
“Аянгат Луугийн Орон” хэмээх Бутаны Вант Улс нь Гималайн өндөрлөг уулсын зүүн урд хэсэгт орших уртаашаа 150км, өргөөшөө 350км газар нутагтай Хятад болон Энэтхэг улсуудтай хил залгаа орших далайд гарцгүй улс юм. Хойд хэсэгт байрлах Гималайн нурууны 7,200 метрийн өндөрлөг уулсын хүйтэн сэрүүн бүсээс авахуулаад өмнө хэсэгт Энэтхэгийн Ассам, Баруун Бенгал мужуудтай залгаа орших 100 метрийн нам дор газрын тропикын халуун бүс нутаг бүхий онцгой байгаль, цаг ууртай орон юм.
Бутаны Вант Улс:
Хүн ам: 792,382 (2024 он)
Газар нутгийн хэмжээ: 38,394 км (Сэлэнгэ аймаг 41,200)
Нийт ДНБ: 2.6 тэрбум ам.доллар (2022он) Нэг хүнд ногдох ДНБ: 3,700$ 190 орноос 124-д орно,
Албан ёсны хэл: Зонха
Интернэт хэрэглэгч: Хүн амын 48,1% (2022)
Дундаж наслалт: 72
Бутаны тухай миний өнөөдрийн өгөх мэдээллүүд НҮБ-ийн шугамаар Бутанд амьдарч, ажиллаж байсан З. Батсайханы Бутан улсын талаар товч бичиглэлээс иш татагдсан.
Хамгийн түрүүнд Бутан Улс Монгол Улстай адил төстэй, нийтлэг нөхцөлүүдийг дурдъя:
- Буддын шашны соёл түүхтэй, (Очирт хөлгөний ёс)
- Хоёр их гүрний дунд оршин тогтнодог,
- Далайд гарцгүй,
- Худалдааны орлого нь нэг улсаас хараат,
- Хүн ам харьцангүй цөөтэй,
- Эдийн засгийн бүтэц цөөн салбараас хамааралтай зэрэг болно.
Бутаныг судлах тусам, энэ улсыг мэдэх тусам өөр улсуудад төдийлөн тааралдаад байдаггүй онцгой үзүүлэлтүүдийг хараад үнэхээр гайхлаа:
- Иргэдийнхээ аз жаргалын түвшинг хэмждэг улс,
- Хамгийн залуу ардчилсан орнуудын нэг – 2008 онд Үндсэн хуулиа батлаж хязгааргүй хаант засаглалаас үндсэн хуульт ардчилсан хаант засаглал руу шилжсэн,
- Тамхи татах бүрэн хориотой - 2006 оноос тамхийг эрүүл мэнд, байгаль орчны шалтгаанаас болж бүрэн хориглосон байна,
- Мал амьтан алах буюу төхөөрөх хориотой - махны хэрэгцээгээ импортын махаар хангадаг
- Нийт газар тариалангийн 80% органик, 100 болгох амбицтай ажиллаж байгаа.
- Гадаадаас химийн бордоо импортлохыг бүрэн хориглосон,
- Үндэсний бахархалт шувуу Хэрээг алвал ялын дээд хэмжээ өгдөг,
- Цагаан сарын шинийн нэгэнд нийтээрээ төрсөн өдрөө тэмдэглэдэг,
- Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өндөр- айлын өв хөрөнгө том охинд өвлөгддөг гэх мэт,
- Газар нутгийн 72% ойгоор бүрхсэн хэдий ч мод экспортолдоггүй, мод огтлох нь тусгай зөвшөөрөлтэй,
- Эрчим хүчний хэрэглээний 97%-ийг усан цахилгаан станц буюу сэргээгдэх эх үүсвэртэй,
- Нүүрсхүчлийн хийг шингээгч анхны бөгөөд цорын ганц улс болж чадсан,
- Дэлхийн хамгийн хөөрч буухад хэцүү буюу аюултай нисэх онгоцны буудалтай,
- Ямар ч гэрлэн дохиогүй улс,
- Гэмт хэргийн түвшин маш бага- хулгай, залилан зэрэг хөнгөн гэмт хэргүүд л гардгаас хүн амины хэрэг, хүчирхийлэл зэрэг хүнд гэмт хэргийн тохиолдол маш ховор,
- Аялал жуулчлын төрийн хатуу бөгөөд онцлог бодлого барьдаг,
- Зурагт болон интернет хамгийн сүүлд нэвтэрсэн улсуудын нэг -1999 онд анх удаа зурагт нэвтэрсэн,
- Тогтвортой хөгжийн хамгийн сайн жишээ болсон улс гэх мэт.
Энэ онцгой содон үзүүлэлтүүдийг үзүүлж чадаад байгаа Бутан улсын түүхийг хуураангуйлвал: Cүүлчийн Шангри-Ла буюу дэлхийн дээвэрт орших диваажин хэмээн судлаач, аялагч нарын анхаарлыг гойд татдаг Бутан Улсын түүх нь Буддын шашин, Төвдийн улс төр, нийгэм, шашны нөлөө, 18-р зуунаас хойшхи Энэтхэгийн түүхтэй нягт холбоотой. Өнөөгийн Бутан Улсын бие даасан, тогтвортой байдал нь 1907 оны 12-р сарын 17-нд Угэн Ванчиг-ыг төр улсын анхны Луут Хаан буюу Друк Гялпо-гоор өргөмжилснөөр эхэлсэн түүхтэй. 1910 онд Их Британи Улстай гэрээ байгуулан хаант засаглалаа хүлээн зөвшөөрүүлж, 1947 онд Энэтхэг Улсын тусгаар тогтнолыг анх хүлээн зөвшөөрсөн орон болж, 1971 онд НҮБ-ын гишүүн улс болжээ. Дөрөв дэх Луут Хаан Жигмэ Сэнгэ Ванчиг 1972 онд Үндэсний Нийт Аз Жаргал (Gross National Happiness) ухагдахууныг гаргаж ирсэнээр улс орныхоо хөгжлийн бодлого, төлөвлөлтийг аз жаргалын хэрэгцээ буюу зөвхөн эдийн засаг, нийгмийн хэрэгцээнээс гадна сэтгэлийн, оюун санааны болон соёлын хэрэгцээнд үндэслэн тодорхойлох болсон юм.

“АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС” ХЭЗЭЭ БИЙ БОЛСОН ТАЛААР
“Аз жаргалын индекс”-ийн талаар ярихаас өмнө Дотоодын нийт бүтээгдэхүүний талаар ярих зайлшгүй шаардлагатай. Дэлхийн улс орнууд тухайн улс хөгжиж байгаа эсэхийг Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх уламжлалт ойлголтоор хэмжиж ирсэн юм. ДНБ гэдэг бол аливаа оронд тодорхой хугацаанд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн үнэ цэнийн нийлбэрийг хэлдэг бөгөөд нэг хүнд оногдох ДНБ нь улс орнуудын амьжиргааны түвшинг заагч үзүүлэлт болж ирсэн. Одоо ч дэлхий даяараа ашигласан хэвээр байна. Түүний тоонд манай улс ДНБ-ээр улсын хөгжлөө тодорхойлж байгаа.
Тэгтэл уламжлалт ойлголтыг эвдэж 1972 онд Бутаны хаан урьд хожид байгаагүй нэгэн сонирхолтой шийдвэрийг гаргасан юм. Тэрээр “Үндэсний аз жаргалын индекс” гэх ойлголтыг дэлхийд анх удаа нэвтрүүлсэн. Бутаны хаан улс орны хөгжлийн үзүүлэлтийг “Дотоодын нийт бүтээгдэхүүн”-ээр бус “Үндэсний аз жаргалын индекс”-ээр хэмжигдэх нь илүү чухал гэж үзсэн юм.
ДНБ гэх ойлголт үеэ өнгөрөөж, бид ямар нэгэн юм хийх ёстой талаар 1968 онд Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр Роберт Кеннеди нэгэн алдартай үгээ хэлсэн байдаг юм: “Дотоодын нийт бүтээгдэхүүн нь бидний амьдралын утга учир болох зүйлсээс бусдыг бүгдийг хэмждэг. ДНБ нь ... агаарын бохирдол, тамхины сурталчилгаа, зам тээврийн осолд өртсөн өвчтөнийг зөөх түргэн тусламжийн машиныг багтаадаг. Эмх замбаараагүй хотжилтын дүнд устсан ой мод, байгал дэлхийн үзүүлэлтүүдийг оруулдаг. ... Энэ бүгдийг багтаах атлаа бидний үр хүүхдийн эрүүл мэнд, боловсролын чанар, нүүрэнд нь тодрох аз жаргалыг хэмждэггүй” гэж хэлсэн байдаг.
“АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС”-ИЙН ШАЛГУУР, ЯМАР ҮЗЭЛ ДЭЭР ҮНДЭСЛЭН БИЙ БОЛСОН ТУХАЙ
Аз жаргалыг яаж хэмждэг байна аа гэж тухайн үедээ дэлхий нийтээрээ гайхаж байсан юм. Чихэнд дээр цэцэг ургуулж байгаа мэт чимэгтэй, нэг л тийм бодит ажил хэрэг болох зүйл биш мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Засаг хүнийг яаж аз жаргалтай болгох юм бол доо. Татвараас чөлөөлөх үү, эсвэл сар бүр дансанд нь мөнгө хуваарилж тараах юм болов уу, гарцаагүй утопи оролдлого байна гэх зэргээр хүмүүс гайхширч, шүүмжилж байсан юм.
Бутан америк, европын олон математикч нартай хамтран, ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах “Аз жаргалын индекс”-ийг тооцоолон хэмжих нарийн төвөгтэй томьёо, авах арга хэмжээний төлөвлөгөөгөөг боловсруулж эхэлсэн юм.
Бутанд манай улсын нэгэн адил Важраяна буюу очирт хөлгөний шашин түгсэн. Энэ ухаанд хүн үхсэн хойноо бус энэ насандаа гэгээрлийн тусламжтай зовлонгоос ангижирч, аз жаргалын дээдэд хүрэх боломжтой гэж сургадаг. Хүн, хүмүүс, байгаль хоорондоо холбоотой, шүтэлцээнд оршдог бөгөөд энэ харилцан хамаарлаа ойлгочихвол хүн, нэг талаар, өөрөө сэтгэлийн зовлон, хямралаас хамгаалагдана, нөгөө талаар, бүгд зэрэгцэн хөгжиж чадна гэх үзлийн дор улс орон хөгжих ёстой гэж үзсэн хэрэг. Шашны хүрээнд л хэрэглэгдэж байсан энэ үзлийг улс төр, эдийн засагтай уяж, улс орны хөгжлийн бодлогод “Аз жаргалын индекс”-т суулгаж өгсөн нь үнэхээр шинэлэг зүйл болсон.
“Аз жаргалын индекс”-т боловсрол, соёл, экологи, сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдралын жишиг, сайн засаглал, социал харилцаа, цагийн ашиглалт зэрэг 9 шалгуур бий. Цагийн ашиглалт гэх ойлголтод ажил, гэр бүл, хобби зэрэгт цаг нь хүрэлцдэг эсэх талаарх асуудлууд зонхилдог.
Бутан орон ердөө 730 мянга гаруй хүн амтай. Тиймээс иргэн бүрээ аз жаргалын хяналтад хамруулж чаддаг. Тухайлбал, өрх толгойлсон эмэгтэйчүүдээ хаана амьдардаг, амьдралдаа сэтгэл хангалуун байна уу, яаж амьдарч байгаа талаар бүрэн мэдээлэлтэй байдаг.
Аз жаргалын индексийн судалгааг тогтмол авдаг бөгөөд Бутанчууд 2019 оны судалгаагаар, 8% нь туйлын аз жаргалтай, 35% маш аз жаргалтай, 48% аз жаргалтай гэж хариулсан. Эндээс харахад аз жаргалгүй гэж хариулсан 9%-ийг эс тооцвол улс орон даяараа аз жаргалтай иргэдтэй.
ЮУ БУТАНЧУУДЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ВЭ? (БИЛИГ ТАЛААС)
Аливаа зүйл арга, билгийн харилцаанд оршдог. Бутанчуудын аз жаргалыг билиг талаас авч үзвэл:
Аз жаргалыг өөрөөсөө бүтээх ёстой гэдэгт итгэдэг. Аз жаргал бол хүн бүрийн санаа тавих асуудал мөнөөс мөн. Үүнийг ухаж ойлгосон уу үгүй юу хамаагүй, хүн бүр санаатай болон санамсаргүйгээр үргэлж аз жаргалыг хайдаг. Жинхэнэ аз жаргал дотоод сэтгэлээс үүсдэг. Иймд хүмүүс эргэн тойрноосоо хайж, элдэв зүйлс хийх хэрэггүй. Ерөөсөө гаднаас хайхаа болих хэрэгтэй.
Өчүүхэн жаахан зүйлээс хүртэл аз жаргалыг мэдэрч болно гэдэгт гүнээ итгэдэг. Тухайлбал, бороо орсны дараа солонго татахад эсвэл хүүхэд хөөрхөн ход ход гээд инээхэд, хүний сэтгэл баяслаар дүүрэх нь ямар ч тансаг бараа авснаас илүү аз аз жаргалыг мэдрүүлнэ гэдэгт тэд бат итгэдэг.
Юм бүгд мөнх бус гэдэгтэй эвлэрч, бодит байдлын талаар зөв ойлголттой байх нь чухал гэж үздэг. Ямар нэгэн зүйл болж бүтэхгүй байвал стресстэж бухимдах шаардлагагүй юм. Юмс үзэгдэл түр зуурын шинжтэй, өөрчлөгдөж хувирдаг. Амжилт, алдар нэр, эд баялаг хүртэл түр зуурынх шинжтэй.
Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, бусадтай өөрийгөө харьцуулахгүй байхаас аз жаргал эхэлнэ гэж бас үздэг. Учир нь хүний сэтгэл хувирамтгай. Хүний таашаал, сэтгэл ханамж хувирахуйн зовлонд оршдог. Хүмүүс бид үнэтэй сууц, чамин машин, брэндийн хувцас, үнэт эдлэл, хадгаламж мөнгөний араас гүйж дотоод ертөнцдөө төдийлөн анхаарал хандуулахгүй болжээ. Загварын ертөнцийн салбарт томоохон брэндүүдийн дэлгүүрт үлдсэн гологдол бараа гуравдагч орнуудын хогийн цэг дээр уул овоо үүсгэж байна. Машин, гар утасны шинэ загварууд гүйцэхийн аргагүй шил даран гарч байна. Тэгэхээр байгаадаа сэтгэл хангалуун байх нь сэтгэлийн амар амгалан аз жаргалыг бий болгоно гэдэг.
Аз жаргалын үндсэн тулгуурын нэг өөрийгөө хайрлахад оршино гэж үздэг. Энэ хайр бусад хайраас дутахгүй чухал. Хэрэв царай муутай төрх, адайр аашаа зөвшөөрч, алдах эрхээ ухамсарлаж, өөрийгөө зүхэлгүй байж, бусдаас өөр гэдгээ хүлээн зөвшөөрвөл өөрийгөө хайрлаж байгаа нь тэр юм.
Хүн хэл үзэж, урлаг спортоор хичээллэн өмнөө зорилго тавьбал өөртөө хайртай байна гэсэн үг. Элдэв шалтаг тоочин хойш суусаар байгаа бол өөртөө хайргүйн шинж. Тэгэхээр өөртөө хайртай хүн хөгжин дэвшдэг юм.
Аль болох муу үйл, хорт сэтгэлээс ангид байхыг хичээдэг гэнэ. Муу үйл нь ойлгомжтой байх. Харин хорт сэтгэлд мунхаг, уур, шунал, омог, атаа жөтөө гэх мунхаг үйлүүд багтана. Өнөөгийн дэлхий дээр зонхилж буй зах зээлийн нийгэм, түүний өрсөлдөөн бол хөгжлийн үндэс гэх үзэл баримтлал энэ бүгдийг үүсэхэд нөлөөлж байх бололцоотой юм. Тэгэхээр хорт сэтгэлээс ангижрахын тулд нийгмийн ороо бусгаа энэ үед хүмүүсийн сэтгэлгээний эрүүл байдлыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагад анхаарлаа хандуулах хэрэгтэй санагдана. Хүн бүхэн эрүүл, аз жаргалтай байхыг хүсдэг ч, сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрэхийг мэдэхгүй байх шиг. Тиймээс хүмүүс зөвхөн бие махбодийн эрүүл мэнд бус, сэтгэлийн амар амгалан олох тал дээр анхаарлаа хандуулах цаг болжээ.
Үхэл бол үнэмлэхүй үнэн бөгөөд бидний мөн чанарын нэг хэсэг. Цаг хугацаа үргэлж урсан өнгөрч байдаг, түүнийг ямар ч хүч зогсоож чадахгүй. Үхэл бол амьдралын нэг хэсэг. Энгийн зүйл гэж хүлээн авдаг.
АНУ-ын Кентакийн их сургуулийн сэтгэлзүйчдийн 2007 онд явуулсан нэгэн туршилтаар үхлийн талаар их боддог хүмүүс аз жаргалыг илүү үнэлж мэддэг нь тогтоожээ. Хүмүүсийг хоёр бүлэгт хувааж, нэгэнд нь үхлийн талаар, нөгөөд нь шүдний эмнэлгийн талаар бодохыг даалгасан байна. Тэгээд зөвхөн эхний үеийг нь бичсэн дутуу үгс өгөөд гүйцээхийг хүсэхэд үхлийн талаар эргэцүүлж байсан хэсэг нь аз жаргал, баяр баясгалан, амар амгалан зэрэг үгс бүтээсэн бол нөгөө хэсэг нь ижилхэн эхлэлтэй ч өөр утгатай, жирийн үгс бичсэн гэдэг.

ЮУ БУТАНЧУУДЫГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ВЭ? (АРГА ТАЛААС)
Иргэдийнхээ биеийн болон сэтгэлийн эрүүл мэндэд ихээр анхаардаг.
Бутан 1999 оныг хүртэл итернет, зурагтыг нэвтрүүлээгүй. Ард иргэдээ удаан хугацааны турш ТВ, интернетыг дагаж орж ирэх элдэв зүйлээс хамгаалахыг хүссэн. Албан ёсоор ТВ, интернет ашиглаж эхэлсэн хамгийн сүүлчийн орон.
Эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй. Улсынхаа бүх шатны эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчилгээ авна. Мэдээж, уламжлалт, европ эмнэлэг байхаас өвчтөн өөрөө сонголтоо хийнээ
Бутанд тамхи татахыг бүрэн хориглодог. Бутаны хаан тамхи тарих битгий хэл, хаант улсын газар нутагт авч орохыг хориглодог. Гадаадын иргэдийн хувьд тусгай зөвшөөрлийн цаас бөглөж, татвар төлж байж авч орох боломж бас бий. Гэхдээ олон нийтийн газар татахыг хориглоно.
Байгаль орчноо хамгаалдаг
Экологийн цэвэр байдлыг чухалчилдаг. Хүнс хөдөө аж ахуйн салбарт химийн элдэв бордоо ашиглах болон оруулж ирэхийг хуульчлан хориглосон. Нутгийн бүх бараа бүтээгдэхүүн “Био” гэж тэмдэглэгээтэй бөгөөд ямар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодис агуулаагүй 100% органик. 2013 онд Будан пестицид, гербицидыг хориглосон. Газрыг зөвхөн органик бордоогоор борддог. Өнөөдөр Бутан органик газар тариаланд 100% шилжин, үүнийгээ хуулиар баталгаажуулсан дэлхийн анхны улс юм. Нийт газар нутгийн 75%-ийг дархан цаазтай газар болгосон. Энэ улсад үйлдвэр барихыг хориглодог.
Мод бэлтгэх, огтлохыг хориглодог. Бутанчууд амьтан, ургамалд их хайртай ард түмэн. Мод суулгах арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулдаг, жишээ нь, 2015 онд 20 минутын дотор 50 мянган мод суулгаж байжээ.
Дийлэнх нь цагаан холтон. Амьтны амь таслахыг цээрлэдэг учир хүн амын дийлэнх нь цагаан хоолтон. Хүнсэндээ уулархаг нутагт зохицсон улаан будаа түлхүү хэрэглэдэг. Ногоон, хар гэх зэрэг төрөл бүрийн цайны навчаар хандлахдаа, халуун ногоо, давсаар амтлахыг ихэд чухалчилдаг нь их сонин.
Иргэдээ халамжилж болон уламжлалт ахуй соёлоо хадгалахыг хичээдэг
Гаднаа гуйлга гуйсан иргэнгүй гэдгээрээ бахархах учиртай. Ямар нэг байдлаар иргэн орон байргүй болбол, хаан газар тасдаж өгдөг. Тэр газраа байшин барьж, газар тариалан эрхэлж амьдрах боломжтой юм.
Гадаадын иргэдтэй гэр бол болохыг хориглоно. Хүн ам цөөн бөгөөд уламжлалт соёл ахуйг хадгалахын тулд ийм шийдвэр гаргасан нь дамжиггүй. Эмэгтэйчүүдэд хүндэтгэдэг бөгөөд онцгой харилцаатай. Өв хөрөнгийг хүүд бус ууган охинд залгамжлуулдаг уламжлалтайгаас харагдана.
Бутанд гэрлэн дохио байхгүй. Автомашины хөдөлгөөн хотын төвөөр түлхүү төвлөрдөг бөгөөд замын хөдөлгөөнийг цагдаа нар зохицуулдаг. Хэрэглээнд нэвтрүүлэх оролдлого ард түмний эсэргүүцэлтэй тулгарч больсон түүхтэй.
Өндөр үнэ цэнэ, бага үр дагавар бүхий аялал жуулчлалын бодлого
1974 онд анхны 287 жуулчинг хүлээж авсанаар Бутан Улс үндсэндээ дэлхийд нээгдэж ирсэн. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр аялал жуулчлал эдийн засагт онцгой байр суурийг эзлэхээс гадна үйлчилгээний салбар гэдэг утгаараа иргэдийн бодит орлогод шууд дэмжлэг үзүүлж байна. Бутан Улсын “өндөр үнэ цэнэ, бага үр дагавар” бодлого нь хөрш зэргэлдээ орших Балба Улсын аялал жуулчлалын хэт нээлттэй, зохицуулалтгүй байдлаас болж байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөнөөс сургамж авч, өөрийн орны харьцангүй эмзэг соёлын болон байгалийн өвийг хамгаалах зорилгоор тус улсад аялж буй жуулчдын тоог хязгаарлах, тэдгээр жуулчдын эдийн засагт үзүүлж буй нөлөөг ихэсгэх зорилго бүхий бодлого юм. Бутан Улс нь гадаадын жуулчдыг улирлаас хамааран нэг хүний өдрийн 200-250ам.долларын
төлбөртэйгээр аялуулдаг бөгөөд аялал жуулчалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд бүгд дээрх тарифыг мөрдөх үүрэгтэй. Үүнд виз, зочид буудал, хоол, хөтөч, тээврийн зардал багтсан хэдий ч төлбөрийн чадвар багатай үүргэвчтэй аялагчдын тус улсад аялах боломжийг хязгаарлаж буй юм. Энэхүү төлбөрийн өдрийн 65 ам.долларыг улс роялти хэлбэрээр авдаг бөгөөд энэ нь ард иргэддээ үнэ төлбөргүй эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлэх санхүүгийн боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг болдог.
Түүнчлэн зам харилцаа, нисэх буудлын хүчин чадал, байгалийн нөөцөөс улбаалан тус улсад аялах боломжтой жуулчдын тоо хязгаарлагдмал байх нь аргагүй бөгөөд жуулчид зөвхөн урьдчилж тогтсон хөтөлбөрөөр, зөвхөн тогтсон замуудаар хөтөчтэй аялах боломжтой.
ЕР БУСЫН СОЁЛЫН АЯЛАЛ
Бутаны Аялал жуулчлалын яамнаас 2024 онд нэг сонирхолтой хөтөлбөрийг зарлаад байгаа юм. Энэхүү шинэлэг санаачилга нь Бутан даяар түүх, соёлын шилмэл 108 газраар аялж, Бутаны хаант улсын өв соёл, баялаг түүх, гүн гүнзгий итгэл бишрэлийг таних боломжийг хүн бүрт олгоод байна.
Ингэхдээ тусгай аяллын пасспорт олгох бөгөөд өнөөх паспорт дээрээ явсан газар бүртээ тамга даруулж цуглуулах учиртай юм. Энэ өвөрмөц арга нь Бутаны соёл, ахуй, уламжлалтай ойр танилцах, ард иргэдийн зочломтгой найрсаг зан мэдэх сайхан завшаан юм. Тэрхүү пасспорт дээр QR код байх бөгөөд үзвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулж өгсөн нь аяллыг улам сонирхолтой болгох ач холбогдолтой юм. Ийн даянчилж явах нь Бутан орныг олон талаас таних, мөн чанарыг нь танин мэдэх боломжийг олгох учиртай.
“АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БУСАД ОРНУУД
Бутаны араас бусад улсууд хэрэгжүүлж эхэлсэн. Арабын Нэгдсэн Эмиратад 2016 оноос “Үндэсний аз жаргалын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Газрын тосоор баян Арабууд ард иргэдийнхээ дансанд нь хэдэн мөнгө шилжүүлж, байр сууц тараачихвал болчихмоор санагдавч, тэгдэггүй бололтой. Арабуудын төв Бутаныхаас бага зэрэг ялгаатай, арабууд ажлын байранд эерэг уур амьсгал бүрдүүлэх, худалдан авагч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн асуудалд түлхүү анхаарлаа хандуулж байна.
Энэтхэгийн Мадхья-Прадеш, Андхра-Прадеш мужуудад аз жаргалыг судалдаг төвүүд байгуулагдсан.
Австрали, Шинэ Зеланд үндэстний хэмжээнд ард иргэдийн аз жаргалыг хэмжих судалгаа хийдэг ч тусгайлан институт байгуулалгүйгээр хэрэгжүүлжээ.