
“ЧӨТГӨРИЙН ГУРВАЛЖИН: ДАРААГИЙН ЗОЛИОС ХЭН БЭ?”
Яг л уран зөгнөлт кинон дээр гардаг шиг зүгээр л тийшээ зүглэсэн онгоц бас усан онгоцууд ор мөргүй алга болдог тийм нэг чөтгөрийн газрыг Бермудын гурвалжин гэдэг гээд манайхан зөндөө л сонсож байсан байх. Энэ удаагийн дугаараар бид Чөтгөрийн гурвалжин гэдгээрээ алдаршсан Хойд Атлантын далайд орших энэ оньсого шиг газрын талаар ярилцана.
Бермудын гурвалжиныг нийтэд хүргэсэн хүн - Винсент Гэддис
Бермудын гурвалжний түүхийг 1964 онд сэтгүүлч Винсент Гэддис “Чөтгөрийн гурвалжин: Дараагийн золиос хэн байх вэ?” гэх гарчигтай нийтлэл Argosy сэтгүүлд хөндөн тавьсан юм. Нийтлэлдээ «Сүүлийн 20-хон жилийн хугацаанд энэ далай тэнгисийн оньсого бараг 1000 гаруй хүний амийг авч одлоо. «19-р салаа», “Циклоп”, “Рубикон” гэх зэрэг олон онгоц, усан онгоцнууд золиос нь болов. Дараагийн золиос хэн байх вэ?” гэж бичиж байв.
“Чөтгөрийн гурвалжин: Дараагийн золиос хэн бэ?”
Нийтлэлийн гарчиг үнэхээр дэлхий нийтийг цочроож чадсан юм. Гэхдээ энэ нийтлэлээс хойш 10 жилийн дараа Йелийн их сургуулийг төгсөгч судлаач Чарль Берлиц Бермудын гурвалжин гэх ном бичиж жинхэнэ аз одыг шүүрч чадсан байгаа юм. Номондоо алга болж буй усан онгоц, онгоцнуудыг Атлантидтай холбон тайлбарласан. Далайн ус гэнэт цагаанаар булингартах, луужингийн зүү өөр чигийг заах, далайн ус хэлбэлзэх, гэнэт манан татаж, шуурга дэгдэх нь яах аргагүй нууцлаг арал улсын нөлөө гэх таамгийг дэвшүүлсэн нь гал өрдөх шиг болсон. Угаасаа хүн төрөлхтөн тийм нууцлаг зүйлд татагддаг болохоор энэ ном Нью Йорк Таймсын ном хамгийн борлуулалт сайтай номын жагсаалтыг 40 долоо хоног тэргүүлж, 22 хэлнээ орчуулагдаж, 14 сая хувиар борлогдсон.
Домогт Атлантидын тухайд, өндөр соёлжиж, хөгжлийн дээд түвшинд хүрсэн өмнөх иргэншлийн улс юм. Хүний одоогийн иргэншлийн эхэн үе хүртэл оршин тогтнож байгаад, Атлантын далайн ерөөлд живсэн гэж үздэг. Тиймээс дээгүүр нь явах усан онгоц, онгоцнуудын хяналтын самбар Атлантидагийн кристалын өндөр технологийн нөлөөгөөр ажиллахаа больдог гэж баталж байлаа.
Ийм их амжилтанд хүрсэн хүн амтшилгүй яах вэ, 1977 онд “Ор сураггүй алга бологсод” нэртэй өөр ном гаргасан. Энэ номонд байгалийн ер бусын үзэгдлийн гэрч болсон хүмүүстэй уулзан, баримт цуглуулснаа хэвлүүлсэн байдаг юм. Түүний номнууд Бермудын гурвалжин дэлхийн далдын хүчний төв, “нөгөө ертөнцтэй холбодог суваг”, “харь гаригийнхны манай дэлхийд ирдэг хаалга”, “харь гаригийнхан хүний бие анатоми, сэтгэл зүйг судлахын тулд онгоц, усан онгоцнуудыг хулгайлдаг. Үүний тулд далайн шуурга, усны эргүүлэг ашигладаг” гэх төрөл бүрийг таамгийг араасаа дагуулсан юм.
Тэр ч байтугай, Уран зөгнөлийн хаан гэж авгайлж болох алдарт найруулагч Стивен Спилберг 1979 онд энэ давалгаанаар «CLOSE ENCOUNTERS OF THE THIRD KIND» (Гуравдугаар зэргийн харилцаа) шинжлэх ухаан- зөгнөлт кино бүтээсэн байдаг. Харь гаригийнхан 1945 онд алга болсон “19-р салаа”-г мексикийн цөлд, 1925 онд алга болсон “Котопакси” тээврийн усан онгоцыг Монголын Говьд аваачсан тухай гардаг.
Ингэж алдарт найруулагчийн найруулгаар бүүр л илүү нууцлаг бас айдас төрүүлэм, учир битүүлэг газрын нэг гэж дэлхий нийтэд ойлгогдсон.
Одоо энэ чөтгөрийн гээд байгаа гурвалжин дотор яг ямар үйл явдлууд, бас ослууд болсон болоод ийм нэр авсан бэ гэдэг талаар ярилцацгаая:

1945 он – “19-р салаа”
1945 оны 12-р сарын 5-ний өдөр Флоридагийн Форт-Лодердейл нисэхийн баазаас Чарльз Тейлор ахлагчтай таван “Авенжер” бөмбөгдөгч онгоц хээрийн сургуулилт хийхээр нисэв. Нисэхийн зурвасаас дөнгөж салаад сургуулилт хийх чиглэлээ бариад удаагүй байхад 14 гаруй хүн ор сураггүй алга болов. Эрэл хайгуул амжилтгүй болсны дээр эрэлд оролцож байсан 13 багийн гишүүнтэй усан дээр буудаг Мартин Маринер онгоц өнөөх Бермундын гурвалжингийн хавьцаа бас л алга болов.
14.00 цагаас хөөрсөн ба энэ үед цаг уурын байдал таатай байлаа. Нисэгчид далай дээгүүр эргүүлэг хийгээд, бөмбөг хаях сургуулилт хийгээд бааз эргэж ирэх байв. Сургуулилтыг 2 цаг хийх тооцоотой. 5.5 цаг нисэх буюу хангалттай нөөц шатахуунтай гарсан. Нислэгийг ахалж байсан дэслэгч Тейлор 2.5 мянган цагийн нислэг үйлдсэн, Номхон далайд японуудын эсрэг тулалдаж явсан туршлагатай нисэгч байв.
Сургуулилтаа хийж дуусаад, 15.40 цаг орчим дэслэгч Тейлор радио холбоогоор: “Хоёр луужин ажиллахгүй байна. Би Форт-Лодердейл баазаа хайж байна. “Би доор хуурай газар харж байна. Бид Флорида-Кисын дээр байна” гэв. Флорида-Кис гэдэг нь Флоридагийн өмнө зүгт байдаг бүлэг арлууд юм (архипелаг). Хэдэн минутын дараа дэслэгч дахин холбогдон “Бид нэг томгүй арал дээр явж өнгөрлөө. Өөр хуурай газар харагдахгүй байна” гэв. Флорида-Кис хүрэхийн тулд Флорида дээгүүр нисэх учиртай, тэгтэл Флоридаг яаж алгассан байх вэ гээд бүгд гайхаж байлаа. Цаг яваад л байлаа, гэхдээ шатахуун дуусах хараахан болоогүй байв. Энэ үед нислэгт гарсан 5 онгоц хоорондоо “Хэрвээ бид баруун зүг рүү нисэж байгаа бол хуурай газар харагдах ёстой, бид буруу чигт задгай далай, зүүн зүгийг барьчихсан биш байгаа” гэж ярилцаж байлаа. Цаг явсаар, шатахуун дуусах тун ойртов. Холбоо барих улам хүндрэлтэй болж байлаа.
18.20 минутад дэслэгч Тейлор сүүлийн удаа холбоо барив. “Нэг нэгнээсээ салж холдохгүй шүү. Усан дээр бууцгаая. 4 л орчим шатахуун үлдмэгц, бүгдээрээ хамтдаа доошлоно шүү” гэж хэлснээс хойш хэнч дахин холбогдоогүй.
Тэр орой 14 хүний үхэл хангалтгүй байсан бололтой. Тэдний эрэлд гарсан усан дээр буугч Мартин Маринер цэргийн онгоц 13 гишүүний хамтаар мөн л алга болов. Өглөө үүрээр цэргийн бааз тэрчигтээ босч, дахин эрэлд гарч, сөөм газар бүрийг самнан хайсан боловч, ямар ч сэжүүр олоогүй. Тэр өглөө далай юу ч үлдээлгүй бүгдийг залгисан мэт амар амгалан долгилж байлаа.
1944 он
Бермудын гурвалжид 1944 оны 10-р сарын 21-ний өдөр 300 гаруй хүнтэй АНУ-ын “Рубикон” цэргийн усан онгоц учир битүүлгээр алга болов. Дараагийн өдөр эрлийнхэн далайн салхи, давалгаанд туугдан яваа Рубиконыг олов. Хөлгийн тавцан дээр амьд амьтнаас цор ганц нохой л байв. Бүртгэлийн дэвтэрт 1944 оны 9-р сарын 26 өдөр Хаваны боомтод зогссон тухай тэмдэглэл байв. Тухайн үеийн сонин мэдээгээр, хүлэг онгоц бүрэн бүтэн, эвдрэл сүйдэл байхгүй, гагцхүү аврах завьнууд алга болсон, багийн гишүүдийн хувийн эд зүйлс байрандаа байсныг мэдээлж байв.
Ийм явдал 1872 оны 12-р сард Гибралтараас 400 милийн зайд спирт зөөж явсан “Мария Целеста” онгоц багийн ганц гишүүнгүй олдож байсан. Ахмадын өрөөнд эхнэрийнх нь үнэт эдлэлтэй хайрцаг, багц мөнгө, түүнчлэн тээвэрлэж явсан спиртийг хэн ч авах гэж оролдоогүй. Гагцхүү луужин, од газрын байршлыг хэмжигч секстант багаж, цаг хугацаа хэмжигч хронометр, бүртгэлийн дэвтэр, завь, мэдээжийн хэрэг, багийн 8 гишүүн алга болж байсан байгаа юм.
Шуурга болоод хөлөг онгоцнуудаа орхиж яваад амь насаа алдсан байх гэх таамаг учир дутагдалтай байсан юм. Хөлгийн тавцан, өрөөнүүд дэх эд юмс эмх цэгцтэй байснаас үзэхэд ийм байх боломжгүй байгаа юм.
Ер нь том оврын усан онгоц Бермудын гурвалжинд алга болох бүр ч асуудлыг бий болгож байсан.
1918 оны 3-р сарын 4-ний өдөр АНУ-ын цэргийн тээврийн усан онгоц Рио-де-Жанейрогоос марганц ачин, Хойд Америкийг чиглэн явж, 9 хоногт товлосон газраа хүрэх байв. Гэвч 3-р сарын 13-ний өдөр хүлэг онгоц ирээгүй. Сүүлд холбогдоход, “Циклоп” Бермудын гурвалжин хавьцаа явж байгаагаа мэдэгдэж байсан, түүнээс хойш хэн ч юу ч хараагүй байгаа юм. Хөлгийн тавцан дээр багийн гишүүдээс гадна 306 зорчигч байв. Онгоц уртаашаа 108 м байсан бөгөөд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хамгийн том онгоцнуудын нэг байв.
1944 онд “Циклоп”-ын ихрүүд болох “Протей”, “Нерей” хоёр алга болов. Ийм том онгоцнууд ор сураггүй алга болно гэдэг бүр хачирхалтай байсан юм. Гэхдээ Дэлхийн I, II дайны он жилүүд байсан болохоор дайны хөлд шуугиан тэсгийхээд дарагдаж байжээ.
1948 он
1948 оны 1-р сарын 30-ний өдөр Британ-Латин Америкийн агаарын тээврийн компанийн “Авро Тюдор – 4” маркийн “Бар” нэртэй онгоц 25 зорчигч, 6 багийн гишүүний хамтаар алга болов. Цогцос, онгоцны хэлтэрхий олдоогүй. Ажлын хэсгийнхэн “тун учир битүүлэг хэрэг” гэж тэмдэглэж байлаа.
Үүнээс бараг жил орчмын дараа энэ компанийн “Авро Тюдор -4” маркийн “Ариэл” нэртэй онгоц мөн л Бермудын гурвалжны орчим ор сураггүй алга болов. 1949 оны 1-р сарын 17-ний өдөр Бермудын арлуудаас хөөрсөн онгоц цаг орчмын хугацаанд радар байршлыг нь зааж байлаа. Тун удалгүй 6000 – 6500 м өндөрт нисч явсан онгоц гэнэт алга болов. Мөн л цогцос, онгоцны сэг гэх ямар ч сэжүүр олдоогүй.
Эрдэмтэдийн санал
Эрдэмтэн мэргэд янз бүрийн л таамаг дэвшүүлдэг байлаа. Нэг хэсэг нь цаг уурын тааламжгүй байдал, далайчдын туршлага дутуу байдал, луужин эвдэрч буруу заасан зэргээр тайлбарладаг байсан бол нөгөө нь онгоц, усан онгоцны хяналтын самбар, тэр дундаа, луужин ажиллахгүй байгаа нь энд соронзон орны үйлчлэл байна, эсвэл газрын гүн дэх тектоны хавтангуудын хөдөлгөөнөөс үүсэх цахилгаан болон соронзон орны нөлөөноос хяналтын төхөөрөмжүүд ажиллаагүй гэж тайлбарлаж байлаа.
1975 онд номын санч, нисэгч байсан Ларри Куше “Бермудын гурвалжингийн нууц тайлагдав” номондоо алга болсон 51 цуутай хэргийг судлан, дийлэнх онгоц, усан онгоцнууд хар салхи, тоног төхөөрөмжийн саатал, багийн гишүүдийн алдаанаас болж сүйрсэн гэж дүгнэлтэд хүрчээ. Тэгээд “Бермудын гурвалжин гэж байхгүй. Манай дэлхий дээрх далайн бусад хэсэгт ч мөн л осол аваар дутуугүй гардаг” гэсэн нэгдсэн дүгнэлтийг өгсөн.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин, АНУ-ын цаг агаар, далай судлалын үндэсний төвөөс хэн нэгнийг буруутгах ёстой бол байгал, хүний хүчин зүйлийг буруутгах хэрэгтэй “Байгалийн хүч, хүний алдаа гаргадаг нийтлэг хандлага хоёр нийлээд ямар ч шинжлэх ухааны зөгнөлт зохиолоос илүү байж чадах юм аа” гэж мэдэгдэж байв.
Lloyd's of London даатгалын компани 2013 онд Дэлхийн байгал хамгаалах сангийн захиалгаар хийсэн тайланд Бермудын гурвалжин нь усан онгоцонд халгаатай топ 10 газарт бас ороогүй юм.
Гол шалтгаан нь юундаа байгаа юм болдоо. Атлантын далайн дийлэнх хар салхи гайтай өнөөх гурвалжнаар дайрч өнгөрдөг юм байна. Дээр нь байгал цаг уурын гэнэтийн өөрчлөлөлтийг бий болгодог Атлантын далайн Гольфстримын дулаан урсгал мөн энд урсдаг. Энэ урсгал живсэн биетийг сэгийг аваар болсон газраас хол аваачин урсгадаг гэж үзэж байгаа. Урьд алга болсон онгоцнуудаас бага сага олдоод байгаа. Спилбергийн ачаар алдаршсан Котопокси усан онгоц Флоридагийн эрэг орчмын далайн ероолоос олдсон. 1980 онд илрүүлж, 2020 онд яахын аргагүй Олдсон эд ангиар нь 1925 алга болсон онгоц болохыг тогтоосон.
Эрдэмтэд гэхдээ таамаг дэвшүүлсээр байгаа. Үүнд зургаан талт үүл, далайн ероолд байгаа их хэмжээний метаны хий дээш дэгдэснээс болсон гэх зэрэг. Эдгээр нь хараахан батлагдаагүй байна.
Сүүлийн үеийн судалгаагаар, Атлантын далайн энэ хэсэгт үүсдэг үхлийн-давалгаанууд усан онгоц, онгоцыг залгидаг гэж үзэж байна. Салхи, далайн гүнд үл мэдэгдэх шалтгаанаар далайн ус цалгин тэнэмэл давалгаа үүсч байна. Ийм давалгаа нь цаг агаар сайхан үед хүртэл гэнэт үүсэх нь хачирхалтай. Атлантын хойд хэсэгт 1995 онд 26 м өндөр давалгаа үүсч байгааг ажиглажээ. Ийм төрлийн давалгаа усан онгоцыг хамж одох нь ойлгомжтой, харин доогуурхан нисэж байгаа онгоц, ялангуяа, Д2Д үеийн хуучин загваруудын өмнө усан хана үүсгэж хамдаг гэх таамаг дэвшүүлээд байна. 2018 онд Сауфхемптоны их сургуулийн оюутнууд Циклоп усан онгоцны загвар болон нөхцөлийг моделиэр туршиж үзэхэд, ийм давалгаа Циклопыг тэг дундуур хувааж байгааг тогтоосон.
Бермудын гурвалжин бол Хойд, Өмнөд Америкийг холбодог хамгийн дөт зам болохоор тэнд хамгийн их аваар осол гараад байгаа мэт санагдаж магадгүй юм.
Ямартаа эрдэмтэд нэгдсэн байр сууринд хүрч, бүх нууцыг хараахан тайлж амжаагүй хэвээр байна. Болгоомжтой байгаарай.