2025/02/04

ХЯТАДЫН ЦАГААН ХЭРЭМ

 


ХЯТАДЫН ЦАГААН ХЭРЭМ


Өнөөдөр бид Хятадын ард түмний үндэсний эв нэгдэл, бахархлын бэлгэдэл болсон нэгэн сонирхолтой бүтээн байгуулалтын тухай ярилцана. Энэ  бүтээн байгуулалт тэднийг өөрсдийн өв соёлоороо бахархаж, дэлхийд өөрийн байр сууриа бататгах хүсэлтэй байгааг илэрхийлэх маш том хэрэгсэл ч болдог байх нь. Тэдний сэтгэлд энэ байгууламж нь бүхэл бүтэн 20,000 км урттай, уул, тал хөндий, цөлийг туулан урагшлах аварга том луу мэт дүрэлзсээр байдаг. Тийм ээ, энэ бол өнөөдрийн сэдэв Цагаан хэрэм юм.

Цагаан хэрэм бол чулуу чулуугаар, тоосго тоосгоор, сая сая хүний хөдөлмөрөөр бүтсэн түүхэн дурсгал. Зарим нь энэхүү бүтээн байгуулалтын дуусахыг үзэж ч амжилгүй хорвоог орхисон байдаг.

Дундад зууны долоон гайхамшгийн нэг болох Хятадын Цагаан хэрмийн нууцууд болон мартагдсан түүхүүдийг ярилцах гэж байна.

Бүхэл бүтэн 2000 жилийн туршид барьж 10 гаруй хаант улсуудын үед бүтээгдсэн олон хэрэм, бэхлэлтүүдийн цогц юм.

Эдгээр бэхлэлтүүд нь Цасанд дарагдсан цөлийг гаталж, өгсөж баршгүй мэт өндөр уулсаар зурайн, Шар тэнгисийн эрэгт тулна.  Инженерийн гайхалтай ур чадварын илэрхийлэл төдийгүй айдас, амьд үлдэх тэмцэл, хүний амбицийн бэлгэдэл юм.

Тэгэхээр сонсогчид хэдэн асуултад хариулт авмаар байгаа байх: 


  • Хэн, хэзээ, ямар зорилгоор барьсан?
  • Зорилгодоо хүрч чадсан уу? 
  • Хэдэн тэрбум тоосгыг орчин үеийн техник хэрэгсэлгүйгээр хэрхэн өндөр уулын оргил руу зөөж барьсан бол?  Асуултууд урган гарна.


Хэн барьж эхлүүлсэн бэ гэдгээс эхэлье:

Цинь Ши Хуанди

Цагаан хэрийн эхлэлийг МЭӨ 221 онд Хятадын анхны хаан Чин Ши Хуанди Хятад орныг нэгтгэсний дараа умардын нүүдэлчин Монголчуудын довтолгооноос хамгаалахын тулд хэд хэдэн жижиг хэрмийг холбож, өргөтгөн барьж эхэлсэн  түүхтэй. 

Тодруулбал Хятадын дотоодын байлдаант улсын үед төгсгөл тавьж, нутаг дэвсгэрийг нэгтгэсэн Хуанди юун түрүүнд, дотооддоо дайтаж байсан вант улсуудыг хооронд нь зааглан баригдсан бүх хэрмүүдийг устгасан. Улмаар хойд хил дээрх баригдсан байсан хуучин хэрмийг өргөжүүлж, шинээр барьж өөр хооронд нь холбохыг тушаан асар их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ. Цагаан хэрмийг өргөжүүлэх ажилд 10 гаруй жил зарцуулсан бөгөөд хүн хүчний хувьд үлэмж их нөөц шаардагдаж байжээ гэж үздэг. Археологичдын тооцоолсноор энэ ажилд хэдэн зуун мянгаас хоёр сая гаруй хүн оролцсон байна.

Цинь Ши Хуанди том нүсэр барилга байгууламжид их дуртай нэгэн байсан. Цагаан хэрэм түүний цорын ганц төсөл биш байв. Асар их эрх мэдэлтэй байсан тэрээр албат иргэдийнхээ амьдралыг золиослохыг юман чинээнд тооцдоггүй байсан. Түүний үед Хятадад улс даяар гурван эгнээтэй зам, хайртай татвар эмийнх нь нэрээр нэрлэгдсэн аварга том Эпан ордон, мөн 36 километр урт Линцюй суваг баригдаж байсан юм. Харин түүний тансаг бунханг 38 жил барьсан бөгөөд үүнд нийт 8100 ширхэг терракотон хүн, морьдын баримлыг бодит хэмжээгээр урлан бүтээсэн. Нэг талаас утгагүй гэмээр санагдавч, нөгөө талаар анхны эзэн хааны хязгааргүй эрх мэдлийг илтгэж, эзэнт гүрнээ мөнхөд захирахыг мөрөөдөж байсныг харуулдаг.

Ийнхүү тоосгон хэрмийг барихаас 1500 жилийн өмнө Хятадын эртний хаад шороон хэрэм барьж байж. 

Өөрөөр хэлбэл өөр өөр цаг үеүүдэд, маш ялгаатай нөхцөлд байдалд хэсэг хэсгээр нь барьсан учраас чанарын хувьд харьцуулшгүй хана хэрмүүд нэг цулаараа биш энд тэнд байгаа гэсэн үг. Эдгээрээс хамгийн сайн чанартай хэсгүүдийг нь Хаан Жяжин 16-р зуунд бүтээж. Жижян Хана хэрмийг шинэчлэх, хүчитгэх тушаал өгсөн шалтгаан нь дахиад л Монголчуудын довтолгоо. 1550 онд Монголчууд хэрмийг сэтэлж, Бээжинг бүсэлсэн нь хааны ордонд айдас төрүүлсэн учраас л өнөөгийн бидний мэдэх гайхамшигт хэрмийг бий болгожээ. Ингэж бат бөх болгохын тулд хатуу боржин суурь, тоосгон хана, дээд хэсгийг хамгаалах хашлага бүхий 6.7 м өндөр, 4.8 м өргөн бүтэцтэйгээр босгосон.

Энэ байгууламжийг барих явцад бослого, үймээн олонтаа гарч, улс орны хамаг эрч хүч, тамир тэнхээг барж байна, ямар ч үр дүнгүй ажил гэж хүмүүс итгэж байлаа. Дээр нь харуул хамгаалалтынхан хээл хахууль авч хаалга үүдээ нээж байсан тохиолдол цөөнгүй байсныг түүх гэрчилнэ.  

Хятадууд Цагаан хэрэмд европчууд яагаад ингэж их анхаарал тавьдагт гайхдаг байв. Гадны халдлагаас хамгаалах үүрэгтэй хана үүргээ гүйцэтгэж чадаагүй, ямар ч нэмэргүй зүйл гэж бодож байсан хятадууд, европчууд гайхан биширч баруун алдаршуулахын хэрээр нөхцөл байдлыг өөр өнцгөөр харж эхэлсэн юм. Цагаан хэрэм Хятадын ард иргэдийн тууштай зангийн илрэл гэх өөр өнцөг тайлбартай болсон байдаг. 

 

Тоосгоны найрлага

Эрдэмтэд саяхныг хүртэл Цагаан хэрмийн тоосгонуудыг барьцалдуулсан шавар яагаад өдийг хүртэл салалгүй, бат бөх байгааг гайхширч байсан юм. Харин удаа дараагийн шинжилгээний эцэст шохойн чулуун цемент, элс болон нунтагласан наалдамхай цагаан будаа гэх нууц орц үүнийг бат бөх болгосныг мэджээ.

Барилгачид тоосго бүрийг тамгалах ба ноёд муу тоосго олбол тамганы эзнийг шийтгэдэг байв. Эдгээр тамгатай тоосгонууд өдгөө ч харагдана. 

Тоосгонуудыг хэрмийн дэргэд нь үйлдвэрлэдэг байж. 800 хэм хүртэл зууханд шатаан бэлтгэдэг.

Мин гүрний үеийн хана, цамхагийг чадварлаг уран барилгачин, урчуудын тусламжтайгаар голчлон харуулууд өөрсдөө барьжээ.

Харуулын цамхаг

Хэсэг явж байгаад л харуулын цамхагуудтай таарна. Харин дээвэртэй харуулын цамхаг байвал тэр нь хүнс, хуяг дуулга, зэр зэвсгээ хадгалах байр гэсэн үг. 

Цагаан хэрмийн харуулын цамхагууд тун бат бөх бөгөөд зарим нь орой дээрээ дээвэртэй, пуфан буюу харуулын байртай байж. Цамхаг пуфан хоёул цэргүүдийн сууцаас гадна хүнс, ус, хуяг, зэвсэг, бусад хангамжийг агуулахын зорилгоор ашиглана. 

Цагаан хэрмийн цэргүүд ойролцоох тосгон, тариан талбайгаас авчирсан хүнсний ногоо, цагаан будаа зэрэг энгийн хүнс хэрэглэнэ. Ундааны цэргүүдэд “бин ча” буюу “талхан цай” гэх хатаасан цайны навчин дугуй өгнө. Цэвэр ус бактери агуулж байж болзошгүй тул голцуу буцалгаж, цайгаар хандлан уудаг байв.

Том цамхагууд чулуун эсвэл тоосгон шалтай байдаг тул цэвэрлэж, хатаахад хялбар. Харин жижиг цамхагууд шороон шалтай байдаг.

Бороо нэвчүүлэхгүйн тулд дээврийг вааран хавтангуудаар бүрдэг байв. Дээвэр дээр нь элдэв амьтдын сийлбэр бий. Энэ нь аз авчирна гэж итгэдэг итгэл бишрэлийн үүднээс бүтээсэн сийлбэрүүд юм. Энэ сийлбэрүүд дунд “мангасын нүүр” буюу “гао тиэ” гэдэг чимэглэл бий. “Мангасын нүүр” нь муу ёрын бүхнийг үргээдэг гэдэг юм байна.

Харуулын цамхаг нь том том цонхнуудтай. Энэ нь мэдээж агаар оруулах зориулалттайгаас гадна гол нь цайз доторх хүнсийг хөгцөрч, дарийг норохоос сэргийлнэ.

Бэлтгэл ажил

Хэрэм рүү халдахад хэцүү болгохын тулд ихэвчлэн уулын хамгийн эгц хэсэгт нь цагаан хэрмийг барьсан байдаг.

Ойртон ирж буй халдагсдыг модод халхалж болно. Тиймээс хэрмийн ойролцоох моднуудыг огтолчихсон байдаг байж. Хэрмийн урд шуудуу татсан байдаг. Нүүдэлчид тэр шуудууг давахын тулд шатаа хөндлөн тавьж байгаад дээгүүр нь гарчихдаг байсан бололтой. Тэгээд өнөөх шатаа хэрмийг давахад бас ашиглана.

Дайсан харагдвал харуулын цэг дээр овоолсон мод, мөчрийг шатаана. Тэндээс гарсан “чонон утаа” хэдэн бээрийн алсаас ч харагдана. Хятадад чоныг аюулын тэмдэг гэж үздэг байсан тул “чонон утаа” гэж нэрлэжээ.

Жижигхэн цонх шиг нүхнүүд байгаа. Шагайвч гэж нэрлэж болох байх. Шагайвчийг харуулууд чулуу, гар бөмбөг хаях зэрэгт ашиглахаас гадна энэ нүхээр галт сумаар харваж болно.

Өргөст бул

Цагаан хэрэм дээр өргөст бул гэдэг зэвсэг бий. Дүрсэлж хэлбэл штанг шиг гэсэн үг. 2 талдаа дугуйтай. Харин гол нь эргэн тойрондоо өргөстэй. Хана руу авираад ирвэл дээрээс нь энэ штанг шиг өргөст булаа хоёр талаас нь барьж байгаад шидчихнэ. Оногдсон хүн бол шууд үхнэ.

Харин хэрэмийг даваад дээр нь гараад ирсэн дайсан руу чиглүүлээд энэ өргөст булуу өнхрүүлчихнэ. Дайсан хэрэв энэ өнхрөөд ирсэн өргөст буланд оногдвол хөл нь гарцаагүй хүнд гэмтэнэ.

Хавчаахай болон дайны зэвсэг

Хятадууд хавчаахай нумыг 2000 орчим жил ашиглаж байж. Жижиг хэмжээтэйг нь хот суурингийн ханын хамгаалалтад, харин томыг нь Цагаан хэрмийн хамгаалалтад ашигладаг байж. Жижиг хавчаахайн тусгал нь 30-40 метр байдаг.

Хавчаахайг мэдээж цамхагтаа хадгалах ба зөвхөн дайралт болсон үед л ашиглана. 

Цамхаг бүрд их бууны сум ихээр хадгална. Сум хэдий цул харагдах боловч дотроо хөндий бөгөөд дариар дүүргэсэн байдаг тул байгаа онох үед хүчтэй дэлбэрнэ. 

Цамхаг болгонд жян сэлэм, жи жад, урт иштэй хатгуур зэрэг зэр зэвсгийн цуглуулга байдаг. Янз бүрийн хэлбэр, хэмжээтэй байх эдгээр зэвсгүүд хамгийн гол нь энэ зэвсгийг барьж буй цэргийг дайсантайгаа аюулгүй зайнаас тэмцэлдэх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс урт урт иштэй байдаг.

Тосгоны амьдрал

Цэргүүд гэр бүлийнхээ хамт хэрмийн ойролцоох тосгонд амьдрах бөгөөд ээлжээ болохоор албаны байр руугаа очдог байв. Тариачид цэргүүдтэй наймаа хийж болдог тул хэрмийн ойролцоо амьдрах дуртай. 

Тариачид илжигний хоёр талд сагс унжуулж, хүнд ачаагаа ачдаг байв. Илжгийг одоо үед ч Цагаан хэрмийн ойролцоох, машин явах боломжгүй эгц толгод дээр ачлагад ашигласаар байна.

Хүнд хүчир хөдөлмөрТоосго болон бусад материалыг уулын орой руу зөөх нь асар их хөдөлмөр шаардсан ажил байсан. Эртний барилгачид зөвхөн хүний хүчээр энэ ажлыг гүйцэтгэж байжээ. Нийт 1 сая гаруй хүн энэ томоохон төслийг хэрэгжүүлэхэд оролцсон бөгөөд ажлын хүнд нөхцөлд 400,000 хүн амь насаа алдсан гэдэг. 

Их Цагаан хэрэм нь дэлхийн хамгийн урт, хамгийн үнэтэй хамгаалалтын байгууламж бөгөөд Хятадын түүх, инженерчлэлийн дээд ололт амжилтыг илэрхийлдэг билээ.

Их Цагаан хэрмийг барьсан түүхийг хүний хөдөлмөр, зовлон, амь насаар хэмжихээс өөр аргагүй. Энэ агуу бүтээн байгуулалтын ард улс төр, нийгмийн нарийн сүлжээтэй олон зууны турш үргэлжилсэн зовлон шаналлын ул мөр бий. Хэрмийн ард ажилласан ажилчид, цэргүүд, хоригдлуудын амьдрал, хувь тавилангаас илүүтэйгээр их хэрэм өөрөө түүхэн дурсгал гэхээсээ илүү хүний сэтгэлийн хатуужил, амьд үлдэх тэмцлийн илэрхийлэл юм.

 

 Ажилчдын хувь тавилан: “Амьдралын үнэ цэн багатай” хүн хүч

Хятадын эртний нийгэмд тариачид, ядуусын хөдөлмөрийг үнэлдэггүй байлаа. Тэднийг Их Цагаан хэрэмд ажиллуулахаар хүчээр дайчилдаг байсан бөгөөд ажлын нөхцөл нь тэсвэрлэхийн аргагүй хүнд байсан юм.


  • Өдөр тутмын ажил:Ажилчид чулуу болон шавар зөөж, гар аргаар өргөн, хол газраас уулын энгэрт аваачин хэрэм барихад ашигладаг байв. Тэд ихэвчлэн 10-12 цагийн туршид үргэлжилсэн хүнд хөдөлмөр эрхэлдэг.
  • Хоол, ундны хомсдол:Ихэнх ажилчид өдөрт нэг удаа зүгээр л будааны шөл эсвэл эрүүл мэндэд хүрэлцэхүйц хэмжээний шим тэжээл багатай хоол иддэг байсан. Ийм нөхцөлд тэд бие сульдаж, өвчлөлд өртөх нь элбэг байв.
  • Амь үрэгдэх аюул:Зарим ажилчид өндөрт ажиллаж байгаад хальтирч унах, чулуу нурахад дарагдах, эсвэл өвчинд нэрвэгдэн нас бардаг байв. Харамсалтай нь, тэдний цогцсыг шууд л хэрмийн дэргэд хаяж, шороогоор булах тохиолдлууд ч гардаг байжээ.



Хоригдлуудын хүнд шийтгэл: 


Эзэн хааны дэглэмд гэмт хэрэгтнүүдийг шийтгэх, үнэгүй ажиллах хүчин ашиглах зорилгоор барилгын ажилд дайчилдаг байсан.


  • Өөр замгүй шийтгэл:Хоригдлуудад сонголт өгдөггүй байлаа. Тэд хэрэм барихын тулд зүтгэнэ эсвэл ажлын талбай дээрээ амь насаа алдах гэсэн хоёрхон замыг о сонгох ёстой байв.
  • Биеийн тамирдал:Хоригдлуудын ажлын нөхцөл байдал энгийн ажилчдынхтай харьцуулахад илүү хатуу байж, тэднийг байнгын хяналт дор ажиллуулдаг байжээ. Зугтах оролдлого гаргавал цаазаар авах эсвэл зэрлэг шийтгэл хүлээдэг байв.



 Цэргүүдийн үүрэг: Хоёр талд алба хаах


Цэргүүд Их Цагаан хэрмийг хамгаалах, харуул хийхээс гадна заримдаа барилгын ажилд ч оролцдог байв.


  • Хамгаалалтын үүрэг:Дайснуудын гэнэтийн довтолгооноос ажилчид болон барилгын материалыг хамгаалах үүргийг хүлээдэг байв.
  • Барилгын ажилчид шиг хөдөлмөрлөх:Барилгын ажилд нэмэлт ажиллах хүч хэрэгтэй үед цэргүүдийг дайчилдаг байжээ. Ингэхдээ тэд мөн дайнд оролцох бэлтгэлээ орхихгүйгээр хүнд хүчир ажлыг давхар гүйцэтгэдэг байсан нь тэдний хувьд хэтэрхий хүнд дарамт болж байв.



Хүний зовлонгийн илэрхийлэл- Мэн Жиан Нүгийн домог:Их Цагаан хэрмийн түүхэнд Мэн Жиан Нүгийн нөхрийн түүх хамгийн сэтгэл хөдөлгөм домгуудын нэг юм. Энэ домог нь хэрмийн ард байсан зовлон шаналлын илэрхийлэл болдог.



  • Түүний нөхөр ажиллаж байхдаа нас барж, тэрээр нөхрийнхөө оршуулгын газрыг хайсаар хэрэмд хүрдэг.
  • Тэрээр цурхиран уйлж, түүний нулимс чулууг нурааж, нөхрийнх нь цогцсыг ил гаргасан гэдэг.


Энэхүү домог нь олон хүний зүрхэнд хүрч, хэрмийн ард байсан хүний зовлон, үнэ цэнийг ойлгуулахад тусалсан.

Тэгэхээр Хятадын Цагаан хэрэм бол зөвхөн барилгын гайхамшиг төдийгүй хүний тэвчээр, сэтгэлийн хүчийг харуулсан дурсгал юм. Энэ түүхийн ард байгалийн хязгааргүй их хүчний эсрэг тэмцсэн хүмүүсийн зовлон, амь насны золиос шингэсэн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Цагаан хэрэм хэрхэн үндэсний бахархал болов?

Мэдээж Цагаан хэрэм анхандаа цэргийн хамгаалалтын зорилготой байгуулагдсныг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ зууны уртад энэ үүрэг нь өөрчлөгдөж, улс орныхоо соёлын болон түүхийн үнэт өв, үндэсний бахархлын илэрхийлэл болжээ.


 Соёлын өвд шилжсэн нь:



  • Эзэнт гүрний уналт ба Цэргийн ач холбогдлын бууралт


Манж Чин гүрэн нь 1912 онд албан ёсоор мөхснөөр Хятадын сүүлчийн хаант улс болсон. Үүнтэй зэрэгцээд  Хятадын цэрэг, технологийн хөгжил шинэ түвшинд гарч, хэрмийг ашиглах шаардлага багассан. Нүүдэлчин дайснууд ч Хятадын хил орчмын бүс нутгуудад аюул учруулахаа больсон тул хэрэм хамгаалалтын үүргээ алджээ.


Орчин үеийн ач холбогдол


Их Цагаан хэрэм нь зөвхөн өнгөрсөн үеийн түүхийг хадгалдаг газар биш, харин орчин үеийн Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийн томоохон хөдөлгүүр болж байна.


  • Аялал жуулчлал ба эдийн засаг:Өнөөдөр хэрмийг үзэхээр жил бүр сая сая жуулчид Хятад руу ирдэг нь тус улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг.
  • Боловсрол ба урам зориг:Хятадын залуу үеийнхэнд хэрмийг үзүүлэх замаар өөрсдийн түүх, соёлын үнэт зүйлсийг ойлгуулахыг зорьж байна. Энэ нь тэднийг бахархалтай, хариуцлагатай иргэд болгон төлөвшүүлэхэд тусалдаг.



Их Цагаан хэрэм дэлхий дахинд



  • ЮНЕСКО-д бүртгэгдсэн нь:1987 онд Их Цагаан хэрмийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэснээр олон улсын түвшинд соёлын ач холбогдол нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн.
  • Дэлхийн долоон гайхамшгийн нэг:2007 онд Их Цагаан хэрмийг “Шинэ дэлхийн долоон гайхамшиг”-т багтааснаар Хятадын түүх, соёлын хүч чадлыг дэлхий даяар сурталчлах томоохон арга хэмжээ болсон.


Сонирхолтой баримт:


  1. 1999 оноос жил бүр 60 улс орны 2500 тамирчин оролцдог марафоныг Цаган хэрмэн дээгүүр зохион байгуулдаг.  
  2. Цагаан хэрмийг “хамгийн урт оршуулгын газар” гэж нэрлэдэг. Учир нь барих явцад бараг 1 сая орчим нас барсан гэсэн албан бус тоо баримт байдаг. 
  3. Цагаан хэрэм гэх нэрийг, Цагаан хэрмийг нутгийн иргэд бус цагаан арьстнууд алдаршуулсан.  
  4. Соёлын хувьсгалын үеэр (1966-1978) Цагаан хэрмийг эрх чөлөөг хязгаарласан, дарангуйллын бэлэг тэмдэг гэж үзэн, иргэдийг тоосгыг нь зөөж орон байраа барихыг уриалж байсан. 
  5. Ганьсу мужийн Цагаан хэрмийн хэсгүүд ойрын 20 жилийн хугацаанд элэгдлээс болж алга болох эрсдэлтэй байгаа. 
  6. Цагаан хана дагуу Гаунди дайны бурхны олон сүм баригдсан байдаг.
  7. Цагаан хэрмийн хамгийн өндөр цэг 1534 метра Бээжин хотод байрласан (Хейт уул), хамгийн нам далайн төвшний хэмжээнд байрлах цэг Лаолонгт байрладаг. 


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0