүүд сурвалжилдаг болсон ба эдүгээ хүртэл нийт 30 гаруй тэмцээнийг зохион байгуулж, тэмээчдийн тэмээгээ өсгөх сонирхлыг нэмэгдүүлж, тэмээний уяач нарыг төрүүлж, тэмээн аяллын маршрутыг бий болгож амжилттай ажилласаар иржээ. Тэмээн поло спортыг өвлийн бренд арга хэмжээ болгох бүрэн боломжтой ажээ. Монголчуудын зааж өгснөөр өвөрмонголчууд тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээн зэргийг зохион байгуулдаг болжээ. Дэлхийн поло спортын мэргэжилтнүүд монголын хоёр бөхт тэмээг гайхан үнэлдэг. Заан шиг том биетэй хэрнээ морь шиг хурдан хөдөлгөөнтэй, тэмцээнд сургахад хүндрэлгүй амархан сурах чадвартай, тэмээчид нь тэмээтэйгээ маш сайн ойлголцож харилцаж чаддаг нь гайхалтай санагддаг аж.

2008 онд “Тэмээн поло” Өмнөөговь аймгийн Ханбогд сумаас гараагаа эхлүүлж, 3 аймгийн 12 сумын нутгаар дамжин аймаг, сум бүрт тэмээн поло зохион байгуулж сурталчлан таниулжээ. Нийт 1000 км аялсны эцэст Хархорин суманд хүрч хаалтаа хийсэн ба дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, хамгаалах сонирхлыг нэмэгдүүлсэн үр дүнтэй чухал ажил болсон. Тэмээн поло – 2013 тэмцээнийг Цонжинболдогт зохион байгуулсан нь Монголд өвлийн спорт аялал хөгжих боломжтойг харуулжээ. Тэмээний уралдаанаар улс аймгийн алдарт уяачид төрж, Тэмээн поло спортын мастер цолтой 80 гаруй тамирчин тодрон гарсан байна. Тоо толгой нь буурч байсан тэмээ өсөж 400 мянга болоод байна. Дэлхий дээр нэг бөхт тэмээ 20 сая орчим байдаг бол хоёр бөхт тэмээ нэг саяд хүрэхгүй хэмжээтэй байдаг. Ингэний сүүгээр сахарын өвчин болон хавдрыг эмчилж болохыг тогтоож, ноос ноолуурын үнэ ханш нь өсөж, тэмээ өсгөх менежмент хөгжиж байна. Тэмээн поло зохион байгуулах зориулалтын том талбай байгуулж Кувейт, Арабын Эмират зэрэг улстай хамтран ажиллах, тойргийн уралдаан зохион байгуулах боломж байна.


Тэмээний ноосны ашиглалт: Монголын ямааны ноолуураар хийсэн бүтээлгээр дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлын өрөөнүүдийг гоёж, дэлхийн хамгийн үнэтэй орыг хийхэд монгол ямааны ноолуур ашиглагдаж байна. Хонины ноос, нэхий, эсгий эдлэлийг хөдөө аж ахуйн үнэт түүхий эд буюу монгол брэнд гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрчээ. Сүүлийн үед “Эдийн засгийн чуулган”-аар төр засгийн төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид чуулж, дэлхийн төвшинд өрсөлдөх монгол брэндээр зөөлөн, дулаахан чанараараа дэлхийд үнэлэгдсэн ноос ноолууран бүтээгдэхүүнийг сонгож, зөвхөн Монголд байх Галбын говийн улаан тэмээний ноосыг брэнд болгон дэлхийн зах зээлд гаргах ажлыг эхлүүлсэн.

Монголын хамгийн олон тэмээтэй Өмнөговь аймагт Галбын говийн улаан тэмээ нь зөвхөн Баян-Овоо, Ханбогд, Манлай суманд байдаг. Тус бүс нутгийн тэмээний ноосон дээр судалгаа хийсний үндсэн дээр тэмээний ноосны гурван төрлийн зах зээл байгааг тодорхойлжээ. Нэгдүгээрт, монгол тэмээний болон Галбын говийн улаан тэмээний ноосоор хийсэн бараа бүтээгдэхүүн борлуулалтын өндөр үзүүлэлттэй байх боломжтой гэж үзсэн. Хоёрдугаарт, тэмээний ноосон даавуугаар тусгай зориулалтын ажлын хувцас хийхэд нэн тохиромжтой гэсэн судалгааны дүн гарчээ. Уул уурхай, барилга, гагнуур, гал хамгаалагч, онцгой байдлын албаныхны ажлын хувцас, хэрэглэлийг дулаахан, зөөлхөн, галд тэсвэртэй тэмээний ноосон даавуугаар хийх нь хамгийн тохиромжтой гэдгийг үйлдвэрлэгчид хэлж буй. Говийн малчид тэмээний ноосоо шархан дээрээ тавьж боодог. Хужирлаг ургамал ихээр иддэг тэмээний ноос нь анагаах чанартай байдаг аж. Тиймээс ч тэмээний ноосон даавуугаар тусгай зориулалтын ажлын хувцас хийх нь хамгийн тохиромжтой гэдэгт малчид болон үйлдвэрлэгчид санал нэгддэг. Уул уурхай, барилга зэрэг салбаруудад ажиллагсдын хувцсыг монгол тэмээний ноосон даавуугаар үйлдвэрлэх нь энэ төрлийн брэндийг бий болгоход гол түлхэц өгөх аж. Гуравдугаарт, дотоодын тэмээний ноосон утас, даавууны зах зээлийг чөлөөлөх явдал юм. “Монгол тэмээний ноос” гэх шошготой хятадад үйлдвэрлэсэн хуурамч бараа бүтээгдэхүүн зах зээлд тодорхой байр суурь эзэлчихсэн учраас үндэсний үйлдвэрлэгчид, төр засаг, сонирхлын бүлгүүд хамтарч нэгдэн ажиллавал жинхэнэ брэнд бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ гэж үзжээ. Одоогийн байдлаар малчдын бэлдэж байгаа түүхий эдийн 20-30 хувийг үндэсний үйлдвэрүүд авч, үлдсэн 70-80 хувь нь ямар ч боловсруулалтгүйгээр хятад руу гардаг. Энэ нь эргээд Монголын зах зээл дээр жинхэнэ монгол брэндийн борлуулалт, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа ажээ. Жинхэнэ тэмээний ноосон брэндийг бий болгоё гэвэл эхлээд монгол тэмээний ноос гэх нэрийн дор чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа импортын бүтээгдэхүүнтэй тэмцэж төр засгийн оролцоотойгоор импортыг хязгаарлах, гаалийн татварыг нэмэгдүүлэх зэргээр дотоодын зах зээлээ хамгаалах хэрэгтэй болоод байгаа аж.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0