2025/02/04

МАОРИ

 

Маоричууд хаана оршин суудаг вэ?

Маори бол европчууд ирж суурьшихаас өмнө байсан Шинэ Зеландын уугуул иргэд. Австронезийн хэлний бүлэгт багтах маори хэлээр ярьдаг. 2013 оны тооллогоор Шинэ Зеландын маоричууд ойролцоогоор 600 мянга буюу нийт хүн амын 15% эзэлж байна гэсэн статистик гарч байсан. 

Маори гэж юу гэсэн үг вэ, хэзээ сэргэж эхэлсэн бэ?

Маори хэлэнд маори гэх үг нь “энгийн” гэсэн утга илэрхийлдэг. Домог болон аман зохиолд хүн махан биетэй, насны хэмжээтэй тул бурхнаас ялган хүнийг “эгэл” гэж нэрлэдэг байжээ. Европчууд анх тэднийг индианчууд, нутгийн уугуул иргэд мэтээр нэрлэдэг байгаад 1947 онд албан ёсоор зөвшөөрч, уугуул иргэдийн хэргийг хянах шийдвэрлэх яам гэхийг Маоричуудын хэргийг шийдвэрлэх яам гэж сольж нэрлэсэн байдаг. 

Маоричуудын гарал үүсэл - судалгаагаар

Дэлхий дээр амьдарч болох хамгийн таатай газруудад хүмүүс тархан суурьшсан хойно Шинэ Зеландад хүмүүс хөл тавьсан гэж үздэг. Археологи болон хэл шинжлэлийн судалгаагаар, манай тооллын 800 – 1300 онуудад Шинэ Зеландад Зүүн Полинезээс хэд хэдэн удаагийн давалгаагаар хүмүүс ирсэн гэж тооцдог. Хамгийн сүүүлийн үеийн дэвшилтэт технологиор  ой мод хэзээ огтолж газар тариалан эрхлэх болсон, маоричуудын ДНК дахь митохондрт хэзээ өөрчлөлт орсон, мөн радио нүүрс төрөгчөөр анхны полинезчүүдийн давалгаа, бүр тодруулбал, 1250 – 1300 онд иржээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. 

Товчхондоо, Номхон далайн Зүүн өмнөд азийн овгуудын хүн ам өсөхийн хэрээр арал дээрээ багтаж шингэхээ байн, тархан суурьшиж болох газруудын эрэлд далайн гүн рүү явж байсан гэсэн үг. Ер нь далайн зах хязгааргүй орчинд, дайснаасаа хол, арал дээр байр сууцаа барин, авчирсан тариа ногооны үрээ, тэр дундаа, наргил модны самрын мод, жекфрут буюу артокарпус мод, чихэр төмс, таро зэрэг үндэст ногоонуудын үр, суулгацыг тарин, нохой, гахай, тахиа зэрэг тэжээмэл амьтдаа авч явж тархан суурьшсан байгаа юм. Полинезчүүд ийм байдлаар Номхон далайн тропикийн бүсэд тархан суурьшсан байгаа юм. 

Маоричуудын гарал үүсэл – домог зүйгээр

Маоричууд чухам ямар аргаар Шинэ Зеландад ирсэн нь тодорхойгүй ч, аман зохиолд 13-р зуунд Номхон далайн Хавайки гэх арлаас өмнө зүгийн чиглэн 7 каноэ усан онгоц гарч, Номхон далайн баруун өмнөд хэсэгт уул хадтай, шигүү ой модтой, хоёр том арлаас тогтох газар олов.  7 каноэгийн нэрээр Арава, Аотева, Мататуа, Таинуио, Курахаупо, Токомару, Такитуму гэх 7 ваки буюу овог үүссэн. Эдгээр 7 ваки бүр ахлагчтай бөгөөд тодорхой заасан газар нутагт эзэн суусан гэдэг. Аман зохиолд каноэ завины нэр төдийгүй овгийн ахлагч нарын нэр хадгалагдан ирсэн их сонирхолтой.

Маоричууд овог, аймгийн ахлагч нараа хагас бурхад гэж үзэн шүтдэг байсан. Ахлагч нар хүссэн зүйлдээ “цээр” тогтоох эрхтэй. Цээрийг эвдсэн нэгэн үхэх ялтай байлаа. 

Маоричууд арлаа, газар нутгаа юу гэж нэрлэдэг вэ?

Шинэ Зеланд хойд, өмнөд гэсэн 2 том арлаас бүрддэг. Маоричууд ойд Арлыг Te Ika a Māui (Мауигийн загас), Өмнөд Арлыг Te Wai Pounamu (ногоон чулууны ус) буюу Te Waka o Aoraki (Аоракигийн усны каноэ завь) гэж нэрлэдэг байжээ. XX зууны эхэн хүртэл Хойд Аралыг мөн Aotearoa (үгчлэн орчуулбал "урт цагаан үүлний орон") гэдэг байсан. бөгөөд өдгөө Маори хэлээр тус улсыг бүхэлд нь ийнхүү нэрлэдэг болсон. 

Дөнгөж ирсэн маоричуудын идэш тэжээл юу байв?

Газар нутаг хангалттай том байсан тул олноор суурьшив. Гэвч эх нутгаас нь харьцангуй сэрүүн цаг агаартай байснаас наргил модны самрын мод, жекфрут мод ургах бололцоогүй, үндэс ногоонуудын ургац тун бага байлаа. Гэхдээ шинэ газар 2 м шахам өндөр гүйдэг моа гэгч шувуу байв. Тэр шувуу хүнээс огт айдаггүй байснаас хүний идэш хоол болох нь амархан байлаа. Ийнхүү Сэрүүн цаг уурын нөлөөгөөр маоричууд Номхон далайд тархсан бусад полинезчуудаас ялгаатай нь газар тариалан эрхлэх боломжгүй болж, анчид болж хувирав. Ихэвчлэн өнөөх моа, тоть зэрэг шувууг жадаар агнана идэш тэжээлээ болгож байлаа.

 

Нутагт нь ургах маалингаар хувцас хийж өмсөнө.  

Удалгүй полинезчүүд хоёр арал дээр, бүр арлын гүнд хүртэл тархав. Шинээр ирэгсэд өөрсдийгөө маори гэх болов. 

Агнуурын аж ахуй эрхлэх болсон нь амьдралыг хүндрүүлж байсан ч, тэдний мэдэхгүй бас нэг том аюул байлаа. Моа шувуугаар идэшээ хийдэг аварга бүргэд, тэнгэрээс унасан мэт нисч ирэн, сонор сэрэмжгүй яваа хүүхэд эмэгтэйчүүдийг шүүрч аван явдаг байв. Энэ араатан шувуу маоричуудын хувьд үхлийн бэлгэдэл байв.

Яагаад дайчин араншинтэй болсон бэ?

18-р зуун гэхэд маоричуудын газар нутагт нэгэн аюул нүүрлэв. Замбараагүй алж хядсанаас мао шувууны тоо толгой цөөрч, хоол хүнсний эх үүсвэр болж чадахаа байлаа. Ядаж байхад маоричуудын дунд үр тариа тарих мэдлэг хэдийнэ алдагдсан байв. Мао шувууг дагаад аварга бүргэдүүд бас алга болов. 

Үүний үр дүнд, хоолгүй болж эхэлсэн овог аймгууд өөр хоорондоо тэмцэж, байнгын аюул эрсдэл дунд амьдрах болсноор маоричууд догшин, ширүүн дайчин хүмүүс болж хувирав. Урьдын нөхөрсөг, найрсаг, амьдралын баяр баясгалантай полинезийн үндсэн төрх алга болов. 

Өөр овог аймгийн хүнтэй таарахдаа, мэнд мэдэхээс өмнө дайсны сэтгэл зүйд нөлөөлөх үг хэллэг хэлэн, бүжиг бүжиж үзүүлдэг байв. Уг үг хэллэг, бүжиг нь байдал эвгүйтвэл хариуг харамгүй барьж чадна гэсэн сүрдүүлэг байлаа. 

Европчууд Шинэ Зеландыг нээсэн нь 

1642 онд голландын далайчин Абель Тасман Номхон далайн өмнөд хэсгийг судлаж явахдаа, уг газрыг нээн Шинэ Зеланд гэж нэрлэн Нидерландын нэгэн муж хэмээн зарласан. 

1769 онд францын далайчин Жан Франсуа де Сюрвиль Шинэ Зеландад ирэв. Сюрвиль аян замын туршид багийн олон гишүүдээ алдан, хүнсээ барсан байсан тул ааш араншингийн хувьд нэлээд догширсон байв. Замдаа зогссон газруудын уугуул иргэдийг барьцаалж авч явж байв. Шинэ Зеландад жижиг оврын завийг нь хулгайлсан хэрэгт сэжиглэн, өмнөхөн тэдэнд тусалж байсан овгийн ахлагч Нагуинодиг барьж аван аялалдаа хамт аваад явав. Перу явах замд Нагуиноди үхэв. Энэ зэрлэг балмад явдал цаашид маори, француудын харилцаанд тун сөргөөр нөлөөлсөн гэж үздэг. 

1769 оны намар - 1770 оны хавар британийн алдарт далайчин Жеймс Кук Шинэ Зеландыг дахин нээж, хоёр арлын эрэг орчмын газруудыг сайтар судлан газрын зураг дээр газар зүйн байршлыг нарийвчлан тэмдэглэсэн. 

1772 онд францын ахмад Марион Дюфрен, 26 далайчны хамтаар Сюрвилийн үйлдсэн хэргийн золиос болон алагдсан. 

Овгийн тэмцэл буюу Мушкетын бууны дайн

Газар зүйн байршлыг нарийн тогтоож өгсөн Жеймс Кукийн аяллаас хойш Шинэ Зеландад европ, хойд америкийн халим, далайн хавын анчид ихээр ирэх болов. Мөн ус, эд өлгийн зүйл, хүнс, мод зэргээр бараа таваар солилцдог худалдаа наймааны олон усан онгоц зогсдог болов. Худалдаачид маоричуудад тэдний мэдэхгүй үр тариа, буу зэвсэг өгч байв. Төмс Шинэ Зеландад ургац алдахгүй сайн ургаж байснаас найдвартай хоол хүнс болж, маоригийн дайчдад урт хугацаагаар дайн тулаан хийх нөхцөлийг бүрдүүлж байлаа. Гэхдээ ус хүнс, дараа нь газрын наймаагаар олж авсан буу зэвсэг овгуудын тэмцлийг улам гааруулж байв. 

1807 – 1845 онд Шинэ Зеландад арваад жилийн хугацаанд өөр хоорондоо завсар зайгүй тэмцэлдсэн. Энэхүү зөрчил мөргөлдөөн нь Маоричууд мушкет буутай болсонтой шууд холбоотой юм. Өөр хоорондоо дайсагнагч  хойд зүгийн овгууд анх галт зэвсэг олж эзэмшиж харилцан бие биетэйгээ тэмцэлцсэн энэ тэмцэл, сүүлдээ энэ насандаа галт зэвсэг хараагүй хөрш омгуудаа заналхийлж эрхшээлдээ оруулахад хүргэж байлаа. 

Энэ үед Маоригийн бүх омгууд мушкет бууны наймаа хийж байлаа. Ер нь бууг их хэмжээгээр авсан овог ялалт байгуулж чадаж байлаа. Шинэ Зеландыг бүхэлд нь хамарсан энэ дайнд 20 мянган маори алагдаж, зарим овгуудыг хүйс тэмтэрч, зарим нь маш цөөн хүнтэй үлдэж, өөр өөр овгуудын хянадаг нутаг дэвсгэрийн хил хязгаар маш их өөрчлөгдсөний эцэст энэ зөрчил мөргөлдөөн түгшүүртэй гацаанд орсон.

 

Вайтангийн гэрээ

1840 онд Вайтангийн гэрээгээр овгуудын шинэ хил хязгаар тогтсон ч, Британийн колони болов. Мушкетын дайнаар өөр хоорондоо тэмцэлдэж байсан маоричууд нэгдсэн нэг дайсантай болж, англичуудын эсрэг тэмцэх болов. 40 жил үргэлжилсэн Мушкетын дайн нэг талаар өгөөж өгч байв. Маоричууд европчуудын гологдол мушкет буугаар англичуудтай тэмцэж, даацтай эсэргүүцэл үзүүлж байв. 

Колони болсноос хойш цагаачдын урсгал тоймгүй их байв. Цагаачид ирэхийн хэрээр дархлаагүй маоричууд элдэв халдварт өвчин тусч бас үрэгдэж байв. 1896 он гэхэд 40 мянгахан маоричууд үлдсэн байв. Энэ үед европчууд 700 000 хүрч, нутгийн уугуул иргэд төрсөн нутагтаа үндэсний цөөнх болж хувирав. 

Шинэ сэргэлтийн үе

Дэлхийн 2-р дайны эхэн үед Шинэ Зеландын парламентын маори гишүүд дан ганц маори үндэстнээс бүрдсэн батальоныг дайнд илгээх санаалчилгыг гаргав. Парламент санаачилгыг тун дурамжан зөвшөөрч, баруун фронт руу янз бүрийн овгийн 800 маори эрс дайнд мордов. 

28-р батальон буюу “Маори батальон” Холбоотны цэргийн бүрэлдэхүүн багтаж Крит арал дээр хэд хэдэн удаа гардан тулалдаанд оров.  Критын тулалдаанд холбоотнууд ялагдал хүлээсэн ч, маоричууд эрэлхэг зоригтой дайчин эрс болохоо харуулж чадсан юм. 

Дараа нь Маори батальон Итали, Грек, Хойд Африк амжилттай тулалдав. 1941 онд цэргийн сэтгүүлч Египтийн цөлд тулалдаанд орохоосоо өмнө дайснуудын зүрхийг үхүүлэх тулааны бүжиг хакуг хийж байгааг түүхэнд мөнхөлсөн. 28-р батальон олон газар тулалдаж явсаар 1946 онд Японоос гэртээ харьсан. Шинэ Зеландын бүх анги нэтгэлээс хамгийн их гавьяа шагнал авсан ангиар маори дайчин эрсийн батальон шалгарч байв. 

Энэ цаг үеэс маори соёлын сэргэн мандал эхэлсэн. Дэлхийд өөсрдийгөө харуулж, бусдаас дутахгүй гэдгээ нотолж чадсан маоричууд үр хүүхдээ маори хэл, соёлоор өсгөх хүсэл сонирхол эрчимжиж, хэл соёлыг заах цэцэрлэг, сургуулиуд нээгдэх болсон. Маоричууд тэдний өвөг дээдэс Вайтангийн гэрээ хэлэлцээрийг англи хэлний мэдлэг дутуугаас болж учир мэдэхгүй баталсан тул гэрээг цуцлахыг шаардан иргэний жагсаал хийн засагт шахалт үзүүлэн зарим газар нутгаа буцаан авч байлаа. 1987 онд маори хэл Шинэ Зеландын албан ёсны 2 дахь хэл болсон. 

Хака ба спорт

Маоричуд спортоор дамжуулан соёлоо дэлхийд таниулан түгээж байна. Шинэ Зеландын ALL BLACKS регби баг тэмцээний өмнө өрсөлдөгч багийнхаа өмнө ХАКА бүжгээ хийдэг. Нүүрний ширүүн илэрхийлэлүүд, биеийн хөдөлгөөнүүдэд өрсөлдөгчид нөлөө үзүүлдэг нь царайнаас илт харагддаг. Регбийн энэ баг дэлхийн гурван удаагийн аварга болоод байна. Хака Шинэ Зеландын крикетаас эхлээд сагсан бөмбөг зэрэг спортын бүх багуудын заавал хийдэг үйл болоод байна. 

Хака газар авахын хэрээр янз бүрийн арга хэмжээнд, тухайлбал, сүйт бүсгүйн найз охид хуриман дээр, тэтгэвэрт суух гэж буй багшийгаа үдэж, эсвэл Афрганистад алагдсан дайчин эрсээ хүндэтгэн бүжиглэх болжээ. Өнөөдөр Хакаг уугуул маоричуудаас гадна европ, хятад, энэтхэг гаралтай цагаач нар тэдэнтэй мөр зэрэгцэн дуртайяа хийж байна. 

21-р зуунд Маори соёл Шинэ Зеландыг дэлхийд таниулах нэрийн хуудас болж байна. Нүүрний шивээс сэргэж, маоригийн олон зан үйлийг албан ёсных болгов. Олон улсын болон төрийн айлчлалуудад тэр ч бүү хэл Английн хаан, хатантай уулзах уулзалтад шинэ зеландын төлөөлөгчид та-моко хуурамч шивээстэй уулзалтад оролцох нь бий. 

2010-аад он маори соёлыг харуулсан “Моана” хүүхэлдэйн кино маори соёл төдийгүй нийт Полинезийн соёлын сэргэн мандалыг авчирсан юм. 

Та-моко шивээс 

Уламжалт маори шивээс нь олон зуун жилийн түүхтэй. Шинэ Зеландын уугуул иргэдийн хувьд нандин ариун зүйл юм. 

Маори шивээс нь уг хүний амьдрал, үүх түүхийг өгүүлэх гүн гүнзгий утга агуулгатай тул адил шивээстэй хүн таарах боломжгүй . Шивээсээр аль овгийн, нийгмийн байр суурь, ямар аж ахуй эрхэлдэг, гарал үүсэл зэрэг олон зүйлийг өгүүлнэ. Мөн дүрснүүд нийлээд тухайн хүний амьдралд тохиолдсон чухал үйл явдлууд, найз нөхөд, гэр бүл, баатарлаг үйл хэрэг зэрэг гм бас хэлж өгнө.

Моко кауаэ  - уламжлалт нүүрний шивээсийг эрчүүд нүүрэндээ бүхэлд нь хийлгэдэг бол эмэгтэйчүүд уруул, доод эрүүндээ хийлгэдэг. Нүүрний шивээс нь эр, эм хүмүүст өөр утга илэрхийлдэг. Эрүүндээ шивээстэй эмэгтэйчүүд нь нас биенд хүрсэн, нөхөртэй болохыг нь илэрхийлдэг. 

Эрчүүдийн моко кауаэ нүүрний аль хэсэгт байгаагаас хамаарч өөр өөр утга илэрхийлнэ. Духны төв (накаипикирау)  – эрэмбэ, хөмсөгний дор (нгунга) – байр суурь, хацар  (тайохоу) – эрхэлж буй ажил гм. 

Хээ угалз бүр мөн утга илэрхийлнэ.

 Тики – хагас бурхан, хамгаалагч сахиус.

Хеккон аз жаргал, азын бэлгэдэл. 

Сэцэн мэргэний бэлгэдэл

Аварга загасны шүд – Сүр хүч, өөрийгөө хянах чадвартайг илэрхийлнэ.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0