2024 оны "Дэлхийн аз жаргалын тайлан" гарсан бөгөөд Финланд улс долоон жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарсан бол Дани улс тогтвортойгоор 10 гаруй жил зуузай холбон араас нь явдаг улс.
Энэхүү тайлан нь улс орнуудын иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын түвшин зэрэг үзүүлэлтүүдээр үнэлдэг.
2024 оны тайлангийн эхний 10 байрт дараах улсууд орсон байна:
- Финланд
- Дани
- Исланд
- Швед
- Израиль
- Нидерланд
- Норвеги
- Люксембург
- Швейцарь
- Австрали
Монгол Улс 143 орноос 77 дугаарт жагссан байна.
Аз жаргалтай байх нь юунаас хамаардаг вэ? Скандинавын орнууд энэ асуултад аль хэдийн хариулсан мэт санагдаж байна. Тэдний амжилтын нууц юу вэ? Тэд үнэхээр дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс үү? Гэдэг асуултанд өнөөдөр хариулт олох гэж хичээх юм байна.
Жеффри Сакс ба аз жаргалын тайлбарКолумбын их сургуулийн профессор, "Дэлхийн Аз Жаргалын Тайлан"-гийн хамтран зохиогч Жеффри Сакс хэлэхдээ:"Эдгээр орнууд эдийн засгийн өндөр хөгжилтэй боловч дэлхийн хамгийн баян орнуудын тоонд багтдаггүй. Харин тэд амьдралын тэнцвэрийг эрхэмлэдэг. Аз жаргалтай байхын тулд хэт баян байх шаардлагагүй гэж тэд үздэг."
Дэлхийн хамгийн баян улсууд буюу хамгийн хүчтэй эдийн засагтай улсуудын жагсаалтыг харвал АНУ, Хятад, Япон, Энэтхэг, Герман гээд үргэлжилнэ. Гэтэл эдгээр улсуудын иргэдийн Аз жаргалын индекс дээгүүрт орохгүйгээр барахгүй, зарим орнуудын иргэд нэг хүнд оногдох амиа хорлолтын тоогуур тэргүүлдэг байгаа нь бас бодууштай.
Аз жаргалыг хэрхэн хэмжих вэ?
Аз жаргалыг хэмжих санаачилга анх 1971 онд Бутан улсад үүссэн бөгөөд "Дотоодын нийт аз жаргал" гэдэг ойлголтыг дэлхийд анхлан танилцуулжээ. Энэ нь "Дотоодын нийт бүтээгдэхүүн"-ийг (GDP) амжилтын гол хэмжүүр болгосон уламжлалт хандлагаас ялгаатай. Бутан улс аз жаргалыг хэмжих шинэ санааг нэвтрүүлснээрээ онцлогтой.
Бутан улс эдийн засгийн хувьд хүчирхэг бус ч иргэдийнхээ аз жаргалыг жил бүр хэмжиж ямар нэг үзүүлэлт нь буурсан тохиолдолд тухайн иргэнтэйгээ хэрхэн ажиллаж иргэн бүрээ халамжлах тусгай яам хүртэл байгуулаад ажилладаг тухай бид Бутаны тухай нэвтрүүлэг дээрээ ярьсан. Бутан бол Буддын шашны тусламжтайгаар нийт иргэдээ сэтгэл дүүрэн байлгах өөрийн гэсэн механизм бий болгосон маш сонирхолтой туршлага үүсгэсэн улс гэдгийг ойлгосон.
Аз жаргалын хэмжүүр гэдэг ойлголтыг юугаар үнэлэх вэ, зарим хүмүүст мөнгө хөрөнгө, эдийн засгийн байдал хамгийн чухал үзүүлэлт байж болох уу гэдэг асуулт төрж байгаа байх. Тэгвэл азтай жаргалтай гэгдэх улсууд тэр дундаа Данийн иргэд нэг өдрийн инээж баярласан эсэхээс илүүтэй амьдралынхаа туршид буюу өдөр бүр хэр сэтгэл ханамжтай байгаадаа илүү ач холбогдол өгдгийг дэлгэрүүлэн ярилцацгаая.
Аз жаргалын шинжлэх ухаан
Дани улс "Аз Жаргалын Судалгааны Хүрээлэн" буюу иргэдийнхээ аз жаргалыг дагнаг судалж, хэмжиж бодлого боловсруулагчдад нөлөөлөх зорилго бүхий академитай улс. Энэхүү хүрээлэнгийн захирал Майк Вайкинг хэлэхдээ:"Аз жаргалд олон хүчин зүйл нөлөөлдөг: биологийн онцлог, орлогын түвшин, амьдарч буй хот гэх мэт. Гэхдээ бидний судалгаанаас харахад хүмүүсийн аз жаргалтай байх хамгийн гол шалтгаан нь тэдний харилцаа холбооны чанартай холбоотой байдаг буюу дараахь хоёр асуулт яаж хариулж байгаа нь хамгийн хүнд жин дардаг байх нь. Өөрөөр хэлбэл, танд хэрэгтэй үед найдаж болох хүн бий юу? Эсвэл танд хүсэл мөрөөдөл, санаа зовнилоо хуваалцах хүн бий юу? гэдэг асуултууд хэрхэн хариулах нь таны аз жаргалын төвшинд бусад хүчин зүйлээс илүү нөлөөлдөг гэж үздэг.
Ер нь бол Аз жаргалыг тодорхойлох зургаан үндсэн хүчин зүйл байдаг аж:
- Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP per capita)
- Эрүүл амьдрах хугацаа
- Амьдралын чухал сонголт хийх эрх чөлөө
- Нийгмийн дэмжлэг
- Өгөөмөр сэтгэл
- Авлигагүй байдал
Энэ жагсаалтаас хамгийн хэмжихэд хэцүү, аз жаргалтай хэрхэн холбогдож байгаа нь сонсогчдын маань анхаарлыг татаж байгаа нь Өгөөмөр сэтгэл байгаа байх.
Өгөөмөр сэтгэл ба аз жаргалын уялдаа:
- Сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг:
Өгөөмөр сэтгэлтэй хүн өөртөө итгэх итгэл, амьдралын утга учрыг илүү их мэдэрдэг. Тусламж үзүүлэх үйл явц нь тархинд "аз жаргалын даавар" болох эндорфин, окситоцин ялгаруулж, эерэг сэтгэл хөдлөлийг бий болгодог.
- Нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлдэг:
Нийгэм дэх харилцан туслалцаа, дэмжлэг нь нийгмийн тэгш байдал, эв нэгдлийг сайжруулж, иргэдийг аз жаргалтай болгодог. Тйим ч учраас НҮБ-ын "Дэлхийн Аз Жаргалын Тайлан"-д нийгмийн дэмжлэг болон өгөөмөр сэтгэлийн хандлагыг чухал хэмжүүр болгон авдаг.
- Стресс, ганцаардлыг бууруулдаг:
Өгөөмөр зан үйл нь стрессийн түвшинг бууруулж, ганцаардлын мэдрэмжийг багасгадаг. Өөрөөр хэлбэл, бусдад туслах үед хүний анхаарал өөрийн асуудлаас хөндийрч, эерэг энерги үүсгэдэг.
- Нийгмийн харилцааг сайжруулдаг:
Өгөөмөр байдал нь хүмүүсийн хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй байдаг.
Дани, Финланд тэргүүтэй улсууд нь Скандинавын орнууд нь эцэг эхчүүдийн диваажин:
Шинэ төрсөн ээжүүд, гэр бүлүүдэд гайхалтай дэмжлэг үзүүлдэг:
- Шинэ төрсөн ээжүүдэд төрөх үед 63 төрлийн зүйл багтсан "нярай хайрцаг" үнэгүй өгдөг. Энэ хайрцагт хүүхдийн анхны жилд хэрэгтэй бараг бүх зүйл багтдаг
- Төрөх эмчилгээ бараг үнэгүй бөгөөд бүхэл бүтэн гэр бүл тусдаа өрөөнд гурван өдөр амарч, хоол, үйлчилгээ авч болдог.
Цаашлаад эцэг эхийн амралтын хөтөлбөрүүдэд нь үнэхээр өгөөмөр бөгөөд хүнлэг.
Тодруулбал, Эцэг эхчүүд 10 сар хүртэл цалинтай амралт авах боломжтой. Үүнээс эхний 4 сар нь ээжид, дараагийн 9 долоо хоног нь аавд зориулагдсан байдаг. Хүүхдээ 3 нас хүртэл гэртээ харж ажилдаа эргэн орох боломжтой бөгөөд энэ хугацаанд тэдний ажлын байр хадгалагддаг бөгөөд мэдээж тодорхой хэмжээний тэтгэлэгтэй.
Скандинавын татвар ба үйлчилгээ
Аз жаргалтай улсууд хамгийн өндөр татвар төлдөг улсууд байдаг гэвэл та гайхах байх.

Дэлхийд хамгийн өндөр татвар төлдөг улсуудын жагсаалтыг харвал эхний тавд
- Дани - Хувь хүний орлогын татвар 55%-60%.
- Франц - Орлогын татвар: Хамгийн өндөр орлоготой иргэд 45% төлдөг.
- Швед - Орлогын татвар: Хувь хүний орлогын татвар хамгийн өндөр нь 57%.
- Финланд - Орлогын татвар: 51.25% хүртэл.
- Япон - Орлогын татвар: Хамгийн өндөр орлоготой иргэдийн хувьд 45% орчим.
Бидний өнөөдрийн сэдэв болсон Дани улс энэ жагсаалтыг дахиад л тэргүүлж байгааг бид харж байна. 55-60 хувийн татварыг төлөхдөө тэд баяртай байдаг. Учир нь татвараас дараах зүйлс санхүүждэг:
- Эрүүл мэндийн үйлчилгээ
- Үнэгүй боловсрол
- Хүүхдийн асрамж болон бусад олон нийтийн үйлчилгээ
Нэг үгээр хэлбэл төлсөн татварынхаа хэмжээгээр иргэд нь үйлчилгээгээ авсан шиг авчидаг болохоор тэдэнд уурлаад, дургүйцээд байх шалтгаан алга. Энэ л бидний суралцах ёстой зүйл байх гэж бодогдож байна.
Данийн нийгмийн давхаргын үндсэн онцлогууд:
Дундаж давхарга (Маш өргөн хүрээтэй, ойролцоогоор 80-85% нь дундаж давхаргад багтдаг гэж үздэг). Энэ нь орлогын хуваарилалт тэгш байгаатай холбоотой.
Нийгмийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дундаж давхарга хамгийн өргөн улс гэдгээрээ тэд бахархдаг.
Дээд давхарга (Цөөн тоотой 5-10 хувь) Дани улсын дээд давхарга нь эдийн засгийн хувьд чинээлэг ч тэдний амьдралын хэв маяг бусад улстай харьцуулахад илүү даруухан байдаг. Шалтгаан нь Өндөр орлоготой иргэд ч орлогын албан татварын өндөр хувь төлдөг (55%-60%) бөгөөд "Янте Ловен" гэх соёлын дүрэм (хүн бүр тэгш эрхтэй гэсэн үзэл) нь тансаг хэрэглээг илүүд үзэхгүй байхад нөлөөлдөг.
Доод давхарга (Бага хүрээтэй 10-15 хувь) Данид ядуурал ховор бөгөөд доод давхаргын иргэд ч амьдралын чанарын хувьд бусад улстай харьцуулахад хамаагүй дээр байдаг. Шалтгаан нь Төрөөс ажилгүйдлийн тэтгэмж, орон байрны дэмжлэг, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг маш сайн үзүүлдэг бөгөөд хамгийн доод орлоготой иргэд ч үндсэн хэрэгцээгээ хангах хангалттай нөөцтэй байдаг.
Эндээс харвал Дани улсад супер баян хүмүүс бараг байхгүй, мөн ядуурлын түвшин хэт бага. Энэ нь нийгмийн оролцоог тэнцвэртэй, шударга байхад хүргэдэг. Үүний үр дүнд дэлхийн хамгийн аз жаргалтай нийгмийг бий болгож чадсан.
Амьдралын тэнцвэр: Аз жаргалын үндэс
Скандинавын орнууд энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлдэг бөгөөд бидний хамгийн суралцмаар зарчим бол энэ улсын иргэд зөвхөн мөнгөний төлөө амьдардаггүй бөгөөд тэд ажил, амьдрал, гэр бүлийн хоорондох тэнцвэрийг маш эрхэмлэдэг. Данийн ажиллах хүч нь хамгийн сэтгэл хангалуун бөгөөд Европын хамгийн богино ажлын цагаар онцлог.
Данийн иргэд ихэвчлэн өдөрт 9-17 цагийн хооронд л ажилладаг. Тэд ажлаа чанартай гүйцэтгэхийг эрхэмлэдэг бөгөөд үүнээс илүү цагт ажиллах нь амьдралын тэнцвэрийг алдагдуулна гэж үздэг. Хэрэв ажилтан хэт их ажиллахад "Тэр яагаад ийм их ажиллаж байгаа юм бол? Ажилдаа сайн биш юм уу?" гэж хүмүүс гайхдаг.
Данийн иргэд жилд 5 долоо хоногийн цалинтай амралт авах эрхтэй байдаг нь дэлхийд эхний 10-т ордог үзүүлэлт.
Скандинавын орнуудын иргэд байгальтайгаа ойр амьдрах дуртай:
Хүүхдүүдийг бүр цэцэрлэгээс нь байгальтай ойрхон байхад нь тусалж, чиглүүлдэг. Энэ нь тэднй дотоод аз жаргалыг нэмэгдүүлж, стрессээс ангид байхад тусалдаг бөгөөд ийм дадал зуршлыг багаас нь боловсролын бүх шатанд өгдөг. Жишээ нь: Тэд”Аялахад муу цаг агаар гэж байдаггүй” хэлэх дуртай. Хэлээд зогсохгүй бүр цэцэрлэгийн хүүхдүүдийг хүртэл өвөл ч байсан дулаан хувцаслаад дэвсээд суух дэвсгэр, уух бүлээн зүйлс, идэх зүйлсийг нь үүрүүлээд зохион байгуулалттай аялуулдаг. Муу цаг агаар гэж байхгүй муу хувцасны сонголт л гэж байгаа гэдэгт итгэдэг бас хэрэгжүүлдэг байх нь. Одоо дэлхий даяар байгальд ойртож бие сэтгэлээ эдгээх тренд бий болоод байна. Зарим оронд Ойн эмчилгээ гэдэг нэр томъёонууд хандалт ихтэй байгаа бол Скандинавын улсууд амьдралын дадал зуршил болгоод аль хэдийн хэрэгжүүлсэн байх жишээтэй байх нь.
Дэлхийн улс орнуудын авлигын түвшинг хэмждэг "Авлигын төсөөллийн индекс" (Corruption Perceptions Index, CPI)-ийн сүүлийн үеийн мэдээллээр, хамгийн бага авлигатай улсуудын жагсаалтыг дараах байдлаар харж болно:
- Дани
- Шинэ Зеланд
- Финланд
- Сингапур
- Швед
- Норвеги
- Швейцарь
- Нидерланд
Скандинавын орнууд хамгийн авилга багатай улсуудыг тэргүүлж байгааг харж байна Авлига бага байна гэдэг нь шударга засаглалтай байна гэсэн. Энэ нь цаашаад ард иргэдийн сэтгэл ханамж, аз жаргалд шууд нөлөөлдөг байх нь.
Энэ улс иргэдээ тавтай тухтай, аз жаргалтай байлгахын талбарт үнэхээр зоригтой хөрөнгө оруулалт хийдэг улс юм.
Данийн нийслэл Копенгаген: Ногоон нийслэл
1970-аад оноос Дани улс сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөрөө дэлхийд манлайлж, өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн их сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг орнуудын нэг болж чадаж. Тус улсын салхин турбинууд нь дэлхийн нийт хэрэгцээний 20%-ийг хангадаг.
Нийслэл Копенгаген гэхэд л дэлхийн хамгийн тогтвортой хотуудын нэг бөгөөд ногоон шилжилтэд амжилттай үлгэр дуурайл болж байдаг. Жишээ нь дугуйн замыг маш аюулгүй байдлаар төлөвлөсөн, тэр дундаа эмэгтэйчүүдэд ээлтэй байдлаар бодож хийсэн байдаг нь анхаарал татдаг. Учир нь хүүхдүүдийн боловсролд ээжүүд хамгийн их цагаа зарцуулах шаардлага тулгардгийг бодолцон хийсэн нь бүр үнэхээр бахархмаар ч юм шиг, бас атаархмаар ч юм шиг. Оршин суугчдын 58%-ийг дугуйгаар ажил, сургуульдаа ирж очдог. Мөн нийтийн тээврийн 99% цахилгаанаар ажилладаг. Цаашилвал:
- Дани улсын Vestas компани дэлхийн хамгийн хүчирхэг салхин турбиныг бүтээсэн.
- Европын хамгийн том ногоон устөрөгчийн үйлдвэрээ нээлээ.
- Илүүдэл сэргээгдэх эрчим хүчийг хадгалах дэвшилтэт батерейны системүүдийг ашиглаж эхэлсэн үнэмлэхүй амжилтууд нь үргэлжилдэг.

Ногоон устөрөгч гэж юу вэ?
Залуустаа зориулаад Ногоон устөрөгч гэж чухам юуг яриад байгааг багахан тодруулаад өгье. Ногоон устөрөгч нь усны молекулыг задалж гаргаж авсан устөрөгч бөгөөд энэ үйл явцад ашигласан эрчим хүчийг 100% сэргээгдэх эх үүсвэрээс (нар, салхи, усны эрчим хүч гэх мэт) авдаг учраас хүлэмжийн хий ялгаруулдаггүй учир "ногоон" гэж үздэг. Яагаад ногоон гэдэг талаар дахиад жоохон дэлгэрүүлвэл Гаргах явцад нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулдаггүй, Нар, салхи, усны эрчим хүчийг ашиглах учраас дуусашгүй эх үүсвэр, Устөрөгчийг шатах үед зөвхөн ус (H2O) ялгаруулдаг тул агаар бохирдуулахгүй.
Ногоон устөрөгчийг хаана ашиглах вэ?
Ингэж байгальд хамгийн ээлтэй гаргаж авсан ногоон устөрөгчийг Эрчим хүчний салбарт, Тээврийн салбарт, Үйлдвэрлэлд гэх мэт ашигладаг.🌍
Боловсролын онцлог: Ирээдүйн иргэдийг төлөвшүүлэх нь
Данийн боловсрол нь зөвхөн академик мэдлэгт суурилдаггүй, харин хувь хүний хөгжил, нийгмийн оролцоог дэмждэг.
- Эфтерсколе:
- 15 настай сурагчид өөрийгөө хөгжүүлэхэд зориулсан жил өнгөрөөдөг.
- Хамтын ажиллагаа, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлахыг сурдаг.
- Фолк Хосколе:
- Насанд хүрэгчдэд зориулсан боловсролын төвүүд хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг санал болгодог.
- Эдгээр сургуулиудын агуулга нь дүн, шалгалтгүй, зөвхөн ур чадвар эзэмшихэд чиглэгддэг.
Дани: Жижиг боловч амжилттай улс
Дани улс нь жижиг боловч дэлхийн хамгийн амжилттай улс орны нэг юм.
- Тус улс дэлхийд ногоон шилжилтийг манлайлан удирдаж байна.
- Нийслэл Копенгаген нь дэлхийн хоёр дахь хамгийн амьдрахад тохиромжтой хот гэж үнэлэгддэг.
Эрчим хүчний хүртээмж ба шинэчлэл
Копенгаген хотод төвлөрсөн халаалтын систем 100 жилийн түүхтэй бөгөөд өнөөдөр нийт айл өрхийн 98%-ийг хамарч байна.
Хамгийн бахархам жишээ:
- Копенхилл үйлдвэр хогийг шатаан эрчим хүч гаргаж, дулаан үйлдвэрлэдэг.
- Энэхүү үйлдвэр нь хиймэл цанын замтай бөгөөд оршин суугчдад байгальд ээлтэй орчныг бий болгодог.
Копенхилл хэрхэн ажилладаг вэ?
- Хог хаягдлыг үйлдвэрийн зууханд шатаана.
- Энэ явцад үүссэн халуунаар усыг уур болгон хувиргаж, эрчим хүч гаргана.
- Үлдэгдэл уурыг орон нутгийн халаалтын системд нийлүүлдэг.
- Үүссэн хаягдлыг дахин боловсруулж, үнсийг барилгын материалд ашигладаг.
Дугуйн соёл ба замын аюулгүй байдал
- Копенгаген хотод оршин суугчдын 58% нь ажил, хичээлдээ дугуйгаар явдаг.
- Хотын 500 км урт дугуйн замыг явган хүний замаас болон автомашины замаас бүрэн тусгаарласан.
Эмэгтэйчүүд ба аюулгүй байдал:
- Судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн дугуйгаар явах магадлал тухайн хотын аюулгүй байдлыг харуулдаг.
- Данид дугуйн замын загвар нь эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд аюулгүй байхаар төлөвлөгдсөн.
Данийн боловсролын онцлог
Дани улсын боловсрол нь ирээдүйд хариуцлагатай, идэвхтэй иргэдийг бий болгоход чиглэгддэг.
Цэцэрлэг ба бага боловсрол:
- Хүүхдүүд тоглох, хамтын ажиллагааны ур чадварыг хөгжүүлж, бага наснаасаа эхлэн нийгмийн харилцаанд суралцдаг.
"Эфтерсколе" (15 настай сурагчдад зориулсан сургууль):
- 15 нас хүрсэн сурагчид нэг жилийн хугацаанд тусгай сургуульд суралцаж, гэрээсээ хол амьдардаг.
- Энэ нь хамтын ажиллагаа, бие даах чадварыг хөгжүүлж, ирээдүйд юу хийхээ шийдэхэд тусалдаг.
Фолк Хосколе (насанд хүрэгчдийн сургууль):
- Насанд хүрэгчид ур чадвараа хөгжүүлэх зорилгоор сургалтад хамрагддаг.
- Тус сургуулиуд шалгалт, дүнгийн систем хэрэгжүүлдэггүй бөгөөд суралцагчдын сонирхол, бүтээлч байдлыг дэмждэг.