2025/02/04

АНТАРКТИД ДАХЬ НУУЦУУД

 

Өнөөгийнхтэй харьцуулбал технологи тун хязгаарлагдмал, GPS, сансрын холбоо, хөдөлгөөнт байрлал тогтоогч гэх мэт орчин үеийн хэрэгслүүд байгаагүй үе буюу 20-р зуунын эхэнд, Норвегийн нэгэн гал цогтой хүү, түүхэн дэх гайхамшигт нээлтийг хийжээ. 

Ямар нээлт юм бол гэж үү Антарктид буюу өмнөд туйлыг нээж. Ингэхдээ түүний баг зөвхөн компас, оддын байрлал зэргийг ашиглаж, зүг чигээ тогтоож, явж байсан нь энэ нээлтийг улам онцгой болгож байлаа. Антарктидын хахир хатуу нөхцөлд зөвхөн өөрсдийн мэдлэг, ур чадвартаа тулгуурлан, амжилтад хүрч экспедицээ ахалсан Руаль Амундсен болон түүний эгэлгүй амьдрал өнөөдрийн бидний сэдэв болно. 

Амундсенийн Өмнөд туйлын нээлт нь түүнийг дэлхийн хамгийн агуу судлаачдын нэг болгосон. Түүний аялал маш сайн төлөвлөгөөтэй, хурдан байснаараа алдартай бөгөөд энэ нь туйл судлалын түүхэнд маш чухал үйл явдал болсон юм.

Руальд Амундсенийн Өмнөд туйлыг нээсэн нь тухайн цаг үедээ үнэхээр онцгой нээлт байсан гэдгийг батлах хэд хэдэн баримт байна:


Цаг үеийн нөхцөл байдал


Өмнөд туйл бол дэлхийн хамгийн хатуу ширүүн, нууцлаг газар нутгийн нэг байсан. Тухайн үед Антарктидын бүсэд амьдарч, түүнийг судлах нь асар хүнд нөхцөлд хийдэг ажил байлаа. Мөсөн уудам, маш хүйтэн уур амьсгал, байнгын салхи, мөсөн хана, хүндрэлтэй байгаль орчин нь туйл судлалын судалгааг асар их бэрхшээлтэй болгож байсан. Амундсен Өмнөд туйлд анхлан хүрч чадсан нь тухайн үедээ асар том дэвшилт байсан юм.


Амундсен ба Скоттын өрсөлдөөн


Түүний антагонист, Британийн судлаач Роберт Скотт мөн Өмнөд туйлд хүрэхээр оролдсон ч Амундсен түүнээс түрүүлж, Өмнөд туйлд амжилттай хүрч чадсан. Скотт болон түүний баг туйлд хүрэх ч буцах замдаа амь насаа алдсан нь Амундсенийн аяллын зохион байгуулалт, нохой чарганы стратеги, логистикийн шийдвэр маш үр дүнтэй байсныг нотолдог.


Бүтээлч, дэвшилтэт стратеги


Амундсен зөвхөн зоригтой судлаач байгаад зогсохгүй, нохой чарга ашиглах, замдаа бэлтгэсэн хангамжийн бааз байгуулах гэх мэт стратегиудыг боловсруулж, бусад өрсөлдөгчдөөсөө давуу талыг бий болгосон. Тухайн үед ийм нарийн зохион байгуулалттай аяллыг амжилттай гүйцэтгэсэн нь маш онцгой байв .


Цаг үеийн түүхэн ач холбогдол


Амундсенийн Өмнөд туйлд хүрсэн амжилт нь дэлхий дахинд асар их анхаарал татаж, туйл судлалын салбарт шинэ шат авчирсан. Түүний энэхүү амжилт нь дэлхийн бусад хэсгүүдийн судалгаа, судлаачдад ихээхэн нөлөө үзүүлж, Антарктид судлалын ач холбогдлыг нэмэгдүүлсэн юм. Өмнөд туйлын судалгаа нь дэлхийн уур амьсгал, байгаль орчны судалгаанд чухал ач холбогдолтой болж, судлаачдад дэлхий ертөнцийн талаарх ойлголтыг нэмэгдүүлсэн.

 


Залгамж халаа


Амундсенийн аялал нь дараа дараагийн туйл судлаачид болон эрдэмтдэд хүчтэй нөлөө үзүүлсэн. Түүний нээлт, судалгааны арга барил нь өнөөгийн судалгааны үндсэн стратегиудын нэг болж, туйл судлалын түүхэнд үргэлж дурсагдах болсон юм.


Аяллын бэлтгэл


1910 онд Амундсен өөрийн багаа удирдан "Фрам" хөлөг онгоцоо хөлөглөн Антарктид руу аялжээ. Тэр анхандаа Хойд туйлыг судлахаар төлөвлөж байсан ч Америкийн судлаач Роберт Пири Хойд туйлд анх хүрснийг олж мэдээд, Өмнөд туйлыг зорихоор шийджээ. Өмнөд туйлыг судлах санааг Британийн Роберт Фолкон Скотт мөн адил төлөвлөж байсан тул Амундсенийн хувьд том өрсөлдөөн байв.


Өмнөд туйлыг чиглэсэн аялал


Амундсенийн баг 1911 оны 10-р сарын 20-нд туйл руу шууд хөдлөж, нийт 52 хоног явж Өмнөд туйлын зүг явсан. Тэд маш сайн төлөвлөсөн байсан бөгөөд аяллын үед нохой чарга ашиглан хэрэгцээт зүйлсээ зөөж, хурдыг нь нэмэгдүүлсэн. Цаг агаарын хүндрэл, мөсөн нуранги, өвлийн хахир хатуу нөхцөлтэй тулгарч байсан ч Амундсенийн баг маш өндөр зохион байгуулалттай байснаар давж гарчээ.


Өмнөд туйлд хүрсэн амжилт


1911 оны 12-р сарын 14-нд Руальд Амундсен болон түүний баг Өмнөд туйлд хүрч, дэлхийн хамгийн өмнөд цэгийг анх нээсэн анхны хүмүүс болжээ. Тэд амжилтаа батлахын тулд Норвегийн далбааг мандуулж, тэнд байршлын тэмдэг тавьсан байна. Энэ бол тэдний том ялалт байв. Амундсенийн баг туйлд хүрсний дараа үхлийн аюулгүйгээр буцаж чадсан.

Руаль Амундсен болон түүний багийн зайлшгүй дурсагдах ёстой хэд хэдэн сонирхолтой фактуудыг дурдъя:


Нохой чаргыг стратегийн давуу тал болгосон


Тэр үед Роберт Скоттын баг морьд ашиглаж байсан бол Амундсен нохой чарга ашигласнаар илүү хурдтай, үр дүнтэйгээр туйлд хүрч чадсан. Түүний энэ сонголт судлаачдын аялалд асар их нөлөө үзүүлж, үр дүнтэй стратеги байсныг харуулсан.


Өмнөд туйлд хүрсэн ба буцаж ирсэн цорын ганц баг


Өмнөд туйлд хүрсэнээс гадна, Амундсен болон түүний баг буцах аялалдаа амжилттай оролцож, бүгд эсэн мэнд нутаг буцсан. Харин тэдний өрсөлдөгч Роберт Скоттын баг буцах замдаа амиа алдсан.


Энэтхэгийн далайгаар анхны далбаат хөлөг онгоцоор аялсан


Амундсен 1903-1906 оны хооронд анхны далбаат хөлгөөр хойд баруун хойт замыг судалж, Энэтхэгийн далайгаар аялсан. Энэ нь тухайн үед далай судлалын шинэ ололт байв.


Шинжлэх ухаан, судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулсан


Амундсен зөвхөн туйлын бүсийг судалсан бус, түүний аяллууд нь цаг уур, далайн мөс, газар зүйн тухай шинжлэх ухааны ач холбогдолтой мэдээллүүдийг цуглуулсан. Тэрбээр судалгааны арга барилыг сайжруулж, дараагийн үеийн судлаачдад үлгэр дуурайлал болсон.

Өөрийн амьдралын хамгийн сүүлчийн аялалдаа амиа алдсан

Амундсен 1928 онд Италийн агаарын нисгэгч Умберто Нобилегийн багийг аврахаар явж байхдаа нисэх онгоц нь осолдсон бөгөөд түүнээс хойш алга болсон. Энэ явдал түүнийг амь насаа бусдын төлөө зориулахыг эрмэлздэг хүн байсан гэдгийг харуулсан.

БАГА ЗАЛУУ НАС

“Руаль минь, чи наад далай, тэнгисийнхээ бодлыг хаяхгүй бол нэг л өдөр живж үхэх байх шүү. Муу ёрын совин татаад байна” гэж ээж нь байнга шахуу үглэнэ. Руаль хоёр настай байхдаа, усан оргилуурын усанд живж үхэхээ алдаж, азаар амь оруулснаас хойш ээжийн зүрх сэтгэл хүүгээ уснаас аль болох хол байлгах гэдэг болсон байгаа юм. 

Үнэндээ ээж хэчнээн яншивч, хүүгийн зүрх сэтгэл унтсан ч, сэрсэн ч цор ганц далайг л мөрөөдөж, аав Енс Амундсены үйл хэргийг үргэлжлүүлэх талаар л бодол тээж, эргэцүүлж суудаг байлаа. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг, Енс Амундсен эзэн нь дуудсан юм шиг далайд л явж байдаг байлаа. Тэгээд халуун орны нэгэн боомтод халуун орны өвчин авч, нутаг буцах замдаа их шаналж үхсэн болохоор ээжид аавын зам мөрийг хөөе гэвэл даарин дээр давс нэмсэн хэрэг болох байсан юм.

Өмч хөрөнгө таслаж өгөхгүй, юу ч үгүй гудманд хөөж гаргана гэх ээжийн сүрдүүлэг дор Руаль далайн тухай бүр ярихаа больж, ээжийн заавраар анагаахад суралцахаар болов. Хүслийг нь хааж боож байсан болохоор тэр үү, Руаль хожим газар зүйн нээлт, газар орны байршлын цэгүүдийг найз, нөхөд, танил, асрагч эх, төрөл саднаараа нэрлэсэн атлаа ээжийнхээ нэрээр юуг ч нэрлээгүй.

Гачлантай анагаахын ном үзээд сууж байх хойгуур нэгэн том үйл хэрэг болсон юм. Фритьоф Нансен тухайн үеийг хүртэл хүний хөлийн мөр гараагүй Гренландийг цанаар хөндлөн гулд гаталж, Норвег орноо дэлхий нийтэд мандуулсан юм. “Нансен ба түүний нөхөд эх орондоо эргэн ирлээ. Эргийн тавцан дээр жаран мянга гаруй иргэн тэднийг уухиалан угтан авсан. Тэр дунд нэгэн ахмад хурандаа хэт баярлан хөөрснөөс зүрх нь хаагдаж нас барлаа” гэж орон нутгийн сонинд бичиж байлаа. Хөгжин баяссан олны дунд Фритьоф Нансены ирээдүйн өрсөлдөгч Руаль Амундсен зогсож байсан юм. 

АЗААР ДАЛАЙЧИН БОЛСОН НЬ 

Зургаан жилийн дараа Руалийн ээж уушигны хатгаагаар гэнэт нас барав. Мэдээ сонссон тэр өдрөө Руаль сургуулиа хаяж, штурман буюу хөлгийн чиглүүлэгч буюу навигацийн мэргэжилтэн болох элсэлтийн шалгалт өгч, холын мөрөөдлөө биелүүлэн далайд гарах болов. Гэхдээ туйл судлах томоохон экспедицэд бүхэл бүтэн 4 жилийн дараа багтаж орсон. Сайн даа ч биш, их том хэрэг мандуулж түүнээсээ зугтсан юм. 1897 оны өвөл Антверпенд штурманы сургалтад сууж байхдаа, залуу хүн хойно, байр хөлсөлж байсан айлын эхнэрийн зүрх сэтгэлийг эзэмдсэн юм. Хэрэг явдлыг мэдсэн нөхөр Руалийг болгож өгөх  гэхэд, Руаль ахмад Жерлашийн багт амжин орж, Хойд туйл судлах урт хугацааны аялалд гарч амь аврагдсан. Тэр аялалын талаар Руаль дурсах нэг их дуртай биш. Арга ч үгүй биз. Айлын эхнэр нутаг орондоо багтахаа байж, угаарын хийгээр амиа хорлов. Дээр нь экспедицийг өөрөө биш Жерлаш удирдаж байсан болохоор тэр байх. 

АНХНЫ АЯЛАЛ

Аялалаас эргэж ирмэгцээ, эцэг эхийн үлдээсэн өв хөрөнгөөс өөрийн хувиа авч, “Йоа” агнуурын усан онгоц худалдан авав. Боломжийн хэмжээгээр тоноглож, туйлын гүн рүү явж чадахгүй ч, туйлын наагуурхан ажлыг барчих завь болгож хувиргав. 

Эхний ээлжинд өнөөг хүртэл судлагдаагүй Баруун хойд далайн зам (Northwest Passage. Гренландын урдуур, Хойд америк тивийн араар гараад буцах далайн зам) гарцыг судлахаар болов. Багийн 7 гишүүнээ бүрдүүлэв. Өөрийн орлогчоор “тахир гарт” хочит Хансеныг сонгов. Хансен усан онгоц хайргадуулчихдаг гэмтэй болохоор “тахир гарт” гэж хочилсон хэрэг. Тогоочоор домогт Линдстремыг авав. Архинд нэлээд дуртай. Штурманаар залуу Викийг авч явав. Амундсены улаан фен байв. 

Замын дийлэнхийг туулаад байтал, “Йоа” хүчрэхээ байж цас мөсний өмнө бууж өгч таг зогсов. Азаар аялагчид Кинг-Уильям аралд хүрч чадав. Өвөлжөөд цааш явна гэж тооцоолж байтал, хэрэг явдал бүтэлгүйтэж тэндээ 2 жил гацав.

АНХНЫ НЭЭЛТ

Азаар мөс хайлж, “Йоа” аяллалаа үргэлжлүүлэх боломжтой болов. Хоёр долоо хоногийн дараа Баруун хойд далайн замыг нээв. Гэртээ буцаж ирэхэд, Норвегийн хаан солигдож, Норвег Шведын хяналтаас гарч бие даасан улс болсон зэрэг томоохон өөрчлөлтүүд эзгүй байх хооронд гарсан байв. Тусгаар тогтнолоо 1905 оны 10-р сард зарлаад байсан Норвегийн анхны баатрууд Амундсены баг болсон. 1906 оны 10-р сард багийнхан эргэж ирэхэд сургуулийн хичээлүүдийг цуцалсан юм. Нансены угтахдаа хүртэл ингэж байгаагүй юм. Хувьтай хүн л  тохироо нь бүрдсэн зөв цагт гарч ирдэг байх даа.

ӨРСӨЛДӨГЧИД

Ард олны хайранд булхаж, алдар нэрийн оргилд умбаж явсан Руаль яаж яваад нэг их олны танил бус шүүгч Кастбергийн Йёвикт байрших гэрт зочлох саналыг хүлээн авсан нь ойлгомжгүй ч, ямартаа ч хүлээн авсандаа харамсаагүй юм. Кастберг Сигрид (Сигг) нэртэй үзэсгэлэнтэй эхнэртэй байсан юм. Руаль Сиггт ухаангүй дурлан, хэдэн сар хөлд нь сууж, харцынх нь аясаар хөдөлж байлаа. Хүүхнийг эзэмдэхийн тулд хамаг ажил төрлөө хаяж, аяллалын улирлыг хүртэл алгасаж орхив. Гэвч хүүхэн элдэв шалтаг, шалтгаан тоочин нөхрөөсөө салах гэж яарахгүй байв. Хожим Амундсен “Сиггээс болж минийх байж болох нээлтүүдийг би алдсан даа” гэж харамсангуй хэлж байсан юм. 

Дэлхий дээр хоёр туйл бий, Норвегт туйл судлаач хоёр хүн бий. Амундсен, Нансен хоёр. Тэгэхээр тэр хоёр эвтэй найртай туйлуудаа хуваан авч судалахаас аргагүй байсан юм. 1896 онд Нансены Хойд мөсөн далайгаар Хойд туйлд хүрэх гэсэн оролдлого бүтэлгүйтсэний дараа Өмнөд туйл руу явахаар шийдэхэд, Амундсенд Нансены хойд туйлыг нээх ородлогыг хийж үзэхээс өөр зам үлдээгүй юм. Аз ивээх ч юм билүү яаж мэдлээ. Газраар явах үед, хойд туйлын цагаан баавгайг нохойн оронд чарганд хөллөж үзэхээр шийдэн, сургаж гарав. Гэвч Норвегт ийм аяллын ая даах усан онгоц ганц байсан нь улсын мэдлийх ч, зөвхөн Нансен унадаг “Фрам” онгоц байв. 

ӨМНӨД ТУЙЛ РУУ ЯВАХААР ШИЙДСЭН НЬ

Нансен эхнэртэйгээ маргаагүйсэн бол Амундсен “Фрам”-ыг олж харахгүй байсан байх. Нөхрийгөө байнга эзгүй далайд байдгаас залхсан Эва Нансен “Чиний шинэ аялал юу болж дуусахыг чи мэдэж байгаа биз дээ” гээд л яг уйлж унжиж байх үед, Амундсен ирж “Фрам”-ыг гуйсан юм. Нансен “За, Фрамыг авч үз. Гэхдээ экспедицийн зорилго нээлт биш шинжлэх ухаан байх ёстой шүү. Та хойд туйлд хүрэхгүй байж мэдэх ч, ямар ч тохиолдолд гидрологийн судалгаа хийх ёстой шүү” гэж хэлэн дурамжхан өгөв. 

Бэлтгэл ажлын хүрээнд, Норвегийн хаанаас хамгийн их 75 мянган кроны тусламж үзүүлэв. Ард нийтээрээ чадах ядахаараа туслаж байлаа. Тэгтэл аяллын товоос 4 сарын өмнө утас дуугарч, “Хойд туйлыг Америкийн ахмад Пирийн, ахмад Кукын 2 экспедиц бараг зэрэг нээчихлээ, хэн нь түрүүнд очсон дээр бөөн маргаан” гэв. Дэлхий хөмрөх шиг болов. 

Нэг юм бодож олох хэрэгтэй байлаа. Дэлхий дээр туйл хоёр байдаг, нөгөө туйлыг нь хараахан нээгээгүй байна. Ямар ялгаа байна. Туйл бол туйл. Хамгийн сүүлийн экспедиц Өмнөд туйлд хүрэхээс 29 км зайд буцсан. Тийш явах 2-3 зам л бий. Английн Скот халаагууртай моторт чаргаар явна гэж байгаа. Манай Норвегт тийм юм байхгүй, Парламентын гишүүдээс гуйвал цаг орно. Дээр нь Нансеныг хуурч, муухай хандсан болох байхдаа гэж бодож байв. Төлөвлөгөөнд огт өөрчлөлт ороогүй юм шиг царайлахаар болов. Өмнөд туйлд цагаан баавгай байхгүй тул чарганд хөллөх  санаархлаа шууд орхив.  

ӨМНӨД ТУЙЛД ОЧСОН НЬ

1910 оны 8-р сарын 9-ний өдөр “Фрам” замдаа гарлаа. Хөлгийн тавцан дээр 9 хүн байв. Түүний 8 нь хаашаа явах гэж байгаагаа ер гадарлахгүй байв. Руаль гагцхүү задгай далайд гарсан хойно Өмнөд туйл руу явж байгаагаа хэлэв. Антарктидад 16 сарын дараа ирэхэд, эрэг дээр ахмад Скотын онгоцнууд зангуугаа хаячихсан зогсож байлаа. Яг энэ үед Скотын баг 800 км урт, 30 м өндөр Россын мөсөн давааг овор ихтэй моторт чаргаараа давж чадахгүй зогсож байсан юм. 

Норвегчууд сурамгай гэгч нь зөөврийн дулаан байшингаа барьж аваад, оцон шувуунуудыг агнан хүнсээ базааж авч байлаа. Руаль Скотт моторт чаргатай яваа шүү дээ гэхээс байж сууж ядан, дулаархыг хүлээлгүй дадсан нохой чаргаа унан, -30 хэмд замдаа гараад давхичихав.

Туйлын төв руу ойртох тусам хүйтний эрч улам чангарч байлаа. -60 гэхэд шилтэй “Жин” архи хүртэл хагарч байсан болохоор Руаль замаасаа буцав. Хоёрдахь оролдлогоо хоёр сарын дараа хүйтний эрч арай суларч, дулаарах үед хийв. 

52 нохойг 4 чарганд хөллөн 5 хүн явав. 52 нохойноос 24-ийг замдаа хүнс болгон ашиласан. Багийн гишүүд болон нохдоо хооллож байв. Буцах замдаа ашиглахаар тооцон агуулах замдаа барьж зарим зүйлсээ үлдээхдээ, уулчдын хөлдөө хальтирхаас хамгаалдаг хадаасан бэхэлгээгээ мартсанаа санаж, хоёр хоногийн дараа буцаж очиж авч байлаа. Руаль уурандаа дэвхэрч байлаа. “Иймхэн юмны төлөө буцахдаа яадаг юм. Туйлын төв цэг ийм ойрхон байхад даа.” гээд уурсаж байв. Зорилгодоо ойртох тусам Руалийн санаа бодол тогтож ядаж байлаа. Амундсен солиорсон мэт цасан дээр англичуудын хөлийн мөр байгаа эсэхийг цаг ямагт шалгаж байлаа. Итгэхэд бэрх ч, хөлийн мөр байгаагүй. 12-р сарын 14-ний өдөр Өмнөд туйлд хөл тавьсан анхны хүмүүс болов. Норвегийн тугийг хатган, багийн гишүүддээ сүүлийн хоёр сард анх удаа түр амсхийх зөвшөөрөл өгөв. Буцахын өмнө Пульхейм (Туйлын гэр) нэртэй майхан босгож, дотор нь Норвегийн хаанд хаягласан захидал орхив. Хэн ч амьдрахгүй майхан босгож, хэн хүргэж өгөх нь тодорхойгүй захидал үлдээсэн юм. 

 

ЗАХИДАЛ ХААНД ХҮРСЭН НЬ

Гэхдээ энэ захидал шударга, ёс зүйтэй ахмад Скоттын ачаар Норвегийн хааны гарт хожим хүрч очно. Скотт Амундсенээс сарын дараа туйлын төвд ирж, тэрхүү захидлыг авч явсан. Харамсалтай нь Скоттын багийнхан буцах замдаа халаагууртай моторт чарга нь хүйтнээс болж эвдэрч ажиллахаа байснаас бүгд осгож нас барсан. Скоттын нас барсан майхнаас аврах багийнхан Хааны ордонд гэж хаягласан нэгэн дугтуй олсон юм. Норвегийн хаан түүний захидлыг уншсаныг сонсох үед Руаль “Захидлын талаар тас мартсан байжээ”

Нутагтаа ирээд баяр хүргэсэн захидал, цахилгаанд булуулж байлаа. Тэр дунд 2 хүний захидал их онцгой байсан юм. Нансены “Баяр хүргэе, Хойд туйлд гидрологийн судалгаа хийх өр чинь хэвээр байгаа шүү” гэх захидал, нөгөө нь Сиггийн “ Та эрүүл энх байг, Сигг” гэх богинохон захидал байв. Сигг түүнийг эзгүй хооронд нөхрөөсөө салсан байсан нь Руалийн сэтгэлийг хөдөлгөж чадаагүй юм. Руаль дундын найзаараа дамжуулан “Оройтсон, хонгор минь” гэсэн хариу өгүүлсэн байдаг. 

СҮҮЛЧИЙН ВИКИНГИЙН ОРГОЛТ

Руаль гэр бүлийн амьдрал аз жаргал авчирдаг гэдэгт итгэдэг байсан ч үргэлж л нөхөртэй хүүхнүүдэд гал халуунаар дурлаж, тэдний төлөө юу ч хийхээс буцахгүй байдаг байжээ. Хувь заяаны эрхээр гэрлэлт цуцлуулах явц, хүүхнүүдийн шийдвэр гаргах гэсэн удаан хойрго байдал сэтгэлийн галыг нь бөхөөдөг байлаа. 

Гэхдээ энэ удаа эршүүд зантай Бесс гэх канад хүүхэнд дурлаж орхив. Мэдээж нөхөртэй, гэхдээ Бесс нөхрөөсөө насаар хамаагүй залуу хүн байсан тул бодож сэхэлгүй шууд сална гэв. Амундсенд өвөл элдэв ногоо, мөөг дарах дуртай болохоор гэртээ агуулах хийхээр зай гаргаж өгөхийг хүсээд, нөхрөөсөө салахаар Америк явсан хойгуур Руаль гэр орноо төвхнүүлж байлаа. 1928 онд Бесс албан ёсоор салав. Тэр оны 6-р сарын 23-ний өдөр Бесс “нөхрөөсөө салав. Усан онгоцоор явж байна. Намайг угтааарай” гэсэн захидал илгээв. Бесс ийм амархан салчихсан нь нэг л сонин байлаа. 55 настай Руаль сэтгэл дотор нэг л тавгүй байв. Цаашдын амьдралаа баахан барианы шил (варенье) угааж, ариутгаж сууна гэж бодсон чинь утгагүй санагдаж, үүнээс би аз жаргалыг мэдрэх үү гэж өөрөөсөө хэдэнтээ асууж, биш болохыг мэдээд, ганц л зам байгаа юм гэж өөртөө хэлэв. Өнгөрсөн хугацааны амжилт хэнд хэрэгтэй юм. Тэр өнгөрсөндөө үлдэнэ. Тэгэхээр хүн шинэ зорилгыг дэвшүүлэн, түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэх ёстой юм байна гэдгийг ухаарав. Тэгтэл Бессд юу гэж хэлэх үү, түүнтэй гэрлэхээр нөхрөөсөө салаад, бүгдийг орхиод ирж байдаг.  Зүгээр л зугтах бол цор ганц арга гэж шийдэв. 

Яг энэ үед ахмад Нобилегийн хөнгөн хийт онгоц осолдов. Жинхэнэ эр хүн, ясны туйл судлаач нар шиг амьдралын төлөө тэмцэж, эсвэл нэр төртэйгөөр үхэж, мөнхийн алдар нэрийг хүртэх ёстой байтал,  дэлхийгээр сандарч мэгдсэн ослын мэдээг сонсоод гар хумхин сууж чадамгүй байлаа. Амундсен яаж боломжийг алдахав. Итали эрийн аврах уу, олж аваад ухамсрын шанаа өгөх үү аль нь ч байсан гэсэн алдар нэр хүртэхээр байлаа. Аврах багт оров.

Бессыг онгоцноос буух үед Амундсен эргэж ирэх найдвар тун бага байлаа. Тиймээс Бесс Америк явж, дөрвөн жилийн дараа сэтгүүлчтэй гэр бүл зохион амьдрав. 

Нобилег аварч чадсан ч Руаль осолдож түүхэн дэх агуу нээлтийн эзний амьдрал дуусгавар болжээ. Түүний араас  Норвег орон даяар гашуудаж,  Амь биеэ бусдын төлөө өгсөн баатарлаг эр гэж бүгд шагшин магтаж байлаа. Гагцхүү Нансен л “Амундсен эрдэмтэн байгаагүй. Тэр газар зүйн шинэ нээлтийг л чухалчилж байсан. Гэхдээ тэр бол жинхэнэ эр хүн байсан, магадгүй, Норвегийн түүхэн дэх хамгийн сүүлийн мэргэжлийн ВИКИНГ байсан” гэж хэлсэн гэдэг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0