2025/02/04

МАДАГАСКАР


Маш олон аялагчдын хүслийн жагсаалтад багтаж чаддаг нэгэн арлаар өнөөдөр аялцгаая. Талбайн хэмжээгээрээ дэлхийн дөрөв дэх том арал гэж тооцогддог ч зарим тохиолдолд 8 дахь эх газар гэх юм биш үү гэсэн маргааныг дэгдээгч энэ газрын нэр бол Мадагаскар. 

Мэдээж энэ нэрийг сонссон ихэнхи хүний сэтгэлд нэгэн хүүхэлдэйн киноны дүрүүд жирэлзэн орж ирж байгаа байх. Угаасаа байгаль эх харамгүй хайрласан “зөвхөн” бас “хамгийн” гэж хэлж боломжтой онцгой сонин амьтан, ургамлын диваажин болсон энэ газар “Мадагаскар” хүүхэлдэйн киноны буянаар бүр л илүү хүсэмжит, аялмаар газар болсон нь ойлгомжтой. 

Киноны хайр татам дүрүүдийн нэг болох Жулиан хаан буюу уг арлын билэг тэмдэг болсон Лемур болон бусад амьтдыг зөвхөн энэ арал дээр л байгаль дээр харах боломжтой ажээ.

Арал нь арал гэхдээ эрдэмтэд яагаад "8 дахь тив" гэдэг нэршлийг гаргаж тавиад байдаг шалтгааныг тайлбарлах нь зөв байх. Мадагаскар арал нь туйлын өвөрмөц байгаль, экосистемийг үүсгэсэн байдаг учраас түүний ач холбогдлыг онцлон тэмдэглэж, хамгаалах шаардлагатай гэдгийг сануулах зорилготой байдаг юм байна. 

За тэгвэл яг юу юу тийм онцгой болгоод байгааг дэлгэрүүлье: 


  1. Дэлхийд хосгүй биологийн төрөл зүйл:



Мадагаскарын амьтан, ургамлын 90 орчим хувь нь зөвхөн тус аралд байдаг буюу эндемик төрөл зүйл юм. Жишээ нь, лемур, баобаб мод, хамелеоны төрөл зүйлүүд.


Эдгээр амьтан, ургамлуудыг өөр хаана ч олж харах боломжгүй. Энэ нь Мадагаскарыг экосистемийн хувьд "тусдаа ертөнц" гэж үзэх үндэслэл болдог.


  1. Геологийн гарал үүсэл


Энд Гондвана хэмээх эртний супер тивийн хуваагдлыг тайлбарлах шаардлагатай болно:


  • 185 сая жилийн өмнө, Юрийн галавын үед, эхний хуваагдал явагдаж Зүүн болон Баруун Гондванаг үүсгэсэн. Зүүн Гондвана нь Мадагаскар, Антарктид, Австрали, Энэтхэгийн хойг зэргийг нийлүүлсэн эх газрыг үүсгэсэн бол Баруун Гондвана нь Африк, Өмнөд Америк-ийг нийлүүлсэн эх газар болж.  
  • 125 сая жилийн өмнө буюу Хожуу Цэрдийн галавын үед Энэтхэг-Мадагаскарын хуурай газар Антарктид болон Австралиас салсан
  •  84–92 сая жилийн өмнө, Мадагаскарын хуурай газар Энэтхэгийн хуурай газраас тусгаарлагдсан байна.


Энэ тусгаарлалт нь арлын байгаль, экосистемийг дэлхийн бусад газраас огт өөр болгох үндсэн шалтгаан болсон.


  1. "Эволюцийн лаборатори" хэмээн нэрлэгдэх Дэлхийн экологийн чухал бүс:


Тус арал дээр амьтан, ургамлын хувьсал дэлхийн бусад газартай харьцуулахад илүү өвөрмөцөөр явагдсан учраас Мадагаскар нь дэлхийн эко-системийн чухал бүсэд тооцогддог. Иймээс уг арлын экосистемийнх нь нөлөө зарим тивтэй дүйцэхүйц. Жишээ нь, лемур бол Гондванагийн хуурай газрын салалтын дараах тусгаарлалттай холбоотойгоор энд хөгжсөн.

Сонсогчид маань 4 дэх том арал гэхээр хэр том бол, мөн эхний гуравт аль аль арлууд ордог бол гээд сониучирхаж байгаа байх. Арлын урт 1600 км, өргөн 600 км гаран, талбайн хэмжээ 587 мянган км². Украйн болон Францын нутаг дэвсгэртэй нилээн ойролцоо, Британийн арлаас хоёр дахин том  хэмжээтэй. 

Хамгийн том арлын жагсаалтыг:

1. Гренланд -Мадагаскараас 4 дахин том (2,166,086 км²).

2.  Нью Гвиней: 786,000 км² буюу Мадагаскараас ойролцоогоор 1.3 дахин том.

3. Борнео: 743,330 км² буюу мөн арай том. Гээд эдгээрийн араас бидний өнөөдрийн сэдэв Мадагаскар ордог байх нь ээ. 

Мадагаскарын амьтан, ургамлын 90 орчим хувь нь зөвхөн тус аралд байдаг гэдгийг дахин сануулаад тэдгээрээс хамгийн сонирхолтой төрөл зүйлийг багахан дэлгэрүүлж ярья:

Баобаб мод

Баобаб мод нь Австрали, Африкийн хуурай саваннад ургадаг. Адансония төрөл зүйлд багтдаг. Мадагаскар арал дээр дэлхийд мэдэгдэж буй баобаб модны 9 төрлөөс 6 нь ургадаг. 

Дэлхийн хамгийн бүдүүн моддын нэг. Модны их биеийн диаметр 8 м, өндөр 18 – 25 м хүрдэг. Онцгой хэлбэрээс нь болж "үндсээрээ дээш ургадаг мод" гэж бас нэрлэгддэг. Жилийн 12 сарын 9 сард нь баобаб мод навчгүй байдаг бөгөөд нүцгэн мөчир  нь үндэс шиг харагддагаас энэ нэр улбаатай юм.

Навчаа ийм урт хугацаанд гөвдөг нь чийгээ алдахгүй байх зохицолдлогоо юм. Модны өргөн их бие ус чийгийг өөртөө их хэмжээгээр шингээн удаан хугацаанд хадгалалдаг. Харин хуурай улиралд ус чийгээ алдахын хэрээр их бие агшин жижгэрдэг ч, эргээд ус чийг элбэг болохын цагт дахин тэлж хөөдөг.  

Нас бие гүйцсэн баобаб мод 100 мянган литр хүртэл ус хуримтлуулдаг гэж үздэг ч үүнийг яг таг хэмжсэн хүн байхгүй. Түүнчлэн баобабын насыг яг таг нарийн тооцох аргагүй байна. Учир нь энэ модонд насны бүтцийг тодорхойлох модны жилийн цагираг байдаггүй. Зарим эрдэмтэд баобабыг мод биш харин суккулент ургамлын төрөлд хамааруулдаг. (Суккулент гэдэг нь цаг уурын хатуу нөхцөлд чийгээ хадгалагч ургамал). Хэчнээн өндөр нь 30 метр хүрдэг ч, баобабын бидний цонхны тавцан дээр ургадаг зуун наст, мөнгөний модтой төрөл нэг юм.  Өмнө хэлсэнчлэн насыг нь тодорхойлох аргагүй ч, эрдэмтэд зарим нэг мод 1000 – 5000 нас хүрсэн байх гэж үзэж байгаа юм. Энэ төрлийн ургамлын адил Баобабын цэцэг хэмжээгээр том 20 см, ганцхан шөнө дэлбээлдэг богино настай. 

Энэ модонд хаях юм байдаггүй. Хүмүүс бараг бүхэлд нь ашигладаг. Шинэхэн навчаар нь салат, хатаасан навчаар амтлагч хийдэг.  Үр жимсийг идэж болох бөгөөд витаминаар  маш баялаг. Бидний мэдэх өргөст хэмх, амтат гуатай төстэй. Жимсний зөөлөн эдийг хүнсэндээ шууд юм уу болгож хэрэглэнэ. Харин үрийг нь шарж нунтаглаад кофены оронд хэрэглэдэг. Баобабын холтос ширхэгтэй тул олс, загасны тор, гудас, тэр ч байтугай, тааран даавуу хүртэл нэхдэг. Заримдаа модны их биеийг оромж, агуулах, усны сав болгон ашигладаг. Цэцгийн дохиурыг цавууны оронд ашигладаг. 

Баобабт хүн байтугай амьтад дуртай. Бабун сармагчин жимсэнд их дуртай байдгаас баобабыг "сармагчны талхны мод" гэж нэрлэдэг. Хуурай улиралд заанууд баобабыг мөчир, холтос гээд юу ч үлдээлгүй бүхэлд нь идэж амиа зогоодог.

Баобабын цэцэрлэгт хүрээлэн

Баобабын алдарт цэцэрлэгт хүрээлэн жуулчдыг бишрүүлдэг. Замын хоёр талаар сүрлэг баобаб модод эгнэн ургасан байдаг бөгөөд уг хүрээлэн сүүлийн 10 орчим жил байгаль хамгааллын төв болоод байгаа.  Эдгээр модыг "ойн эх" гэж нэрлэдэг. Халуун орны шигүү ой болон ургамлын аймгийг энэ моддоос үүссэн гэж үздэг.

Орон нутгийн иргэд зарим баобаб модондоо нэр хайрласан байдаг. Тухайлбал, моддын их бие хоорондоо орооцолдсон ургасан хос баобабыг "дурлалт баобабууд" гэж нэрлэдэг. 

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг дэлхийн хамгийн өвөрмөц ой гэж үздэг. Энэ газрыг дэлхий даяар мэддэг бөгөөд жинхэнэ аялагч хүний заавал үзэх ёстой газрын нэг. 

Лемур (Мадагаскарын бэлгэ тэмдэг

Леймур бол зөвхөн Мадагаскарт байдаг амьтан юм. Эдгээр хөгжилтэй амьтад мичний багт хамаарах боловч тэднийг сармагчинтай андуурах нь элбэг. Гэвч лемур сармагчинаас ч илүү эртний төрөл зүйл бөгөөд орчин үеийн сармагчны өвөг дээдэс гэж үзэх үндэстэй. 

Мадагаскарт 28 орчим төрлийн лемур амьдардаг. Хамгийн том нь индри бөгөөд тэдний жин 10 кг хүрдэг бол хамгийн бяцхан лемур ердөө 30 грамм жинтэй байдаг. Төрлөөсөө шалтгаалан өдөр эсвэл шөнийн идэвхтэй амьдралтай байдаг. Хоол хүнсээ хайж модонд сайн авирахаас гадна газраар чөлөөтэй хөдөлж явдаг.

Лемур ургамал ногоогоор гол төлөв хооллодог ч, заримдаа шувууны өндөг, зөгийн бал идэх дуртай. Лемурын нийтлэг төрх бол том дугуй нүд, өтгөн үс, урт сүүл, хойд хөлөнд байх хоёр дахь хуруу юм. Энэ хуруу урт хумстай бөгөөд хумсаараа өтгөн үсээ самнаж, арьс үсний завсар орсон элдэв шавьж, шорооноос салдаг болохоор “ариутгагч” гэх нэртэй. 

Лемур нүднээсээ болж лемур нэртэй болсон байдаг. Эртний Грекийн домогт шөнийн онгодыг ийн нэрлэдэг байжээ. Шөнө ойд тас харанхуй байхад лемурын нүд хэнийг ч айлгахаар гэрэлтэж харагддагтай холбоотой юм. Өдрийн цагаар бол лемур шиг хөөрхөн амьтан үгүй юм. Түүний бүлтгэр нүд, өхөөрдөм төрх интернет орчинд олон алдартай мемийг бий болгосон.

Сүүл нь лемурын бахархал юм. Урт, уяхан сүүл модны мөчирт дүүжлэгдэн бэхлэгдэх зэрэгт ихэд нэмэртэй, бараг нэмэлт мөч шиг үүрэг гүйцэтгэдэг. Зарим төрлийн лемурын сүүл биеэс нь хүртэл  урт байдаг. Харин муур лемур (катта) хар цагаан судалтай сүүлээрээ биеэ чимдэг. Судалтай сүүл нь холоос хүртэл ялгарч харагдахуйц тод байдаг. Лемурууд бугалганы булчирхайгаас ялгарах хурц үнэртэй шингэнийг сүүлэндээ түрхэж, сүүлээ нурууныхаа арыг цохин  өрсөлдөгч нараа үргээн хөөдөг. 

Мадагаскарын лемуруудын дунд хамгийн цөөн тоотой ховор таардаг лемур бол ай ай юм. Энэ шөнийн амьдралтай амьтан биеэр муурны хэмжээтэй, өхөөрдөм гэмгүй царайтай. Малагасийчуудын домогт яагаад ч юм, ай ай лемуруудыг өвөг дээдсийн сүнс бөгөөд ай айыг харсан хүний үхэл ойртсоны дохио гэж үздэг байв. Энэ шалтгаанаар тэднийг олон жилийн турш хайр найргүй устгаж байжээ. Гэвч угтаа ай айн амьдардаг Мадагаскарын зүүн хойд эргийн ой модыг устаснаар тоо толгой нь эрс цөөрсөн юм.

Лемур бол арлын амьд бэлгэ тэмдэг. Нутгийн иргэд тэднийг ариун хэмээн үздэг. Учир нь хүн үхсэний дараа сүнс нь лемурын биед ордог гэж итгэдэг.

Сонирхолтой баримт: Лемуруудын хувьд матриархат буюу эхийн эрхт ёс ноёлдог.  

Равенала (Мадагаскарын бэлгэ тэмдэг)

Равенала бол Мадагаскарын үндэсний бэлгэ тэмдэг болсон аварга том ургамал юм. Хүмүүс аварга том дэвүүр шиг, зарим нь тогосны сүүл шиг ургамал гэдэг. Жуулчдын анхаарлыг ихээр татдаг энэ ургамлыг нутгийнхан онцгойлон хайрлаж, тэр ч бүү хэл Мадагаскарын агаарын тээврийн компанийн лого болгосон байдаг.

Энэ гайхамшигт модны онцлог юу вэ? Равеналаг бас "аялагчдын мод", "худаг мод" гэх зэргээр бас нэрлэдэг. Энэ ургамал стрелитцийн ургамлын овгийн цорын ганц төлөөлөгч. Ойрын төрөл зүйлгүй ганцхан их биетэй бут юм. Холын  хамаатныг нь нэрлэе гэвэл гадил модыг хэлж болно. Гэвч гадилын навч газраас ургадаг бол равеналын навч ишнээс ургадаг онцлогтой.

Равенала үнэхээр гоёмсог төрхтэй тул ямар ч хүний анхаарал татдаг. Бүлээн салхинд найган хөдлөх аварга том дэвүүр мэт харагдах энэ ургамал намайг хараач, миний гоо үзэсгэлэнг үнэлээч, сүүдэрт минь амраач гэсэн шиг мэдрэмж төрүүлдэг.

Равеналын бүтэц, өвөрмөц шинж чанар Равеналагийн их бие харьцангуй богино. Мөчир, навч тогосны сүүлтэй төстэй хавтгай хэлбэр үүсгэн ургадаг. Залуу ургамал эхэндээ их биегүй, хөрснөөс навч шууд ургасан мэт харагддаг. Гэвч нас ахихын хэрээр их бие 4 метр өндөр болдог. Навчнууд ч их биенээсээ дутахгүй урган, уртаашаа 7 метр хүрдэг. Нэг модон дээр 30 орчим навч ургах бөгөөд навч захаараа сэмэрч урагдсан байдалтай бөгөөд навч, их биеийг холбох урт ишнүүд ус хуримтлуулж өгдөг. Нэг модноос 25 хувин ус цуглуулах боломжтой байдгаас “худаг мод” гэж нэрлэх болсон. 

Сонсоход таатай  байгаа ч, үнэн хэрэгтээ ус нь бохир, муухай үнэртэй, бактер их хэмжээгээр үржсэн байдаг тул ундны зориулалтаар ашиглах боломжгүй юм. Харин "аялагчдад тустай мод" гэх нэр зүг чиг зааж өгдөгтэй нь холбоотой юм.  Навчис баруунаас зүүн тийш чиглэсэн байдалтай ургаж зүг чигийг тогтоож өгдөг.

Энэ гайхамшигт ургамал Мадагаскарт ирсэн жуулчдын сонирхлыг татах гол үзмэрүүдийн нэг юм.

Анкаратрагийн галт уулын массив

Удаан хугацаагаар хол газар явах хүсэлгүй хүмүүст нүдээ хужирлах сайхан газар  нийслэлээс ердөө 50 км зайд бий. Энд унтарсан галт уулын нуруу байх бөгөөд тэдгээрийн уулсаас хамгийн өндөр оргил Анкаратра нэртэй. Эдгээр "галт уул" сүүлд хэдэн мянган жилийн өмнө дэлбэрч байсан ч, энэ бүс нутаг сейсмологийн хувьд идэвхтэй хэвээр байгаагаа Анцирабе хотын оршин суугчдад үе үе мэдрүүлдэг. 

Өнө эрт үед, дэлхий тивүүд байршлаа өөрчилж шинээр тогтож байх үед, Мадагаскар Африкаас тасарч, өндөрлөг тал болон хувирсан. Голоценийн эрин хүртэл (ойролцоогоор 12,000 жилийн өмнө) арлын зүүн хэсэгт галт уулын идэвхжил идэвхтэй байв. Нийт 100 км үргэлжлэх Анкаратра массив ч ядрахаа мэдэхгүй, хэд хэдэн уулын тогоо үүсгэн, халуун рашаануудыг бий болгосон.

 Эртний галт уулууд хэдийгээр бүрэн унтарсан ч, жуулчдын сонирхлыг татсаар байна. Нийт 2644 м Циафажевон оргилын оройгоос үзэгдэх өвөрмөц байгалийн үзэмж төдийгүй Анкаратрагийн хормойд орших Анцирабе хотын зөөлөн, эрүүл мэндэд тустай уур амьсгал аялагчдыг татдаг. Бие чийрэгжүүлэх, сэтгэлээ сэргээхийн тулд заавал өндөр үнэтэй SPA-төвүүд дээр саатах шаардлагагүй. Эмчилгээний үйлчилгээтэй халуун рашаан ус хаа сайгүй бүр хотын гудмаар хүртэл урсдаг. Анцирабе хотын зочид байгалийн сайхныг үзэхийн зэрэгцээ нутгийн “пусе-пусе” тээврийн хэрэгсэл дээрээс үзэж сонирхох, өнгө үзэмжтэй захуудаар шопинг хийх боломжтой. 

 

Сөнөсөн нуур Тритрива 

Анцирабе хот Антананариву нийслэлээс 170 километрийн зайд оршдог. Энэ хотын ойролцоо галт уулын хоёр нуур байдгийн нэг юм.

Мадагаскарын бас нэгэн гайхамшиг болох Тритрива буюу Сөнөсөн нуур байрладаг. Байдаг л нэг нуур мэт санагдавч, түүний дотор амьд амьтан огт байхгүйд хэргийн учир оршиж байгаа юм. Бүр  энгийн замаг хүртэл байхгүй нуур юм.  Уг нь усны хэм жилийн туршид 15 хэм заадаг. Загас, замгийн хувьд уг нь тохиромжтой баймаар. Гэвч тийм биш.

Нуурын ус харлаж харагддаг. Арга ч үгүй биз дээ, гүн нь 400 метр хүрдэг юм. Энэ сөнөсөн нуурын талаар аймшигтай олон домог байдаг ч, хэн ч нуурыг бүтэн гаталж чадаагүй. Ердөө 50 м өргөн, 100 м урт нуурыг гатлахад юухэн байхав дээ гэж бодмоор.  Тэгтэл нуурын усны нягтрал их байгаагаас хүн нууранд хөвөхөөс өөр яаж ч чадахгүй юм. 

Тритива галт уулын нуур галт уулын тогоонд байрладаг. Гүн нь улирлаас хамааран 80-150 м хооронд хэлбэлздэг. Усны эх үүсвэр нь тодорхойгүй, магадгүй газар доорх ус байх гэж таамагладаг. Гахайн мах иддэг хүмүүсийг нуурын усанд орохыг хориглодог. Энэ нь исламын шашинтай холбоогүй, энэ ёс жаяг исламын шашин үүсэхээс өмнө бий болсон гэж үздэг. Сонирхолтой зүйл гэвэл, хуурайшилтын үеэр нуурын усны түвшин буурах ёстой атал эсэргээрээ нэмэгддэг онцлогтой. Мөн усанд хаясан зүйлс хэсэг хугацааны дараа доор уулын хөндийгөөс олддог нь бүр сонин байдаг. 

Малагасичуудын хувьд домог, нууцаар дүүрэн ариун дагшин газар. 

Чулуун ой

Манай гараг дээр үзэсгэлэнтэй олон ой бий. Заримд нь гайхалтай цэцэгс, модод ургадаг бол заримд нь ховордсон амьтад, шувууд амьдардаг. Гурав дахь нь эдгээрийг төгс хослуулсан байдаг. Гэвч Цинги де Бемараха дархан цаазат газрын ой эдгээрээс огт өөр. Учир нь энэ ой нь модоос бус, харин хурц үзүүртэй хад, чулуунуудаас бүрддэг.

Эдгээр хаднууд хоорондоо сүлжилдэн жинхэнэ хавцал, агуйг үүсгэж, бүгд дээш тэнгэр өөд, наранд тэмүүлж буй амьд мод шиг харагдана. Энэ өвөрмөц бүтцийн улмаас уг газрыг "Чулуун ой" гэж нэрлэх болсон.

Уг Чулуун ой нь арлын баруун эргийн дагуу, Бемараха өндөрлөгөөс Манамбулу гол хүртэл үргэлжилдэг. Энэ гол нь Мадагаскарын хамгийн үзэсгэлэнтэй, өвөрмөц экосистемтэй голуудын нэг юм. Дархан цаазат газрын нийт талбай 152,000 га хүрдэг буюу Мадагаскарын хамгийн том хамгаалагдсан газар нутаг юм.

Чулуун ой хэрхэн үүссэн бэ?

Чулуун ой асар том карстын хадан цогцолбороос бүрдэнэ. Хөх саарал шовх хадан цохионуудыг харахаар энд цаг хугацаа зогссон мэт онцгой амар амгалан, амьгүй арал ч юм шиг, амьдрал байхгүй ч юмшиг, эсвэл бүр өөр гариг дээр ч оччихсон мэт мэдрэмж өгдөг. Хадан завсраас цухуйн ногоо ургамал энд амьдрал байгаа шүү гэдгийг сануулан бодит байдалд буцаан авчрах шиг болдог. 

Ерөнхийдөө 50 м орчим өндөр хаднууд салхи, усны нөлөөгөөр үүссэн юм. Энэ шовх хаднууд бол далайн ерөөл байсан газар юм. Мянга мянган жилийн турш ус шохойн чулууг элээж, араас нь хүчтэй салхи үргэлжлүүлэн зүлгэснээр өнөөгийн үзэсгэлэнт дүр төрхийг бий болгожээ.

Энэ ойгоор явах нь халуун орны шигүү ширэнгэн ойгоор зүтгэхээс ч илүү хэцүү. Энд таны дээрээс хорт могой унахгүй, мөн намагт шигдэх аюул байхгүй. Гэсэн ч Цинги де Бемараха дархан цаазат газарт өөрийн гэсэн зовлон бий. Энэ нь нэрнээс мэдэгдэнэ. Нутгийн хэлээр Цинги гэдэг нь “өлмий дээрээ явах”  гэсэн утгатай.

Энд хөлийнхөө улыг бүтэн тавих газар олдохгүй гэж нутгийнхан ярьдаг. Тиймээс газрын холыг өндөр оргилуудын хооронд татсан олон олсон дүүжин гүүрээр явж дөтөлнө. Салхи, алхаанд чинь ганхах олсон гүүрээр шовх хаданд дээгүүр явна гэдэг зоригтой, цөстэй хүмүүсийн ажил. Адреналин багагүй ялгаруулах нь тодорхой газар.

Чулуун ойн оршин суугчид

Чулуун ойг 1990 оноос ЮНЕСКО-ийн хамгаалалтад авсан. Дан ганц хачирхалтай газрын тогтоцооноос бус энэ газар амьдрах ховор амьтан, шувууд бас нөлөөлсөн.

Чулуун ойн хамгийн содон суугч бол цагаан лемур юм. Эдгээр жижиг амьтад нэг оргилоос нөгөө оргил руу төвөггүй үсэрч, хамгийн өндөр оргил дээр цомцойн сууж, жуулчдын бойтог хөдөлгөөний ажиглана. Нөгөө талаас хүмүүс алхангаа түүртэлгүй дэгдэн дэврхэ лемурудыг бас ажина. 

Азаар хүний гар, хөл хүрэхээргүй байрласаны нөлөөгөөр Чулуун ой ховор олон ургамал, амьтдын төгс хоргодох газар болгожээ. Энд баобаб болон ховор төрлийн дал моднууд ургадаг бөгөөд саарал хадан дэвсгэр дээр тод ногоон өнгө онцгой ялгарч харагддаг. Мөн өнгө өнгийн шувууд Чулуун ойг амилуулна. Бойтоглон алхах хүн л байгалийн тогтоосон дүрмийг дагах ёстой зочин гэдгийг сануулна.

Чулуун ойн бүх гайхамшгийг бүрэн дүүрэн мэдрэхийг хүсвэл уулын авиралтын тоног төхөөрөмжтэй ирэх хэрэгтэй. Тэгээд хамгийн өндөр цэгт гараад өөрийгөө хаан болсон мэт мэдрэмж авч, байгал дэлхийн сор бүтээлийг бишрэх, хүндлэх сэтгэлийг бүрэн дүүрэн авах боломжтой. 

Одоо хүн ам зүй талаас нь бага зэрэг дэлгэрүүлж ярья: 

Мадагаскар нь Индонезийн дараа орох дэлхийн хоёр дахь том арал улс. Нийслэлийг Антананариву гэдэг. Энд амьдарч ажиллахыг хүсвэл малагас, франц хэлтэй байх зайлшгүй шаардлагатай.  Малагас хэл нь австронезийн хэлний бүлэгт багтдаг. Нэгэн цагт Францын колони улс байсан учраас хоёр дахь хэлээр бүртгэгдсэн. 

 Оршин суугчдын дийлэнх христийн шашинтай.  Аялал жуулчлал, хөдөө аж ахуй эдийн засгийн гол салбар.

Анхны хүмүүс МЭӨ 350–550 оны хооронд Калимантан, Филиппин, Зондын арлууд, Борнеогоос каноэ завиар ирж Мадагаскарт суурьшсан гэдэг ч, археологийн судалгаагаар 10 мянган жилийн өмнө хүмүүс байсан гэж таамагладаг. МЭ 1000 оны үед Мозамбикийн хоолойг гатлан Бантугийн цагаачид цуварсан байдаг. Мөн араб, энэтхэг, хятадууд ирж Мадагаскарт олноороо суурьшин, малагасий соёлд бүгд өөр өөрийн хувь нэмрийг оруулсан нь энэ арлын иргэдийн сэтгэлгээ, гадаад төрх, хувцас загварт онцгой илэрдэг. Олон үндэстэн байдгаас төвийн уулархаг газарт оршин суудаг мерина хамгийн том угсаатанд тооцогддог.

"Мадагаскар" хүүхэлдэйн киноны тус улсын аялал жуулчлалд болон байгаль хамгаалалд хэрхэн нөлөөлсөн талаар ярья:

2005 онд DreamWorks Animation студиэс гарч, дэлхий дахинд маш их алдартай болсон уг хүүхэлдэйн кино нь тус улсын аялал жуулчлалд томоохон эерэг нөлөө үзүүлсэн. 


  • Киноны нэр өөрөө Мадагаскарын нэрийг брэнд болгож, тус арал дэлхий дахинд илүү танигдах боломж олгосон. Хүүхдүүд болон гэр бүлийнхний дунд киноны баатрууд ялангуяа лемур, арслан зэрэг амьтдын амьдрах орчныг үзэх боломжтой  эко аялал жуулчлалын эрэлт өссөн.
  • Аялал жуулчлалын салбарын өсөлттэй зэрэгцээд эдгээр амьтдын амьдрах орчныг хамгаалах санаачлагууд газар авч байгаль хамгааллын төслүүд илүү санхүүжилттэй, хүчтэй явагдах боломж бүрдсэн.  


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0