Цыгануудыг тойрсон үлгэр домог их. Дэлхий дээр тархсан бүх цыгануудыг нэг гаралтай гэж үзэж болох уу? Хэнийг цыган гэж хэлэх үү? зэргээр олон асуудал тодорхой бус. Учир нь Зүүн Европын цыганууд өөрсдийгөө “ромА” (өргөлтийг А дээр авах), балканыхан “египт, ашкали”, ойрхи дорныдынхон “дом”, кавказчууд “боша”, дундад азийнхан “мугат”, хятадууд “эйну” гэх зэргээр нэрлэдэг. Тэд нэг нь нөгөөгөө “манайхан”, “ахан дүүс” гэж бодох нь юу л бол. Цыганууд гэж хэн юм бэ, тэд хаанаас ирсэн юм бэ? гэх асуулт өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв юм.
ГАРАЛ ҮҮСЭЛ ТОЙРСОН ДОМОГ
Анх цыганууд Цынь болон Ган гэх хоёр голын дэргэд Египтэд амьдардаг байсан. Египтын хаан ширээнд ширүүн догшин хаан заларч, тэдний боол болгох гэсэнд тэд эсэргүүцэн нутгаа орхин, дэлхийд тархсан гэх. Үүнтэй төстэй бас нэг хувилбар нь тэдний Ганг гол дээр байрлах Цы гэх арлаас ирсэн гэх яриа бий. Энэ мэт яриа нь нүүж очсон газрын нутгийн соёл, библийн сургааль, түүхтэй сүлэлдэн нэлээд гаждаг бололтой байгаа юм.
Балканы хойг дээрх Грекэд илбэ шид, циркийн үзүүлбэр үзүүлдэг Египтээс гаралтай хүмүүс ирсэн бөгөөд арабуудад эзлэгдсэн Египтээс дүрвэсэн тухай өгүүлдэг. Англи хэлэнд Egypt [i:jipt] -ээс гуйвуулан Жипси, испани хэлэнд Житано гэж дууддаг нь энэ домогтой холбоотой байх.
ЦЫГАНУУДЫН ТАЛААР ЭХ СУРВАЛЖИД
Сонирхолтой нь, цыгануудын талаар хамгийн анх Балканы хойгийн сурвалж бичгүүдэд бичсэн байдаг. 1068 онд грекийн Афон хотын Георгий ламтны бичээст Византийн эзэн хаан Константин Мономах насан эцэслэхээсээ өмнө энэтхэг гэх хүмүүсээс цэцэрлэгийг нь элдэв зэрлэг амьтнаас салгаж өгөхийг хүсч хандаж байсан тухай өгүүлсэн байдаг.
12-р зуунд Константинополийн гудамжинд цыганууд сургуультай баавгайгаар үзүүлбэр үзүүлж, мэргэч төлөгч нар ирээдүйг хэлж, элдэв сахиус борлуулах болсонд үнэн алдартан шашны лам нар ихэд дургүйцэн хүлээн авч байжээ. 1322 онд Ирландын Саймон Фиц-Симонс даянч цыгануудтай Крит арал дээр таарсан тухай, 1416 Германд, 1419 Францад, 1501 онд Литвийн Их Хаант Улсад үзэгдэх болсон талаар бичигдэж үлджээ.
ЦЫГАНУУДЫГ НАЙРСАГ ХҮЛЭЭЖ АВАВ
Дундад зуунд феодал ноёд хямд ажиллах хүчин гэж үзэн, цагаачдыг дуртайяа хүлээн авдаг байв. 1417 онд Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаан Сигизмунд Люксембург цыгануудын амь бие, эд хөрөнгийг хамгаалсан батламж бичиг хүртэл өгч байжээ.
Францын хаан 1-р Франциск (1494-1547) цыгануудад бүх талаар дэмжлэг, тэр дундаа, нүүдэлд нь саад болохгүй, хоног төөрүүлэх байраар хангаж өгч байхыг тушааж байлаа. Цыгануудын ахлагч нарт цыган хүмээсээ удирдах залах, шүүн таслах бүх эрхийг өгч байв.
Английн хаан Генрих VI (1421-1471) цыгануудыг шүүх болбол, шүүгчдийн тал нь цыган, тал нь англи хүн байх шүүх бүрэлдэхүүнээр шүүлгэх захирамж гаргаж байжээ.Энэ мэт эхэндээ их аятайхан байлаа. Английн нутгийн тэнүүлчид, гар урлаач, тинкер гэх жүжигчидтэй алгуурхан холилдож "тревелерз" буюу аялагчид гэж дуудагдах болсон.
ЦЫГАНУУДЫГ ХӨӨЖ ТУУХ БОЛОВ
Гэвч нэг газраа удаан тогтдоггүй тэд тэнүүлчдыг санагдуулах болж, урам нь хугарсан европын ноёд цыгануудыг хөөж туух, эс зөвшөөрснийг цаазаар авах зэргээр хатуу журам тогтоож эхэлсэн.
Тухайлбал, Шведэд 1637 оны хуулиар эрэгтэй цыгануудыг дүүжпэн хороохыг заажээ. Майнцад 1714 онд Улсын хил хязгаар дотор баривчлагдсан цыгануудад цаазаар авах ял оноож байжээ Харин эмэгтэйчүүд, хүүхдийг хайлсан төмрөөр хайрч, зодож занчих журамтай байв.
Англид 1554 оны хуулиар бол бүх эрчүүдийг цаазлах бөгөөд тэдэнтэй нөхөрлөхийг завдсан хүн бүрийг цаазлан хороох заалт гарч байжээ.
Түүхч Скотт- Мэкфи XҮ-XҮIII зуунд Герман улсад цыгануудын эсрэг 148 хуулийн заалтыг баталж байжээ. Хамгийн харгис нь Пруссын Фридрих-Вильгельм 1725 онд 18 наснаас дээшхи эр, эм бүх цыганд үхэх ял оноож байсан гэдэг.
Гэхдээ хөөгдөж туугдаад явлаа ч, удалгүй эргээд ирдэг байв. Өөр хаачих ч билээ. Эх орон нь хаа болохыг мэдэхгүй, санахгүй байгаа хүмүүс. Балканы хойг тэдний эх нутаг нь биш юм бол тэд хаанаас гараад ирэв?
ЭНЭТХЭГ ЭХ НУТАГ НЬ
1763 онд трансильваны пастор Иштван Вал цыгануудын хэлийг судлаж үзээд, индоари хэлний бүлэгт багтдаг болохыг тогтоожээ.
Тэр цагаас хойш хэл шинжээчид үүнийг баталсан олон нотолгоо олсон. Хожим 2004 – 2012 онд гентетикчид 1500 жилийн тэртээ буюу 32 – 40 үе дээш Энэтхэгийн баруун хойд нутаг орчин цагийн Кашмир, Ражастан, Гуджарат мужуудад үүссэн. Үнэхээр ч энэ мужуудад цыгануудын ДНК-тай хамгийн ойр мегхавал, пандит зэрэг бусадтай харьцдаггүй тусгаарлагдсан овог аймгууд амьдран суудаг.
Цыганууд энэтхэг гаралтай болохыг хөдөлгөөнгүй баталсан болохоор 2016 онд Энэтхэгийн гадаад хэргийн сайд цыгануудыг гадаад дахь энэтхэгчүүдийн нийгэмлэгийн нэг гэж зарласан. Гэхдээ хэл шинжээч, генетикч нар чухам аль овог аймагт хамаарч байгааг нарийн тодорхойлж чадаагүй. Учир нь энэтхэгийн хойд хэсэг маш олон тооны овог аймгуудаас бүрддэг. Дээр нь баруун тийш нүүх үед, ойрын төрөл садан, үр хүүхдээс нь тэнд үлдээгүй байх бололцоотой байгаа юм.
Энэтхэгт одоо хэрнээ цыганууд байдаг, европоор тарж суурьшсан цыгануудтай тэд холбоогүй юу гэх хүмүүс таардаг. Энэтхэгийн умардад «банжара», «гармати», «ламбани» зэрэг овог аймгууд байдаг бөгөөд тэд асар майхан босгон, хэрэн хэсүүчилж, гуйлга гуйн, наймаа эрхлэн нүүдэллэн амьдардаг. Энэтхэгүүд энэ хүмүүстээ европчууд цыгануудтай харьцдаг шиг тйим ч сайн ханддаггүй .
Банжара-гармати нар 17-р зуунаас нүүдлийн амьдралтай болсон, европын цыгануудтай энэтхэгийн хойд хэсгийн овог аймгуудын нэг адил холын хамаатан нь юм.
БАРУУН ЗҮГ НҮҮСЭН НЬ - Перс, Араб
2004 онд Британийн түүхч Дональд Кендрик «Ганга мөрнөөс Темза хүртэлх цыганууд» ном хэвлүүлсэн. Уг номонд Европын цыгануудын гарал үүслийг мөшгиж, барилт нотолгоог хавсаргасан байгаа юм.
Энэтхэгүүд 1500 жилийн тэртээ баруун зүг хөрш Персийн хаант улс руу нүүсэн байгаа юм. Персийн “Шахнаме” найраглалд энэ тухай шүлэглэн бичсэн нь нотолгоо болж байгаа юм. Зохиолд өгүүлж байгаагаар, 5-р зуунд хаанчилж байсан шах Брахрам Гур энэтхэгийн нэгэн хаанд хандан, хөгжимчид илгээж өгөхийг хүсчээ. Шах нутагт орондоо суурьшуулан, залуу халааг бэлтгүүлж авахыг хүсээд, хөгжимчин бүрт үхэр, илжиг өгсөн байгаа юм. Ер нь перс руу хөлсний цэрэг, гар урлаач нар явдаг байсан. Цыгануудын сүлд бэлэг тэмдэг битүү тэрэгтэй тэд чухамдаа Иранд танилцан, ашиглах болсон гэж үздэг.
Ингээд 651 онд Перс арабуудад эзлэгдсэн. Арабууд цагаачилж ирсэн энэтхэгүүдийг «зотты» гэдэг байжээ. Энэтхэгийн баруун хойд хэсэгт одоог хүртэл амьдарч байгаа жата нар байж болзошгүй байгаа юм. Ингээд өнөөх Зотто нар Тигр, Ефрат мөрний адагт улсархуу зүйлийг байгуулж, дамжин өнгөрөх худалдаачдаас татвар авч, дураар аашлах болсонд халиф Аль-Мутасима хилэгнэн, 834 онд нам даржээ. Олзлогсодын талыг Византитай хиллэх Антиохид нүүлгэн шилжүүлж, малчин болгожээ.
БАРУУН ЗҮГ НҮҮСЭН НЬ – Византи, Балканы хойг
969 онд Византийн эзэн хаан Никифор Антиохийг эзлэн авснаар цыгануудын өвөг дээдэс Византийн эзэнт гүрний мэдэлд шилжсэн. Мөн хэсэг хугацаанд Анатолийд амьдрах болсон. Тэр үед Анатолийн зүүн хэсэгт Армянууд голлон амьдарч байжээ. Хэл шинжээчид цыган хэлэнд армян гаралтай олон үг байдгийг тогтоосон нь ийм учиртай байх.
Дараа нь Анатолигоос Константинопль, Балканы хойг, цаашлаад Европын бусад орнууд руу нүүн, тархан суурьших болов. Европт тархсан цыганууд өөрсдийгөө “ромА” гэдэг. Харин Анатолийдоо үлдсэн хэсэг хожим османы туркуудад булаан эзлэгдэх хүртэл, Ойрхи Дорнод, Өмнөд Кавказ, Иран, Египтэд хэдийн тархаад амжсан. Лалын орнуудад тархсан цыганууд өөрсдийгөө “дом” гэдэг. Исламын шашин шүтэвч, араб, турк, персүүдтэй холилдолгүй амьдардаг. Израильд удирдлагуудтай хамтран ажиллаж, армид алба хашдаг. Египтэд домаричууд том хотын ойролцоо амьдардаг.
Цыгануудын баруун зүгт хийсэн нүүдэл V – XV зуун
Армянд«лом», «боша» гэж нэрлэгдэх болсон цыганууд христийн шашинтай бөгөөд армянуудаасаа айхтар ялгараад байдаггүй. Дундад азид тархсан дом нар таджик хэлээр ярих болж, “мугат”, “люли” гэгдэх болсон. Хятадын баруун зүгт Тянь-Шань уулсын өмнөд хэсэгт, Такла-Макан цөлийн баярбүрдэд “эйну” гэх цыганууд бий. Эйну нар индоари, таджик үгийг түрэг хэлний хэл зүйн дүрэмд захируулан ярьдаг. Эйну нар хулгай зэлгий хийж, гуйлга гуйн, наймаа эрхэлж, хар тамхи зардаггүй, эгэл тариачид, гар урлаач нар байдаг. Гэлээ ч хятад, уйгарууд тэдэнд дургүй байх хандлагатай. Эйну нар өөрсдийгөө Хятадад Иранаас ирсэн гэдэг. Тэгэхээр тэд “зотто”, “дом” нарын үр хойчис байж таарч байгаа юм.
“Ром”, “Дом” нь дуудлагаараа жаахан ялгаравч, нэг гаралтай үгс. Ромын эзэнт гүрний зүүн нийслэлчүүд өөрсдийгөө Ромчууд гэдэг байсан, үүнээс цыганууд ромА болсон байх гэж ташаа тайлбарлах нь бий. Угтаа ром, дом нь пенжаб хэлний “дами” буюу хүн, эр хүн гэх үгнээс гаралтай.
ХОЁРДАХЬ ДАВАЛГАА
Ингээд 14-р зуунд Европын орнуудад тархсан. Балканы хойг түркуудэд эзлэгдсэн нь үүнд нөлөөлсөн байх. Гэхдээ энэ үед шилжин суурьшагчдын тоо их байгаагүй. Үүний нотолгоо нь төр засгаас цыгануудыг мөрдөж, хавчиж байсан тухай баримтаас үзэхэд, 18-р зуун хүртэл Европын орнуудад тархсан цыгануудын тоо улс бүрт хэдхэн зуу л байсан байгаа юм.
19-р зуун гэхэд цыганууд суурин амьдрах болж, цэргийн алба хааш, Европын колончлолын үйл ажиллагаанд оролцох зэргээр их бага хэмжээгээр тухайн нийгэмдээ уусч байлаа. Цыгануудын сөрөг имиж арилж байлаа. Яруу найрагчид цыгануудын эрх чөлөөг эрхэмлэх үзлийг магтан дуулж байлаа. Гэтэл 19-р зууны дунд үеэс Балканы хойгоос цыгануудын дараагийн давалгаа ирсэн юм.
Тэд бас хаанаас хүрээд ирэв? Османы турк хүчирхэгчин, хавь ойрын улс орнуудыг эзлэн авсан ч, дийлэнх цыганууд нүүлгүй тэндээ амьдрахыг илүүд үзсэн. Тухайлбал, Афоны сүмийн дэргэд гар урлаач цыганууд, мөн османы цэргүүд байсан талаар бичигдсэн байдаг. Европт цыгануудыг хавчин мөшгиж байсан бол Османы хаант улсын үнэнч албат, татвар төлж, тодорхой хэмжээгээр автономит байв. Османы цыгануудын дунд суурин амьдралтай цыганууд их байв. Зарим нь ислам, нөгөө христ зэргээр шүтэж байсан. Энэ мэтээр Косовод албани хэлээр ярьдаг, тариалн эрхэлж, тосгонд амьдардаг ашкали-цыганууд үүссэн. Болгарын цыганууд гол төлөв турк хэл, соёлыг авч байсан.
Румыны цыгануудын тосгон XIX зуун
Балканы хойгийн хойд хэсэгт нөхцөл байдал тэс өөр байсан юм. Румыны Валахи, Молдавт цыганууд боол байв. Хачирхалтай нь, Валахын 14-р зууны сурвалж бичгүүдэд цыгануудыг эрх чөлөөгүй боол мэтээр дурдсан байдаг. Дийлэнх ванд харъялагдаж байсан ч, зарим нь сүм хийд эсвэл бояр ноёдын эзэмшилд байсан.
Зарим цыган боолууд суурин амьдарч, нөгөө хэсэгт нүүдэлж явахыг зөвшөөрдөг байсан ч, уг чанартаа бүгд эзэндээ зүтгэдэг байлаа. Эзэд өмч хөрөнгийг хэрхэхийг шийдэж, хэнтэй гэрлэх, гэрлэхгүй зааж, шүүж, шийтгэдэг байлаа. Валахийн боолууд их хямд байв. 1832 онд 30 цыганыг сүйх тэргээр (хоёр дугуйтай хоёр хүний сүйх тэрэгтэй) сольж байжээ. Молдавт олзлогдсон татар цэргүүдийг боол болгож байсан байгаа юм. Харин цыган, румынчууд дайтаж байгаагүй гэхээр яаж яваад боол болсон нь ойлгомжгүй. 1856 онд боолчлыг үгүй хийж, румыны засгаас арга хэмжээ авсан ч, цыганууд эздээсээ зайлахын түүс болж нүүв. Ялангуяа нүүдэлж байсан цыгануудын хувьд хамгийн түрүүнд явав. Өнөөгийн баруун европ, Орос, Украин, Беларуст амьдарч буй цыганууд Румынаас явсан цыганы урсгалын хойчис юм.
Хүмүүс цыгануудад нэг их дуртай биш ч, тэдний сэхүүн, эрх чөлөөг эрхэмлэдэг заныг нь хүндэлдэг. Содон амьдралын хэв маягаа тээсээр, нүүдэлсээр тэд 1500 жилийг ардаа үджээ.
ЦЫГАНУУДЫН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
- Цыган хүний хувьд ямар нэг хүнд гэмт хэрэг үйлдсэн ч юм уу хатуу цээрийг зөрчсөн бол хамгийн айшигтай шийтгэл бол гэр бүлээсээ хөөгдөх явдал юм.
- Цыган нэг чихэндээ ээмэг зүүвэл айлын цор ганц хүүхэд болохыг илтгэнэ.
- Богино үстэй цыгантай таарч байгаагүй биздээ. Урт үс нь буянтай, нэр төрөө дээдэлж буйн шинжийг заадаг юм байна. Дайн самууны үеэр үсийг нь албадлагаар авч болох ч, сайн дураараа үсээ богиносгодог цыган гэж байдаггүй.
- Хоолны соёлоос нь танилцуулахад, шарсан, жигнэсэн зараа хамгийн амттай хоолонд тооцогддог гэнэ. Ялангуяа, Балтийн болон Польшийн цыгануудын дуртай хоол. Урьд өмнө хөөгдөж туугдаж явахдаа ойд удаан хугацаанд бүгж байсантай нь холбоотой байх.
- Найрын үеэр согтуурч, хөлчүүрсэн хүнийг олж харахгүй. Найрын үеэр найрын дарга томилогдох бөгөөд хэн хэр их ууж байгааг хянана. Дээр нь залуусыг ахмад настнуудынхаа дэргэд уухыг хориглодог тул ёсыг баримталж буй эсэхийг хардаг. Түүнчлэн архи ууж агсам тавихаас сэргийлдэг.
- Хүүхдийг бурханчлан шүтдэг бөгөөд хүүхэдтэй айлынд очих болбол, заавал амтан, тоглоом авч очдог ёстой. Хэрвээ хүүхдийн нүд айлын ямар нэг зүйлд татагдсан бол тэр зүйлийг заавал бэлэглэх ёстой гэж үздэг.
- Цыганууд христ, исламын шашинтай ч, оршуулгын ёстой холбоотой онцлог зан заншил бий. Талийгчийг хэрэглэж байсан болон үхэхийнхээ өмнө хүрч байсан эд зүйлсийг бузартсан гэж үзэн хамтад нь оршуулдаг юм байна.
- Хуримын дараа залуу хос нөхрийн талын ах дүү нартай хамт амьдарч байгаад тусдаа гардаг. Отгон хүү эцэг, эхээ өргөх ёстой. Цыган хүүхнүүд алтанд их дуртай. Учир нь нөхөртөө хаягдсан нөхцөлд алт амь зуух баталгаа болох юм.
- Зарим цыганууд ховс буюу гипнозын талаар мэдлэгтэй байдаг. Үүнийгээ хөрөнгөжих, залилах хэрэгсэл болгон ашиглах нь бий. Тйимээс цыган хүнтэй ярилцаж байхдаа аль болох нүд рүү нь харахгүй байхыг хичээх хэрэгтэй гэж зөвлөдөг.
- 1944 онд Польшид байрлах "Освенцим" зүүн Европын олон тооны цыганууд байсан. Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд ороод багадаа 21 мянган цыган амиа алдсан.
- Цыгануудын эрээн дааашинзыг 19-р зуунд содон гоёмсог тайзны хувцсыг бүтээх замаар бий болгосон ба анх Румыны "Келдерари" -чууд өмсдөг байжээ.
- Ер нь цыганууд хүчирхийлэлд их дургүй хүмүүс, залилаж мэхэлж болно, гагцхүү хүч хэрэглэж болохгүй гэсэн зарчимтай хүмүүс. Өнөөдөр дэлхий дээр цыган гаралтай нэртэй эрдэмтэн, зохиолч, яруу найрагч, дуучин, барималч, түүхч, улс төрч олон хүн бий.
Цыган гаралтай хүмүүсээс бидний мэддэг, алдартай хүмүүс хэн хэнийг бид мэдэх вэ?
Чарли Чаплин, Майкл Кейн, Боб Хоскинс гээд Англи гаралтай дэлхийн хэмжээний жүжигчдийн жагсаалт гардаг. Үүн дээр Пабло Пикассо орно гэвэл олон хүн уулга алдах байх аа
Цаашлаад Шер Лойд гээд үзэсгэлэнтэй бөгөөд нээрээ л цыган төрхтэй одууд байна. Бидний тэр болгон мэддэггүй ч тухайн улсдаа маш алдартай гитарчид бол маш их юм байна.
Өнөөгийн дэлхий дээр нийтдээ 10 гаруй сая цыган хүмүүс байна гэж тоологддог юм байна. Хамгийн их суурьшиж байгаа нь АНУ. Цаашлаад Бразил, Испани, Румын, Турк гээд жагсаалт үргэлжилнэ. Дэлхийн 50 гаруй улсуудад амьдарч байна. Тэд Энэтхэгээс их нүүдлээ эхэлсэн хэдий ч Азиийн улсуудад төдийлөн тархаагүй нь их сонин юм.
Цыган хүмүүсийг илүү сонирхолтой болгосон зохиол бол мэдээж Виктор Хюгогийн Парисын дарь эхийн сүм байх. Энэ кинон дээр цыган бүсгүйг эрх дураараа, сайхан сэтгэлтэй, өнгө мөнгөний сонирхолгүй хүнтэй хүн ёсоор харьцдаг эмэгтэй гэж харуулсан нь тэдний үндсэн чанар ажээ.