2025/02/04

GREENLAND

 


Greenland


Өнөөдөр бид та бүхэнтэйгээ бодит байдлаасаа тэс өөрөөр нэрлэгдсэн маш сонирхолтой газрын тухай ярилцана. Энэ бол Гренланд (Greenland). "Ногоон газар" нэртэй ч бодит байдал дээр мөс, цасаар хучигдсан асар том арал. Эсрэгээрээ энэ арлын урдхан талд нь Исланд (Iceland) буюу "Мөсөн арал" гэдэг нэртэй авчиг Гренландтай харьцуулахад харьцангуй дулаан, ногоон тал нутагтай өөр нэгэн арал бий.

Энэ нэрийг анх Эрик Улаан (Erik the Red)  хэмээх Викинг аялагч эр 982 оны үед Норвегиос хөөгдөн Гренланд руу нүүж ирээд өгсөн гэж үздэг. Түүний зорилго бол хүмүүсийг Гренландад суурьшихад татах явдал байсан бөгөөд "ногоон" гэсэн нэрийг ашиглан газар нутгийг илүү таатай газар мэтээр сурталчилсан байж магадгүй гэж таамагладаг. Хүмүүсийн анхаарлыг татахын тулд бодит байдлыг хэтрүүлж эсвэл гоёчилж харуулах нь пропагандагийн нэг хэлбэр гэж үздэг учраас Гренландын нэршил нь Викингчүүдийн нөлөөг өргөжүүлэхэд тусалсан суртал ухуулга гэж үздэг хүмүүс ч байдаг.

Уг арлын газарзүйн онцлогоос хамгийн сонирхол татах 4 өнцгийг л харцгаая:


  1. Газарзүйн байршил


Гренланд бол хойд туйлд хамгийн ойр орших том арал юм. Гренландын хойд хэсэгт байдаг жижиг арлуудын нэг Каффеклуббен арал (Kaffeklubben Island): Хойд туйлд хамгийн ойр орших тогтвортой газар. Харин Оодак арал (Oodaaq Island): Хойд туйлд ойр боловч мөсний хөдөлгөөнөөс шалтгаалан байршил нь өөрчлөгддөг.

Залуустаа илүү тодруулаад хэлвэл, Хойд туйлыг тойрон байрлах арлуудын тоо нь олон зуун том, жижиг арлуудыг багтаана. Эдгээр нь голчлон Канад, Гренланд, Орос, Норвеги зэрэг улсуудын хяналтад байдаг бөгөөд газарзүйн болон уур амьсгалын хувьд Арктикийн судалгаанд чухал ач холбогдолтой юм. Хойд туйлын ойролцоох арлууд байгаль, мөсний хөдөлгөөнөөс ихээхэн хамааралтай байдаг тул тэдгээрийн тоо, байршил тогтвортой биш байдаг.


  1. Газар нутгийн хэмжээ


Гренланд бол 2,166,086 км² талбайтай дэлхийн хамгийн том арал бөгөөд энэ нь Монголын газар нутаг дээр Францыг нэмсэнтэй ойролцоо хэмжээтэй юм.  Монгол Улс (1,564,116 км²)+Франц (551,695 км²)= 2,115,811 км² 

Франц улс нь Баруун Европын орнууд дундаа хамгийн том газар нутагтай улс гэхээр хэр том арал вэ гэдэг нь төсөөлөгдөж байгаа байх. 


  1. Хамгийн том цөлүүдийн нэг:


Гренланд бол дэлхийн цөлүүдийн дунд хоёр дахь том цөл юм. Гренландад жилд маш бага хур тунадас ордог тул хүйтэн цөлд тооцогддог. Энэ нь элсэн цөлөөс өөр ч мөн адил хуурай, тунадас багатай, хүнд нөхцөлтэй газар нутаг юм.

Цөл гэж юу вэ? Юун цөл болоод явчив гээд гайхаж байгаа залуустаа тодруулаад хэлэхэд “Цөл гэдэг нь жилд 250 мм-ээс бага хур тунадас ордог газар нутгийг хэлнэ”. Энэ нь хүйтэн, халуун аль ч орчинд байж болно. Халуун элсэрхэг цөлүүдээс гадна, Антарктид болон Гренландын мөсөн бүрхүүлтэй бүсүүд ч цөлд багтдаг.

Гренландын ихэнх хэсэгт хур тунадасны хэмжээ жилд 150 мм-ээс бага байдаг. Энэ нь цөлийн үзүүлэлтэд багтана. Энэ нь хэр хуурай вэ гэдгийг хамгийн ойрхон жишээгээр тайлбарлая: Монголын говь нутгийн ихэнх хэсэгт жилд 50-100 мм хур тунадас ордог. Зарим хойт говийн бүс нутагт 150 мм хүрэх тохиолдол бий.


  1. Мөсөн бүрхүүл


Гренландын газар нутгийн 80% нь мөсөн бүрхүүлээр хучигдсан (ойролцоогоор 1,710,000 км²). Энэ нь Антарктидын дараа дэлхийн хоёр дахь том мөсөн бүрхүүл юм.

Мөсний зузаан: 2-3 км орчим, зарим газарт 3,500 метр хүртэл зузаан байдаг бөгөөд Гренландын мөсөн бүрхүүл хайлж эхэлбэл дэлхийн далайн түвшинг 7 метрээр өсгөх тооцоолол байдаг.

Дээр дурдсан дэлхийн далайн түвшин 7 хон метрийн өсөлтийн үр дагавруудыг товчхон тайлбарлавал:


1. Эргийн бүсүүдийн үер


Эргийн хотууд живэх аюултай:

Том хотууд, тухайлбал, Нью-Йорк, Лондон, Токио, Шанхай, Амстердам, Сингапур зэрэг далайн эргийн хотууд үерт автах эсвэл бүрэн живэх эрсдэлтэй.

Эргийн бүсэд оршин суудаг 1 тэрбум гаруй хүн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болно.

Арлууд бүрэн устах магадлалтай: Мальдив, Кирибати, Тувалу зэрэг нь далайн усанд бүрэн живж, оршин суугчид нь дүрвэхээс өөр аргагүй болно.


2. Эдийн засгийн хохирол


Үл хөдлөх хөрөнгийн сүйрэл:

Далайн эргийн ойролцоох их хэмжээний хөрөнгө, барилга байгууламж усанд автаж, эдийн засагт хэдэн их наяд ам.долларын хохирол учруулна.

Байгалийн баялгийн алдагдал:

Эргийн бүсийн аж ахуй, тухайлбал, загасчлал, усан замын тээвэр, далайн эргийн аялал жуулчлал зогсоно.

Далайн эрэг орчмын аж ахуй эрхлэгчид орлогоо алдах болно.


3. Хүн амын шилжилт хөдөлгөөн


Дүрвэгсдийн тоо огцом нэмэгдэнэ:

Далайн эргийн бүс нутаг, бага өндөрлөг газруудад амьдардаг сая сая хүн шинэ орон байршилд шилжих шаардлагатай болно.

Дүрвэгсдийн хямрал нь нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлыг улам хүндрүүлнэ.


4. Хөдөө аж ахуй ба ундны ус


Газар тариалангийн талбай алдагдана:

Далайн усны түрэлтээс болж үржил шимтэй хөрс устаж, хүнсний үйлдвэрлэл буурна.

Жишээлбэл, Бангладеш, Египетийн Нил мөрний хөндий зэрэг томоохон газар тариалангийн бүсүүд устах эрсдэлтэй.

Ундны ус бохирдоно:

Далайн усны давс хөрсөнд шингэж, цэнгэг усны эх үүсвэр бохирдох аюултай.


5. Экологийн хохирол


Экосистемийн устгал:

Намгархаг газар, мангровын ой, эргийн экосистем усанд живж, олон төрөл зүйлийн амьдрах орчин устаж үгүй болно.

Загас, далайн амьтдын популяц буурах магадлалтай.


6. Улс төр, аюулгүй байдал


Улс орнуудын хооронд зөрчил нэмэгдэнэ:

Дүрвэгсдийн асуудал, газар нутгийн дутагдал, ус, хүнсний хомсдолоос үүдэн олон улсын харилцаанд зөрчилдөөн үүсч болзошгүй.

Жишээлбэл, газар нутгийн маргаан, нөөцийн хуваарилалтын асуудал хурцадна.


7. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шаардлага


Хүлэмжийн хийн ялгарал:

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарлыг хязгаарлах бодлого хэрэгжүүлэх нь урьд өмнөхөөс илүү чухал болно.

Эргээд Гренландын сэдэв рүүгээ орцгооё: Байгаль цаг уур, биологийн онцлог:

Зундаа хамгийн дулаандаа +10 градус л хүрдэг цөөн өдрүүдтэй ч хүйтрэхээрээ -50 хүрдэг энэ хүйтэн арал дээр  цагаан баавгай, цагаан үнэг, цаа буга зэрэг амьтдын аймгийн гол төлөөлөлтэй. Харин эрэг орчимд загасны болон далайн хавны нөөц ихтэй, баялаг далай бий.

Туйлын бүсэд өвлийн улиралд хэдэн сар нар мандахгүй, харин зун нь тасралтгүй нарны гэрэлтэй байдаг. Иннуит хүмүүс энэ онцгой нөхцөлд дасан зохицсон өвөрмөц амьдралын хэв маягийг бий болгожээ.


Одоо бүгдээрээ хүн ам зүй талаас нь ярилцацгаая: 


Гренланд нь дэлхийн хамгийн том арал хэдий ч ердөө 56,000 хүн амтай. Энэ нь нэг квадрат километр тутамд ногдох хүн амын тоогоор дэлхийд хамгийн бага үзүүлэлттэй газар нутаг болгож байна. Хөдөө орон нутгийн суурин газруудын хүн ам ердөө 40-400 орчим бөгөөд тэдгээрт хүрэхэд зөвхөн нисэх онгоц, завь ашиглах боломжтой. Энэ нь өндөр зардал, байгалийн хатуу нөхцөлөөс шалтгаалан маш хүндрэлтэй байдаг. Засаг нь цөөхөн хүн амтай байсан ч бүх иргэддээ тог цахилгаан, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ өгөх үүрэгтэй байдаг учраас энэ нүсэр зардлаа багасгахын тулд 1960-аад онд маш гунигтай, сөрөг үр дагавар ихтэй шийдвэр гаргаж байж. Тэр нь юу гэхээр, суурин газруудын иргэдийг томоохон хотууд руу хүчээр нүүлгэн шилжүүлсэн. Энэхүү үйл явдлын зорилго нь хөдөө суурин газрын зардлыг бууруулах, төвлөрсөн хөгжилд анхаарах байв. Гэвч энэ бодлого нь олон хүний амьдралд томоохон сорилт авчирч, орон нутгийн соёл, уламжлалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн юм. Олон анчин, загасчид уламжлалт амьдралаа орхиж, хотын амьдралд дасан зохицох шаардлагатай болсон ч гэр орноо алдаж, шинэ нөхцөлд дасан зохицож чадаагүй хүмүүсийн хувьд томоохон сэтгэл санааны дарамт үүсгэжээ.

Энэхүү үйл явдал нь Гренландын түүхэнд гүн шаналал үлдээж, өнөөдөр ч гэсэн олон оршин суугчдын дурсамжинд тод хадгалагдсаар байдаг.


Орчин үеийн амьдрал ба сорилтууд:


Загасчлал, ан агнуур нь эдийн засгийн тулгуур бөгөөд уламжлалт амьдралын хэв маягийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, мөс хайлалт нь эдгээр уламжлалт үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлж байна. Боловсрол, ажлын боломж хайсан залуу эмэгтэйчүүд ялангуяа томоохон хот руу нүүж, энэ нь хүн амын тэнцвэрт байдалд нөлөөлөөд зогсохгүй хүн амын тоо цөөрөлт бол бодит аюул болж эхэлсэн байна. Тодруулвал 100 эр хүнд 96 эмэгтэй оногдсон байдалтай байгаа бол алслагдмал тосгодод нилээн хэцүү дүр зурагтай байгаа юм байна. 

Энэ арлын гол эдийн засаг нь мэдээж Загас агнуур байсаар ирсэн, цаашдаа ч байна гэхдээ сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар нь харьцангуй эрчимжиж байгаа. Маш өвөрмөц аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд үнэхээр давтагдашгүй байдгаараа онцлог. Жишээ нь мөсөн уул, цагаан баавгай, далайн халим, туйлын туяа зэргийг үзэхээр ирдэг. Аялал жуулчлалын өсөлт2000 оноос хойш гадаадын жуулчдын тоо 50%-иар өсөж, хөлөг онгоцны зорчигчдын тоо 150%-иар нэмэгдсэн. Гренланд бол Туйлын туяа (Aurora Borealis) харах хамгийн тохиромжтой газруудын нэг. Ялангуяа 9-р сараас 4-р сар хүртэл шөнийн тэнгэрт гайхамшигтай гэрэлтэн харагддаг.

Мэдээж бас нохой чаргаар гулгах төгс газар өөрөөр хэлбэл, цасны нохдын орон. Гренландын умард болон баруун хэсэгт цасны нохойтой чарганы уламжлал одоо ч өргөн хэрэглэгддэг. Энэ бол Гренландын уугуул соёлын чухал хэсэг юм.

Тэгээд нэг баярлууштай мэдээ байснаа хуваалцахдаа баяртай байна. Юу вэ гэвэл мэдээж энэ өргөн уудам газрын хэвлий маш баялаг. Алмаазаас эхлээд уран, байгалийн хий гээд тогтоогдсон нөөц ихтэй. Гэхдээ байгаль цаг уур, улс төрийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад олборлолт төдийлөн эрчимтэй явагддаггүй. Нэг ч гэсэн талаараа дэлхий ээж маань өврөө сэндийчүүлдэггүйг мэдэх үнэхээр таатай байсан. 

Дани болон Гренландын харилцаа:Дани болон Гренландын нийслэлүүдийн хооронд 3532 км зайтай хэдий ч тэд мянганы турш улс төр, соёлын хувьд холбоотой байсаар ирсэн. Гренланд нь 1953 он хүртэл Данийн колони байсан бөгөөд энэ оноос хойш Данийн дүүрэг гэж тодорхойлогдсон. Гренланд нь өөрийн орон нутгийн захиргаатайгаас гадна Данийн парламентад хоёр төлөөлөгчтэй.

 


Данийн санхүүжилт


Гренландын эдийн засаг ихэвчлэн загас, сам хорхойноос хамааралтай боловч жил бүр Даниас 600 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг авдаг.


  1. Цаг уурын өөрчлөлт: 14-р зуунд Европт "Жижиг мөстлөгийн үе" эхэлсэн. Энэ нь Гренландад мал аж ахуй эрхлэх, хоол хүнс бэлтгэх нөхцөлийг хүнд болгосон.
  2. Иннуитүүдтэй зөрчилдөөн: Норсчууд тухайн үед Гренландын уугуул оршин суугчид болох Иннуитүүдтэй зөрчилдөж байсан байж магадгүй.
  3. Холбоо тасарсан: Европтой хийдэг худалдааны холбоо тасарч, Норсчууд амьдрах нөхцөлгүй болсон.
  4. Шинэ ертөнцийн нөлөө: Европчуудын анхаарал Америк тив рүү шилжсэнээр Гренланд дахь Норс суурьшилд тусламж, анхаарал багассан.



(Greenland Dog) Гренланды нохой:


Маш олон хүний сэтгэлд Гренланд болон бусад цас мөсний орныг чарганд хөллүүлсэн нохойтой төсөөлдөг болохоор Гренландын нохойны тухай бага зэрэг дэлгэрүүлээд өгье:

 (Greenland Dog) Гренландын нохойг маш олон хүн хаски үүлдрийн ноходтой андуурдаг. Тэд цас, мөсөөр бүрхэгдсэн туйлын бүсийн ноход боловч хоорондоо ялгаатай үүлдрүүд юм.


Гренландын нохой



  • Гарал үүсэл: Гренланд болон Арктикийн бүс нутагт Иннуит хүмүүсийн ан ав, ачаа тээвэрлэх хэрэгцээг хангах зорилгоор хөгжсөн.
  • Гадаад төрх: Том, булчинлаг биетэй; зузаан, давхар үс, хүйтэнд дасан зохицох гайхалтай чадвартай.
  • Шинж чанар: Тэсвэр хатуужилтай, хүчтэй, бие даасан зантай. Ихэвчлэн багийн чарга чирэхэд ашиглагддаг.
  • Онцлог үүрэг: Гренландын нохой нь туйлын хүнд хэцүү нөхцөлд ан хийх, ачаа зөөх зэрэгт мэргэшсэн.



Хаски (Siberian Husky)



  • Гарал үүсэл: Оросын Сибирь нутгаас гаралтай, Чукчи хүмүүсийн цасны чарга чирэхэд ашигладаг байсан.
  • Гадаад төрх: Илүү нарийн, дунд зэргийн биетэй; цэнхэр эсвэл бор нүдтэй; ихэвчлэн нүүрэн дээрээ маск шиг хээтэй байдаг.
  • Шинж чанар: Найрсаг, эрч хүчтэй, ухаалаг. Хурдтай чирэхэд тохиромжтой.
  • Онцлог үүрэг: Хурдан хөдөлгөөн хийхэд тохиромжтой тул уралдааны чарганд их ашиглагддаг.



Ялгаа



  • Хэмжээ ба хүч: Гренландын нохой илүү том, хүчтэй; хаски илүү хөнгөн, хурдтай.
  • Хэрэглээ: Гренландын ноход тэсвэр тэвчээр шаарддаг хүнд ажлыг гүйцэтгэдэг бол хаски нь хурд шаардсан ажлуудад илүү тохиромжтой.
  • Гарал үүсэл: Хоёр үүлдэр өөр өөр газар нутагт хөгжиж, өөр өөр зориулалтаар ашиглагджээ.


Эцэст нь дүгнэхэд энэ арлын мөсийг хайлуулахгүй байж экосистемийг хадгалан үлдэх нь дан ганц Даничуудын асуудал биш гэдгийг харлаа. Тэгэхээр бид өөрсдийн хэрэглээ болон сонголтоороо энэ их үйлсэд нөлөөлж чадахыг бүр заавал дурдмаар байна. Хамгийн наад захын, энгийн хэрнээ үр дүнтэй зуршил бол хоолны хаягдал гаргахгүй байх. Бидний хэт хэрэглээ болон хоолны хаягдал дэлхийн дулааралд маш их нөнөөлж байдгийг тооцоолж ухамсартай сонголт хийж сурахыг уриалмаар байна. Ялангуяа гадаадад аялж яваа нутаг нэгтнүүдээ харахад зочид буудлуудын өглөөний цайн дээр маш их хоол овоолж аваад тэр чигт нь үлдээж байгааг харах үнэхээр хэцүү байдаг. Жижиг дадал бидний дэлхийг аврах том алхам байдаг юм гээд  энэ нэвтрүүлгээ өндөрлөе.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0