2025/02/04

МАЧУ ПИКЧУГИЙН НУУЦЛАГ БАЙГУУЛАМЖ

 


Мачу Пикчугийн нууцлаг байгууламж


1911 оны долдугаар сарын 24-ний өглөө. Перугийн өтгөн ширэнгэн ойд, Йелийн их сургуулийн профессор Хайрам Бингхэм нэгэн алдарт "алга болсон хот"-ыг хайх, нууцлаг эрэлд гарчээ. Тэрээр Инка эзэнт гүрний сүйрлийн тухай домгийг даган, хааны алтан эрдэнэсийг нуусан хэмээн яригддаг Вилькабамба хэмээх газрыг хайж байв.

Бингхэмийн эрэлийн баг яг тэр Вилькабамба биш ч гэсэн 13 км  квадрат талбай (хааш хаашаагаа 4 хүрэхгүй км урттай) бүхий Инкагийн балгас хотыг илрүүлсэн бөгөөд нутгийн иргэд үүнийг "Мачу Пикчу" хэмээн нэрлэдэг гэж түүнд тайлбарлаж байжээ. 

Мачу Пикчу хот:

Мачу Пикчу хотыг Инкагийн эзэнт гүрний оргил үед буюу 15-р зууны дунд үед байгуулжээ. Андын нурууны уулсын дунд байрлах бөгөөд үндсэн 3 хэсгээс бүрдэж байж: 

Ариун ёслолын хэсэг: Сүм хийд, нарны шүтлэгийн төвүүд.

Хааны ордон ба амьдрах хэсэг: Хааны гэр бүл болон эрх мэдэлтнүүдийн амьдрах орчин.

Хөдөө аж ахуйн бүс: Террасууд буюу шаталсан тариалангийн талбай.

Хот ид хөгжлийнхөө үедээ байнгын оршин суугч 300–1,000 орчим хүн байсан гэж үздэг. Хааны гэр бүл, лам нар, албатуудын 200 орчим барилгаас бүрддэг. Эдгээр нь сүм хийд, хааны ордон, хад чулуун террас, усан сан зэргийг агуулдаг.

Хотыг яагаад ийм өндөрлөг газарт барьсан, ямар шалтгаанаар орхигдсон нь өнөөг хүртэл эрдэмтдийн хувьд тайлагдашгүй нууц хэвээр байдаг. Гэхдээ тэдний уулсыг бурхан гэж итгэдэг байсан итгэл, бишрэлтэй холбон тайлбарлаж болох санагддаг. Уулсыг тэд өвөг дээдэс, амьдралын эхлэл гэж үздэг байжээ. Энэ итгэл нь Инкагийн хотуудын байрлалыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлсэн. Мачу Пикчу, Уата зэрэг өндөрлөг газарт баригдсан хотууд нь тэдний байгалийг хүндэтгэх үзлийг баталж байна.

Инкагийн гайхалтай чулуун урлал

Инкачууд үнэхээр гайхамшигтай чулуун барилгууд барьдаг байсныг "ашлар" хэмээх онцгой технологиор бүтээжээ. Тодруулбал, Хематит нэртэй маш хүнд, бат бөх чулууг багаж хэрэгслээ болгон ашиглаж, дэлхий дээрх хамгийн хатуу чулуунуудын нэг боржин чулууг сийлдэг байжээ. Ингэхдээ тэд:


  • Барилгын чулуу бүрийг цементгүйгээр хооронд нь төгс тааруулсан, 
  • Өнөөдрийх шиг технологи байгаагүй ч, уулын оройд ийм төгс барилгуудыг босгосон, 
  • Мачу Пикчугийн барилгын 60% нь газар доорх бүтцээс бүрддэг гэж тооцоолж байна.
  • Хотын ус зайлуулах систем нь борооны усны урсгалыг зохицуулж, хотыг үерт автахгүй болгосон инженерчлэлийн шийдэлтэй. 


Энэ нарийн ур чадвар нь барилгачдын гарын ур, оюуны цар хүрээг харуулдаг бөгөөд орчин үеийн инженерүүд хүртэл үүнийг гайхан судалсаар байна. 

Сонирхолтой таамаг

Инкачуудын Мачу Пикчуг бүтээсэн үнэхээрийн төгс гүйцэтгэлийг харсан зарим судлаачид энэ хотыг босгоход тэд ганцаараа байгаагүй гэж таамагладаг. Яагаад гэхээр хотын төвд байрлах зарим чулуу 50 тонноос дээш жинтэй бөгөөд хэрхэн тээвэрлэж, ингэж нарийн тааруулсан нь өнөөг хүртэл нууцлаг хэвээр. Мэдээж харийнхны оролцооны тухай энэ таамаг шинжлэх ухааны үндэслэлгүй гэж дүгнэгддэг. Гэхдээ амнаас ам дамжсэн нэгэн домог яалт ч гүй уг таамгийг нилээн үндэслэлтэй мэтг харагдуулдаг.

Инка домог ба Пачакүти хаан

Инкачуудын домогт Пачакүти хаан хэмээх удирдагчийн тухай сонирхолтой түүх бий. Энэ домгийн ерөнхий утга нь тэнгэрээс нэгэн ер бусын объект бууж ирсэн бөгөөд дотроос нь нэгэн амьтан гарч ирээд Пачакүти хаанд ирээдүйн ялалтын тухай зөгнөл хэлж, түүний цэргүүдийг дэмжсэн гэх утгатай. Энэ ер бусын объект гээд байгаа зүйл нь сансрын хөлөг эсвэл түүнтэй төстэй зүйлийг санагдуулдаг.  Энэ сонирхолтой өгүүлэмж Инка соёл иргэншлийн үүсэлтэй холбоотой байж болзошгүй харийн нөлөөний талаар бодоход хүргэдэг ажээ. Гэвч энэ нь одоогоор батлагдаагүй бөгөөд илүү домгийн шинж чанартай хэвээр л байна. Гэхдээ нөгөө  талаасаа үүнийг батлах гэсэн юм шиг Мачу Пикчү хот тухайн үеийн технологийн боломжоос хэт давсан төгс гүйцэтгэлээ гайхуулаад одоо ч оршиж байдаг нь үнэхээр сонирхолтой. 

Пачакүти хааны мумми ба Инкагийн хойд насны үзэл

Инкачууд нас барсан удирдагчдаа оршуулахдаа онцгой зан үйл хийдэг байв. Тэд удирдагчдаа бунхалж, хойд насны амьдралд нь бэлтгэж, тэдний сүнсийг үр хойчоо хамгаалж үлддэг гэж итгэдэг байжээ. Пачакүти хааны муммиг Испанийн байлдан дагуулалын үед алга болсон гэж үздэг ч, зарим судлаачид түүний шарилыг Мачу Пикчуд нуусан байж магадгүй гэж таамагладаг.

2012 онд Францын археологич Тьерри нэгэн судалгааг удирдаад дээрх таамгийг үнэн лүү нилээн дөхүүлж. Судалгаа газрын гүний радарын тусламжтайгаар Мачу Пикчу дахь "Гурван цонхны сүм"-гэх байгууламжийн доор нууц танхим байгааг илрүүлсэн. Энэ танхимд их хэмжээний металл, алт мөнгөн эдлэл байгааг илрүүлжээ.

Энэ үнэхээр үнэн байгаад Перучууд эртний хааныхаа шарилыг харийн түрэмгийлэгчдэд алдаагүй байгаасай л гэж үнэн сэтгэлээсээ хүсч байна. Цаашлаад дараагийн Индиана Жонсын цувралын санаанууд урган гарч бодит биеллээ олоосой л гэж хүсч байна даа. Гэснээс "Индиана Жонс ба Болор гавлын хаант улс" кино нь Мачу Пикчу болон Инка соёлыг шууд харуулахгүй ч, киноны зарим үйл явдал нь Перугийн ширэнгэн ойд өрнөдөг бөгөөд эртний соёл иргэншил, домог, олдворуудыг судлахад чиглэгдсэн байдаг тул Инка соёлын зарим шинж чанарыг санагдуулахуйц хэсгүүдийг багтаасан байдаг. 

Энэ түүх бас манай түүхтэй төстэй ч юм шиг. Чингис хааны амьдрал, өв, түүнтэй холбоотой түүхүүд дэлхийн олон эрдэмтэн, судлаачдын сонирхлыг татдаг ч, түүний онгоны байрлал нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр, оньсого мэт байгаа нь төстэй юм тийм ээ. Чингис хаан Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, дэлхийн түүхэнд хамгийн том газар нутгийг нэгтгэсэн их удирдагч байсан билээ. Гэвч түүний нас баралт болон онгоны байрлалын талаархи мэдээлэл тодорхой бус байдаг. Тийм ч учраас дэлхийн тэрбумтнуудын санхүүжилттэй хайгуулын экспедицүүд Хэнтий хавьд явагдаж ирсэн. Учир нь “Монголын Нууц товчоо" -дээр бол түүний онгоны байрлалын тухай тодорхой зүйл дурдагдаагүй ч "Юань улсын судар", Хятадын түүхэн бичигт түүний онгоныг Бурхан Халдун уулын орчимд оршуулагдсан гэж тэмдэглэсэн байдаг. Их гүрнүүдийн эздийн онгон болон бунхан адал явдал, алдар нэг хайгчдын сонирхлыг үргэлж татсаар байдаг байх нь ээ. 

Сонсогчиддоо зориулаад Инкачуудын талаар багахан дэлгэрүүлээд ярихад, 1500-аад оны үед Америк тивд хоёр хүчирхэг соёл иргэншил зэрэгцэн оршиж байв. Хойд Америкт ацтекчууд Теночтитлан хэмээх дэлхийн хамгийн том хотуудын нэгийг байгуулсан бол Өмнөд Америкт Инкачууд дэлхийн хамгийн том эзэнт гүрнүүдийн нэгийг захирч байлаа. Инкачууд Майя болон Ольмекүүдийн дараа үеийнх боловч, тэдгээрийн адил технологийн хязгаарлагдмал нөхцөлд гайхамшигт чулуун барилгуудыг бүтээжээ. Гэвч Инкачууд Мексик, Гватемалын хөршүүдээсээ онцгой ялгарч, өөрийн гэсэн өвөрмөц соёл иргэншлийг цогцлоосон юм. Тэдний оргил бүтээл нь Мачу Пикчу хэмээх гайхамшигт хот билээ.

Цементгүйгээр эвлүүлсэн асар нарийн бүтэцтэй чулуун байгууламжаас бүрдсэн Мачу Пикчүг тэгвэл бид дэлхийн хамгийн том пазл гэж болмоор ч юм шиг. Тэгээд бүр далайн төвшнөөс дээш 2500 метрийн өндөрт, уулын оройд төгс бүтээгдсэн энэ аварга том пазл нь зөвхөн Инкагийн соёлын гайхамшиг биш, 1983 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдэж. Мөн 2007 онд дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн. Дэлхий дээр шударгаар санал хураалтаар нэрлэгдсэн 7 хон ширхэг гайхамшгийн нэг гэхээр үнэхээр хайрлам бас хамгаалам  санагдаж байгаа юм. 

Пазл гэхээр сонсогчид маань энэ тоглоомын гол зарчим юу билээ гэж бодож байж магад. Пазл тоглоом нь хоорондоо төгс зохицох жижиг хэсгүүдийг эвлүүлэн нэгэн бүхэл бүтэн дүрс эсвэл бүтцийг бий болгохыг шаарддаг. Мачу Пикчу хот бол яг энэ зарчмаар бүтээгдсэн нь үнэхээр гайхалтай.  

 

Испанийн байлдан дагууллын түүх

Инкачуудын соёл, шашны уламжлалд алт, мөнгө нь эдийн засгийн үнэ цэнээс илүүтэй шашны бэлгэдлийн үүрэгтэй байсан. Алт бол “Нарны бурхан Интигийн гэрэл” гэж үздэг байв. Гэвч Испанийн байлдан дагуулагчдын хувьд эдгээр нь зөвхөн ашиг, баялаг байсан тул Инкагийн хот суурингуудыг их хэмжээгээр сүйтгэжээ.

Мачу Пикчу нь Испанийн байлдан дагуулагчдын сүйтгэлээс бүтэн үлдэж чадсан цөөн хотуудын нэг юм. Үүний шалтгаан нь тус хот алслагдсан байршил, өтгөн ой модоор хучигдсан байрлалтай холбоотой. Испаничууд тус хотыг огт олж илрүүлээгүй тул Мачу Пикчу өнөөг хүртэл хадгалагдсан ховор түүхийн эзэн юм.

Хүүхэд залуустаа зориулаад Испаний байлдан дагуулал болон Колоничлолын эрин үеийн талаар багахан дэлгэрүүлээд өгье.  Испани, Португал, Англи зэрэг Европын орнууд Америк тивийг судлах, колоничлох, байгалийн баялагт нь хяналт тавих ажлыг 15-р зуунд эхлүүлсэн. Гол зорилго нь алт, мөнгө зэрэг баялагийг булаан дээрэмдэж, эдийн засгаа өсгөж, өөрсдийн эрх мэдлийг илүү бататгахаас гадна католик шашныг Америкт түгээн дэлгэрүүлэх байсан. Энэ их том зорилгыг нь боломжтой болгож өгсөн хүн нь алдарч аялагч Христофер Колумб. Түүний 1942 оны анхны түүхэн гэж нэрлэгдэх аяллыг Испанийн хаан санхүүжүүлснээр энэ их дээрэм тонуул, аллага хүчирхийлэл, боолчлол эхэлж байжээ. Тийм учраас энэ аяллыг хүн төрөлхтний түүхэнд эерэг ба сөрөг нөлөөтэй онцгой үйл явдал байсан гэж тэмдэглэдэг. 

Испанийн байлдан дагууллын ул мөр

Инкачуудын хувьд алт бол "Нарны хүү"-гийн бэлгэдэл харин мөнгө нь сарны бурхан Мама Киллагийн бэлгэдэл гэж үзэгддэг байсан тул эдгээр металлууд шашны хэрэглээнд нь чухал байр суурь эзэлдэг учраас л тийм чамин тансаг чимэглэлтэй хотуудыг барьдаг байж. Харамсалтай нь Испанийн байлдан дагуулагчид эдгээрт шунан татагдаж эзлэн түрэмгийлэх явцдаа Инкагийн удирдагч Атауалпаг барьж, түүнийг суллахын тулд их хэмжээний алт, мөнгө шаардсан ч эцэст нь хороосон байдаг.

Инкагийн хотуудын алт, мөнгөн эдлэлүүдийг Европ руу зөөж, эдийн засгийн ашиг олсон бөгөөд нөгөө талдаа Инкагийн соёлын ихэнх өвийг сүйтгэсэн байдаг. 

Устгаж, сүйтгэж байсан шалтгаанууд: 

Шашны шалтгаан


  • Испаничууд тухайн бүс нутгийн ард түмнийг католик шашинд оруулахыг зорьж, тэдний шүтээнүүд, ёслолын газруудыг "хуурамч шүтлэг" гэж үзэн устгах нь элбэг байв.
  • Инкагийн болон Майягийн сүм хийдүүдийг нурааж, тэдгээрийн оронд католик сүм барьдаг байв. Жишээлбэл:


Эдийн засгийн ашиг


  • Испаничууд Инкагийн болон бусад соёл иргэншлүүдийн алт, мөнгөн эдлэл, үнэт зүйлсийг хулгайлж, Европ руу зөөвөрлөн ашиг орлого болгож байв.
  • Зарим барилга байгууламжийг зүгээр л эдгээр материалыг ашиглахын тулд устгасан.


Цэргийн стратеги


  • Испаничууд тухайн нутгийн ард иргэдийг захирч, айдас төрүүлэх зорилгоор томоохон барилгуудыг нураадаг байв.
  • Соёлын өвийг устгаснаар тухайн соёлын сэтгэл зүйн тулгуурыг үгүй хийж, байлдан дагуулах ажлыг хялбарчлах зорилготой байжээ.


Гэсэн хэдий ч бүх зүйл устгагдсан гэж хэлж болохгүй. Испаничуудын зүгээс хүндэтгэлтэй хандсан зарим барилга ч бий.

Инти Ватана чулуу: Нарыг “уях” философи

Инкачууд нарны бурхан Интиг хамгийн дээд шүтээнээ гэж үздэг. Тийм ч учраас хотын барилга байгууламжуудыг нарны хөдөлгөөнтэй уялдуулан барьсан байдаг. Хотын төвд нь бөгөөд хамгийн өндөрлөг цэг дээр Инти Ватана гэх чулууг байрлуулсан байдаг. Уг чулуу нь зөвхөн ёслолын зориулалттай биш, харин одон орны цаг тооны бичгийн багаж байсан учраас Инкачуудын одон орны гайхамшигтай мэдлэгийг илтгэх онцгой дурсгал юм. Энэхүү чулуу нь жилд хоёр удаа тохиох өдөр шөнийн тэнцлийн үеэр (эквинокс) нарны туяаг яг зөв өнцгөөр хүлээн авах байдлаар бүтээгдсэн байдаг. Өдөр шөнийн тэнцлийн үед нар дэлхийн экваторын дээр байрлаж, дэлхий даяар бараг бүх газарт нарны гэрэл газар дээрх сүүдрийг бараг алга болгодог.

Интиуатана чулууг тусгайлан 13 хэмийн өнцгөөр засаж, энэ үзэгдлийг нарийвчлалтайгаар тэмдэглэх боломжтой болгожээ. Эквиноксийн өдөр, нар яг дээд цэгтээ хүрэхэд, Интиуатана чулуу болон түүнийг хүрээлэх орчинд ямар ч сүүдэр үүсдэггүй. Энэ нь Инкачууд нарны хөдөлгөөнийг маш нарийн судалж, чулууг яг зөв байрлалд тааруулж зассан болохыг харуулдаг.

Орчин үеийн технологи ба судалгаа

21-р зууны дэвшилтэт технологи, тухайлбал LiDAR зураглал, хиймэл дагуулын судалгааны тусламжтайгаар Мачу Пикчугийн талаар илүү нарийвчилсан ойлголтууд гарч иржээ. Судлаачид Инкачуудын өмнөх соёл иргэншлийн ул мөрийг илрүүлсэн бөгөөд Инкачууд тухайн үеийн соёлыг хэрхэн өөрийн соёлд уусган хөгжүүлснийг судалж байна.

Өөр нэгэн судалгааны баг Мачу Пикчугийн ойролцоох газруудад Инкагаас өмнө амьдарч байсан соёл иргэншлүүдийн ул мөрийг илрүүлж, энэ хот хэрхэн үүссэнийг ойлгоход илүү дөхөм болжээ. Инкачууд тухайн орон нутгийн соёлуудыг өөрсдийн итгэл үнэмшил, архитектурт нэгтгэн хөгжүүлсэн байна. Энэ бүхнээс Мачу Пикчу нь зөвхөн Инкачуудын чадвар бус, олон үе дамжсан, өмнөх соёл иргэншлүүдийн нийлбэр, цогц бүтээн байгуулалтын үр дүн болохыг харж болно.

Аялал жуулчлал: 

Мачу Пикчу руу жилд ойролцоогоор 1.5 сая гаруй хүн аялдаг. Энэ эртний хотын туурь нь Перугийн аялал жуулчлалын хамгийн чухал төв бөгөөд жилд ойролцоогоор 1.5 сая гаруй жуулчин Мачу Пикчуг зорьж ирдэг. Ирсэн жуулчин бүр  дунджаар 60-150 ам.доллар зарцуулдаг бөгөөд хотын захиргаа тасалбарын борлуулалтаас гэхэд л 90-225 сая ам.долларын орлого олдог. Жуулчид зочид буудал, хоол хүнс, аяллын хөтөч, тээвэр, бэлэг дурсгалын зүйлс гэх мэт бусад зүйлд нийтдээ 3-5 тэрбум ам.долларын эдийн засгийн орлого оруулдаг гэсэн тооцоо бий. Энэ нь Перугийн ДНБ-ий 2-3%-ийг бүрдүүлдэг гэж судлаачид үздэг.

Гэхдээ Мачу Пикчугийн хэврэг экосистемийг хамгаалахын тулд жуулчдын тоонд хязгаарлалт тавьдаг. 2019 оны байдлаар өдөрт дээд тал нь 2,500 орчим хүн нэвтрэх зөвшөөрөлтэй байв. Үүний зэрэгцээ, ЮНЕСКО болон Перугийн Засгийн газар энэ түүхэн дурсгалт газрын хамгаалалтад ихээхэн анхаарал хандуулж, хэт олон жуулчнаас үүдэлтэй элэгдэл, эвдрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Ингээд Мачу Пикчугийн гайхамшигт аяллаа өндөрлөе.

Энэхүү өндөрлөг хот нь зөвхөн Инкагийн соёлын төдийгүй хүн төрөлхтний оюун санаа, инженерчлэлийн гайхамшиг юм. Түүний нууцлаг байдал, сүрлэг гоо үзэсгэлэн нь өдгөө ч бидний сэтгэлийг эзэмдсээр байна. Мачу Пикчу бол зөвхөн түүхэн дурсгал төдийгүй, бидний эртний өвөг дээдэс ямар их оюун ухаан, хүч чадалтай байсныг илтгэх төгс жишээ билээ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0