2025/02/04

ВАТИКАНЫ НУУЦУУД

Select an Image


Ватиканы нууцууд


Ватикан бол дэлхийн хамгийн жижигхэн улс хэдий ч урлаг, соёл, шашны түүхийн үнэт өвийг хадгалсан гайхамшигт орон бөгөөд 44 га газарт багтсан хэр нь дэлхийн хамгийн алдартай уран барилгууд болох Микеланжелогийн Систиний капел, Гэгээн Петрийн домогт бөмбөгөр орой зэрэг бүтээлүүд, хосгүй үнэт гар бичмэл, урлагийн бүтээлүүдийн баялаг цуглуулгаараа хүн төрөлхтний сэтгэлийг татсаар ирсэн түүхэн гайхамшигт газар юм. Нэг жилд 20 орчим сая жуулчин энэ хот улсад энд шавдаг гэхээр хэр сэтгэл татам бэ гэдгийг ойлгоход илүү хялбар болж байгаа байх. 

Ватикан хот улсын тухай ерөнхий мэдээлэл:


  1. Байршил: Ватикан хот улс нь Итали улсын Ром хотын төв хэсэгт орших, дэлхийн хамгийн жижиг тусгаар улс юм.
  2. Хэмжээ: Ватиканы нийт талбай нь 44 га буюу 0.44 км². Энэ нь дэлхийн хамгийн жижиг улс юм. Энэ нь хааш хаашаагаа  663 метр x 663 метр орчим дөрвөлжин талбайтай тэнцүү хэмжээтэй байна. Гэхдээ мэдээж Ватикан хот улсын хэлбэр нь яг дөрвөлжин биш тул энэ тооцоо зөвхөн ойролцоолол юм.
  3. Хүн ам: Ватиканд ердөө 800 орчим оршин суугчтай. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь католик шашны санваартнууд, сүмийн албан хаагчид байдаг.
  4. Удирдлага: Ватикан хот улсыг Пап лам удирддаг. Пап лам нь католик шашны тэргүүн бөгөөд улс төр, шашны эрх мэдлийг хослуулан эзэмшдэг.
  5. Албан ёсны хэл: Латин хэл нь Ватиканы албан ёсны хэл боловч Итали хэлийг өргөн хэрэглэдэг. Гэхээр энэ хэлийг албан ёсны хэлээ болгосон дэлхий дээрх цор ганц улс гэсэн үг. Энэ хэл Ватиканы албан бичиг баримт, шашны ёслол болон Католик сүмийн зарим харилцаанд ашиглагддаг. 
  6. Эдийн засаг: Ватикан хот улс нь аялал жуулчлал, хандив, зургийн үзэсгэлэн болон маркны худалдаагаар гол орлогоо бүрдүүлдэг.
  7. Нийт орлого нь католик сүмийн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулагддаг.
  8. Соёлын өв: Ватиканы музей, Систины сүм, Гэгээн Петерийн сүм зэрэг алдартай архитектур, соёлын дурсгалуудтай.
  9. Микеланжело, Рафаэль зэрэг дэлхийн алдарт зураачдын бүтээлүүд хадгалагддаг.
  10. Тусгаар тогтнол: Ватикан хот улс нь 1929 онд Италитай байгуулсан Латераны гэрээгээр тусгаар улс болсон.
  11. Арми: Энэ улсад нь өөрийн арми байхгүй ч Швейцарийн хамгаалагчид буюу цэргүүдийг ашигладаг.
  12. Засаглал: Ватиканы засаглалын систем нь шашны онцлогтой бөгөөд бүх эрх мэдэл Пап ламд төвлөрдөг.


Дээр дурдсан Ватиканы дахин давтагдашгүй соёлын өвүүдийн талаар багахан дэлгэрүүлвэл:


Систиний капел буюу сүмийн тухай:



Микеланжелогийн таазны зураг



  • Таазны зураглал (1508–1512): Микеланжело Систиний капелийн таазыг 4 жил зарцуулан бүтээжээ. Энэхүү зураглал нь Библийн "Генесис"-ийн 9 хэсгийг харуулдаг бөгөөд хамгийн алдартай нь "Адамын бүтээл" (The Creation of Adam) юм.
  • "Адамын бүтээл": Энэ зураг нь дэлхийн хамгийн их иш татагдаж, хуулах дуртай уран зургийн нэг юм. Бурханы хуруу Адамд хүрэхээр зүтгэж байгаа энэ дүрслэл нь амьдралын эхлэлийг бэлгэддэг.



Шүүлтийн өдөр (The Last Judgment)



  • Хойд хананы зураглал (1536–1541): Энэ нь Систиний капелийн таазны зургийг 25 жилийн дараа Микеланжело бүтээсэн. Энэхүү зураг нь Христийн хоёр дахь ирэлтийг, мөн сүнснүүдийн шүүлтийг дүрсэлсэн.
  • Уран зургийн салбарт дээд эрэмбэтэй бүтээл бөгөөд олон кино, уран бүтээлд иш татагддаг.


 


2. Гэгээн Петерийн сүмийн тухай:



Микеланжелогийн бөмбөгөр орой



  • Дэлхийн хамгийн алдартай бөмбөгөр орой: Дэлхийн архитектурын "icon" хэмээн үзэгддэг. Ромын тэнгэрийн хаяаг тодорхойлогч гол барилгын нэг бөгөөд Микеланжелогийн архитектурын хамгийн том амжилт гэж үздэг. Тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр байгууламжид тооцогддог.



  • Түүхэн баримт: Микеланжело уг оройг өөрөө дуусгаж амжаагүй бөгөөд түүнийг нас барсны дараа түүний загвараар баригдсан.



Гэгээн Петерийн хөшөө, уран зураг



  • Пиета (Pietа): Энэ бол Микеланжелогийн бүтээсэн Христийг эхийнхээ өвөр дээр амгалан хэвтэж буй дүрслэл юм. Энэ бүтээлээр Микеланжелогийн нэр дэлхийд танигдсан. Энэ бүтээл нь дэлхийн хамгийн их шагшин магтдаг баримлуудын нэг бөгөөд Ромд хамгийн их үзэхийг хүсдэг бүтээл юм.
  • Бернинигийн бүтээлүүд: Гэгээн Петерийн сүмийг гоёж байгаа гол баримал, архитектурын загваруудыг Жан Лоренцо Бернини хариуцан хийжээ. Түүний алдарт "Балдачино" буюу тахилын ширээний дээрх хүрэл бүтээл нь гайхалтай нарийн хийцтэй.
  • Гэгээн Петрийн хаалга: Бернинигийн урласан хаалганууд нь дотроо Христийн амьдралыг дүрсэлсэн гайхалтай сийлбэрүүдтэй.


Гэх мэтчилэн энэ хот улсын талаар гайхмаар бас бахархмаар зүйлсийг яриад  яриад дуусахгүй. Нөгөө талаасаа Ватикан нь олон нууцыг тээж олон янзын таавар бас шүүмжлэлийг дагуулж байдаг өвөрмөц улс ажээ.  Маш олон эх сурвалжаас янз бүрийн таамаглалуудыг дэвшүүлж байгад ч энэ бүхний цаана чухам ямар үнэн нуугдаж байгааг бид хэзээ ч бүрэн дүүрэн мэдэж, ойлгож чадахгүй байх.

Гэхдээ сонсогчиддоо зориулаад Ватиканы тухай хамгийн сонирхолтой гэх юм уу эсвэл бүр этгээд 7 баримтыг хуваалцахаар бэлдлээ. За хамгийн даруу гэмээр баримтаас нь эхэлье:

7. Библийн алга болсон номнууд:

Библи бол Христийн шашны хамгийн ариун судар бөгөөд дэлхий даяар хамгийн өргөн тархсан ном юм. Анх 1611 онд Библийг Латинаас Англи хэл рүү орчуулагдах үед нийт 80 номтой байсан бол 1684 онд Ватикан Библиэс 14 номыг хассан. Тэгэхээр Библи одоо 66 номтой болсон гэсэн үг.  Яагаад энэ 14 номыг нь хассан  шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байна.. Алга болсон номнуудыг "Апокрифа" гэж нэрлэдэг ба энэ нь Грекээр "нуусан" гэсэн утгатай бөгөөд эдгээр номнуудад Есдрас, Тобит, Жудит, Соломоны мэргэн ухаан, Бэл ба Луу гэх мэт агуулга багтдаг. Зарим нь эдгээр номнуудыг Ватиканы үзэл баримтлалд нийцээгүй тул хассан гэж үздэг.

6. Людвигийн мэдэгдэл:

Оросын профессор Генрих Людвигийн түүхийг олон хүн сонирхолтой хэмээн үздэг ч шинжлэх ухааны болон түүхийн талаас батлагдаагүй хэвээр байна. Түүний яриагаар 1920-иод онд Ватиканы нууц архивт нэвтэрч, дэлхийн эртний соёл иргэншлүүдэд харь гаригийнхны нөлөө байсан гэх мэдээлэл бүхий бичвэрүүдийг олсон гэдэг:


  1. Харь гаригийнхны нөлөө:
  2. Архивт байсан бичиг баримтуудад Египет, Маяа зэрэг эртний соёл иргэншлүүдийн технологи, архитектур, соёлын дэвшилд харь гаригийнхан нөлөөлсөн гэх мэдээлэл байсан гэж мэдэгдсэн.
  3. Сүмерчүүд хэмээх хүн төрөлхтний түүхэнд анхны хот-улс төрийн соёл иргэншлийг үүсгэсэн, ойролцоогоор МЭӨ 4500-1900 онд оршин тогтнож байсан эртний ард түмний хөдөө аж ахуй, бичиг үсэг, хот байгуулалт зэргийг харь гаригийнхны тусламжтай бий болсон гэж тайлбарласан.
  4. Эртний цөмийн зэвсэг:
  5. Тэрээр асар өндөр температур үүсгэдэг нэгэн зэвсэгийг дурдаад Вавилоны ханыг хайлуулсан тухай бичвэр олсон гэж дурдсан байдаг. 
  6. Энэ нь цөмийн зэвсэг эсвэл өндөр технологийн зэвсгийн хэрэглээний тухай төсөөлөхөд хүргэдэг. 
  7. Нууц архивын хэмжээ:
  8. Людвигийн хэлснээр, Ватиканы архив нь 90 орчим метр урттай шүүгээнд 35,000 гаруй ховор ном, баримт бичгээр дүүрэн байсан гэсэн. Энэ нь Европын 12 зууны түүхийг багтаасан нууц архивын тухай юм. 


5. Ватикан дээр гарсан Нисдэг Үл Мэдэгдэх (НҮМ)

2007 онд Ватикан хотын дээрээс нэгэн нууцлаг улбар шар өнгийн дискийг ажигласан явдал олон нийтийн анхаарлыг татсан. Энэ үйл явдал өдөр дунд болсон бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр, улбар шар өнгийн гялалзсан дискний хэлбэртэй объект Сан Петрийн сүмийн бөмбөгөр оройн дээр хэсэг хугацаанд тогтож байсан гэдэг. Объект тод гэрэлтэж, бусад танигдах тэмдэггүй байсан тул хүмүүсийн дунд олон янзын таамаг гарчээ.


Объектын тухай:



  • Гэрчүүдийн мэдээлж буйгаар, уг диск нь нисдэг таваг шиг хэлбэртэй, тод гэрэлтэй байсан бөгөөд Ватиканы бөмбөгөр оройн дээр хэдэн минутын турш байрласан байна.
  • Хэдийгээр олон хүн үүнийг ажигласан ч ямар ч албан ёсны тайлбар гаргаагүй.


 


Таамгууд:



  1. Зарим нь Ватиканыг олон зуун жилийн турш харь гаригийн амьдралын тухай мэдээллийг хадгалж байсан гэж үздэг. Энэ таамаглалыг дэмжигчид уг дискийг Ватикантай холбоотой харь гаригийн төлөөлөгчид байсан байж магадгүй гэж итгэдэг.
  2. Зарим хүмүүс уг үйл явдлыг Ватиканы нууц архивт хадгалагдаж буй мэдээлэлтэй холбон, тэд харь гаригийнхантай холбоотой байж болох тухай онолд дэмжлэг үзүүлдэг.
  3. Өөр хэсэг нь уг объектыг цаг агаарын бөмбөлөг, эсвэл оптик хуурмаг үзэгдэл байсан байх магадлалтай гэж үздэг.


Хэдийгээр энэ явдал тухайн үед ихээхэн анхаарал татаж, хэвлэл мэдээлэлд гарч байсан ч удалгүй ямар ч албан ёсны тайлбаргүйгээр мартагдсан. Уг явдал жуулчид, орон нутгийн иргэдийн сонирхлыг төрүүлсэн хэвээр байж, Ватиканыг тойрсон олон нууцлаг түүхийн нэг болж үлджээ.

4.  Хоёр нүүрт байдал

Ватикан өөрсдийн итгэл үнэмшилд нийцэхгүй зүйлсээс ч ашиг олдог. Үүний нэг тод жишээ бол Элтон Жоны амьдралыг өгүүлсэн, түүний ижил хүйстэнтэй харилцааг онцолсон “Rocketman” кинонд хөрөнгө оруулсан явдал юм.

2019 онд гарсан “Rocketman” кино нь Элтон Жоны карьер, хувийн амьдрал, тэр дундаа түүний нөхөр Дэвид Фурништэй гэрлэлт зэрэг сэдвүүдийг хөндсөн бүтээл юм. Ватикан өөрсдийн сургаал, итгэл үнэмшлээрээ ижил хүйстний харилцааг ил тод эсэргүүцдэг. Гэсэн хэдий ч энэхүү кинонд 1 сая евро орчим хөрөнгө оруулсан гэж мэдээлэгдсэн нь олон хүний гайхшралыг төрүүлсэн.

Гэхдээ тэд шууд тэр кинонд хөрөнгө оруулсан юм биш Ватиканы Сангийн Хэлтэс буюу Төрийн Нарийн Бичгийн Дарга нарын Газар (Secretariat of State) өөрийн сангийн үйл ажиллагааны хүрээнд олон улсын Centurion Global Fund санхүүгийн байгууллагад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү сан нь “Rocketman” кино болон бусад Холливудын төслүүдийг санхүүжүүлж байсан бөгөөд киноноос олсон ашгийг Ватикан руу буцаан төлдөг байжээ.

3.Цогцосны Шүүх 

Энэ үйл явдал нь Католик сүмийн түүхэнд хамгийн хачирхалтай, харгис, драматик үйл явдлуудын нэг юм. Пап Стивен VI-ийн санаачлагаар явагдсан энэхүү шүүх хуралд аль хэдийн нас барсан Пап Формосусын цогцсыг шүүж, ял оноосон байдаг.

Дэлгэрүүлвэл, Пап Формосус 891 онд Ромын папаар сонгогдсон ч амьдралынхаа турш улс төрийн маргаан, сүмийн дотоод зөрчилдөөнтэй тулгарч байжээ. Тэрээр Франкын эзэнт гүрэн дэх хүчирхэгжсэн Каролингийн угсаатнуудад дэмжлэг үзүүлсэн нь тухайн үед Италид ноёрхож байсан Сполетогийн угсаатнуудад таалагдаагүй юм.

Пап Формосусын нас барснаас хойш Сполетогийн гэр бүл дахин сүмийн эрх мэдэлд нөлөөлж эхэлсэн. Тэдний дэмжлэгтэйгээр Пап Стивен VI сонгогдсон бөгөөд Сполетогийн угсааны хүсэлтийг дагаж, Формосусыг шүүхээр шийдвэрлэсэн гэдэг. 

Хамгийн хачирхалтай нь Формосусын цогцсыг булшнаас нь гарган авчирч, шүүх хурлын танхимд папын хувцастайгаар суулгажээ. Энэ нь тухайн үеийн шашны болон ёс зүйн уламжлалд бүрэн харш үйлдэл байсан. Энэ аймшгийн киноны дүрслэл шиг шүүх хурлын шийдвэр нь нөгөөх цогцосоо буруутай гэж тогтоон, түүний папаар ажиллаж байх хугацаанд хийсэн бүх үйлдлийг хүчингүйд тооцжээ.

Тэгээд ч зогсоогүй Формосусын цогцсын гурван хурууг тайрч (папын адислах үед ашигладаг хуруунууд), цогцсыг нь Тибр мөрөнд хаяжээ.

Энэхүү хэтэрхий хачирхалтай үйл явдал нь Ромын иргэдийн дургүйцлийг төрүүлж, Стивен VI удалгүй босогчдын гарт баривчлагдан шоронд нас баржээ.

2. Нууц архив

Ватиканы Нууц Архив нь дэлхийн хамгийн нууцлаг бөгөөд сонирхол татам газруудын нэг гэж үзэгддэг. Энэ архив нь Ромын католик сүмийн 12 зууны турш хуримтлагдсан түүхэн баримт, бичгүүдийг хадгалдаг бөгөөд Католик сүм болон дэлхийн түүхэнд онцгой ач холбогдолтой зүйлсийг хамгаалдаг газар юм.

Архивт нэвтрэх журам

• Маш хязгаарлагдмал:  Ватиканы Нууц Архивт зөвхөн итгэмжлэгдсэн, өндөр зэрэглэлийн эрдэмтдэд хандах эрх олгодог. Нэвтрэх эрх авахын тулд 75-аас дээш настай, олон жил судалгааны ажлаар батлагдсан туршлагатай байх шаардлагатай.

• Нууцлалын дэг журам: Зарим бичиг баримт олон нийтэд ил болгоход хэтэрхий эмзэг гэж тооцогддог тул эдгээр нь хаалттай байдаг. Архивын дотор байгаа зүйлсийг бүхэлд нь хэзээ ч ил болгоогүй.

Архивын дотор хадгалагдаж буй зүйлс

1. Түүхэн захидлууд: Архивт дэлхийн хаад, хатад, удирдагчид болон Ромын папын хооронд солилцсон түүхэн захидлууд хадгалагддаг. Жишээлбэл:

• Английн Хаан VIII-гийн салалтын тухай бичсэн захидлууд.

• Шотландын Мариа хатан хааны сүүлчийн үг бүхий захидал.

2. Шүүхийн баримтууд: Найтс Тамплиерийн оршин тогтнолын төгсгөлд холбогдох баримт бичгүүд энд байдаг.

3. Бичмэлүүд ба гэрээнүүд: Сүмийн шашны болон улс төрийн ач холбогдолтой олон бичиг, гэрээнүүд.

4. Шашны судрууд: Өндөр үнэ цэнтэй, ховор шашны гар бичмэлүүд энд хадгалагддаг.

Саяхан манайд айлчилсан Ромын пап ламтан Гүюг хааны захидлын хуулбарыг Монголчуудад гардуулж байсныг манай үзэгчид санаж байгаа байх.

1. Дэлхийн хамгийн өндөр гэмт хэргийн төвшин

Ватикан хот хүн ам багатай ч дэлхийн хамгийн өндөр гэмт хэргийн төвшинтэй хэмээн бүртгэгддэг. Гэхдээ энэ нь тухайн хотын оршин суугчдын гэмт хэрэг үйлдээд байдаг гэсэн үг биш.  Дээр дурдсанчлан энэ хот улсад  20 орчим  сая жуулчин ирдэг тул тэдний дунд гардаг халаасны хулгай болон жижиг гэмт хэргийн улмаас бүртгэгддэг юм. Тэрнээс биш хүнд гэмт хэргийн түвшин бага.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0