ДАМНУУРГА ЦЭНХЭР СОНО (AESHNA JUNCEA MONGOLICA BARTENEF, 1911)

Баг. Сонотон - Odonata

Овог. Дамнуурчныхан – Aeshnidae
Статус: Ховор зүйл.

Таних шинж: Нүд хүрэн, бор эсвэл хөх өнгөтэй, нүд дээд хэсэгтээ нилээд өргөн хэсгээр хоорондоо нийлсэн. Хөл хар, зарим тохиолдолд урд хөлний доод тал шар өнгөтэй. Цээжний өмнөд хэсгээс далавчны суурь хүртэл үргэлжлэх хоёр шар судал эрэгчинд тод ялгарах бөгөөд эмэгчинд сул илэрнэ. Далавч их биед суумал байрлалтай, гадаргуу хээгүй, тунгалаг. Далавчны дээд хүрээ хэсэгт байрлах толбо эрэгчинд хар хүрэн өнгөтэй, эмэгчинд улаавтар бор. Хэвэл суурь хэсэгтээ өргөн, цаашид нарийсч шулуун үргэлжлэх бөгөөд улаан хүрэн, элгэн хүрэн өнгөтэй байх нь түгээмэл. Хэвэл судалжилт эрэгчинд шар болон хөх өнгөтэй, эмэгчинд шар, бор өнгөөр хосолсон. Хэвэл хоёрдахь үе дээр шар гурвалжин байхгүй, хэвэл үед нуруун талдаа төвийн хэсгээрээ судалтай. Хэвэл нь ес болон арав дахь үе судалгүй, харин хоёул хойд хэсгээрээ хос бүслүүр үүсгэсэн толботой. Хэвэл 50-53 мм, хойт далавч 41-45 мм урт. Биеийн урт дунджаар 74 мм хүрнэ.

Тархац, байршил нутаг: Монголд: Хар ус, Төвийн Сөгнөгөр, Баянгол сумдын зарим нутаг, Үүрэг нуур, Хөвсгөлийн Ханх сум, Далбаа гол, Сэлэнгийн Зэлтэр, Улаанбаатар хотын Туул, Сэлбэ голын хөндийд, Хэнтийн Норовлин, Дадал сумын Онон, Балж голын хөндийд тус тус тохиолдоно. Цөөрөм, тогтоол ус, булаг орчмын намгархаг газарт тохиолдоно.

Амьдралын онцлог: Авгалдай VI сарын дунд үеэс эхлэн улалж, зэгс зэрэг усны ургамал дамжин хуурай газарт ил гарч бие гүйцэнэ. Бие гүйцсэн соно үржилд орж VII сарын сүүлчийн арав хоногийн эхээр уснаас цухайх ургамал дээр сууж бэхлэгдэн усны ургамлын иш, навчин дээр өндөгөө шахна. Авгалдай тогтмол усанд, голын хөндийн татмын усан санд тохиолдоно. Тухайн тархац нутгийн цаг агаарын байдал, идэш тэжээлийн хүрэлцээ сонын хөгжилд ихээхэн нөлөөтэй. VI-IX сард идэвхтэй ниснэ. Соно идээшиж буй экосистемдээ идэш тэжээлийн хэлхээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сонын авгалдай голчлон усны хөвөгч амьтдаар, мөн хоёр нутагтны авгалдай, жараахайг барьж иддэг ба бие гүйцсэн үедээ ялаа, шумуул, дэлэнч, хөх түрүү, өдөрч, хаварч, хоовгон зэрэг шавжаар хооллоно. Харин тэд өөрсдөө аалз, эрлэг ялаа, сарьсан далавчтан, шувуудын идэш тэжээл болдог.

Too толгой, хомсдох шалтгаан: Гол, горхи ширгэх, намаг хатах зэргээс шалтгаалан тоо толгой цөөрсөн.

Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийн зарим хэсэг тусгай хамгаалалттай газарт хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац нутгийн доройтлыг хязгаарлан зогсоох, тоо толгойн бууралтын шалтгааныг нарийвчлан тогтоох, гол, горхи ширгэх, намаг хатахаас сэргийлэн хамгаалах.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Aeshna juncea mongolica, Bartenef, 1911
Odonata- Dragonflies
Aeshnidae – Aeshna

Staus: Rare.

Distribution and Range: In Mongolia: Khar Us and Uureg Lakes; Onon Balj In Khentii, Dalbaa and Zelter rivers Khuvsgul and Selenge aimags, Tuul and Selbe rivers in Ulaanbaatar. Habitat: Marshy places associated with ponds and streams. Population and Threats: Population decline due to dry out of open water streams, drainage of marsh and ponds and other human impacts. Conservation Measures: Included as Rare in the Mongolian Red Book. It is also listed as Rare Insect in the Mongolian Governmental Act No.7 in 2012. Some of distribution range is included in the National Specially Protected Area {NSPAN]. Further Action: Indicate the reasons of the population decline, limit and stop the habitat degradation, prevent dry out of streams and ponds and drainage of marsh sites.

Эх зохиол, мэдээ: 1. Белышев 1973, 2. Белышев, Дашдорж 1958, 3. Гантигмаа нар 2012, 4. Benedek 1968, 5. Крылова 1974.   Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0