БОРГОЛ БУЮУ КОФЕ

Орчин үед өдөр болгон ууж заншсан, эвсэл бие махбодь нь цаанаас шаардаад байдаг нэг зүйл бол кофе. Хүмүүс цай уух уу, кофе уух уу гэж бодсоноо яагаад шууд кофег сонгодог вэ. Найрлаганд нь донтуулдаг кофейн гэдэг ургамал бий. Кофейн дотроо олон төрлийн бодис агуулдаг бөгөөд дийлэнх нь хүний тархины судсыг өргөсгөж, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг, зүрхний үйл ажиллагааг цочроох нөлөөтэй байдаг. 1950-иад оны үед анагаах ухааны үүднээс кофе уух нь хүний биед сайн гэж байсан бол 1960, 1970-аад оноос кофе зүрхэнд муу гэж ярьдаг болсон.

Харвардын их сургуулийн эрүүл мэндийн институтээс 28 жилийн турш кофены талаар маш том судалгаа хийсэн ч хүний биед муу гэдгийг нь тогтоож чадаагүй. Харин кофений хэмжээг нь тааруулж уух ёстой гэсэн үр дүнд хүрчээ.

АУ-ны доктор, профессор Д.Даваадоржийн яриагаар бол кофе уух дуртай 40-75 насны хүмүүс нь кофе уудаггүй хүнтэй харьцуулахад цөсний чулуу үүсэх магадлал 50 гаруй хувиар бага гэнэ. Цөсний өвчин сэтгэл гутрал, уурлаж бухимдахаас болж хөдөлдөг. Өглөөд кофег чанаж, буцалгаж хэрэглэвэл цөс хөөлгөх үйлчилгээ үзүүлж хүний сэтгэлийг тайвшруулдаг аж.

Японы эрдэмтэд өглөө бүр кофе уух нь хорт хавдар тусахаас сэргийлнэ гэж тогтоосон. Өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний хорт хавдар тусах магадлал нь кофе уудаггүй хүмүүсийнхээс 41 хувиар бага гарчээ. Кофейны найрлага дахь клорген нь хавдар үүсэхээс сэргийлдэг ургамлын нэг гэнэ.

Харин Швед, Дани улсын судлаачид өглөө кофе уух нь хүнийг эрч хүчтэй байлгахаас гадна ой санамжийг сайжруулдаг гэж үзжээ. Кофе байнга хэрэглэдэг 1049 хүн дээр 21 жилийн турш ажиглалт хийхэд өдөрт хоёр аяга кофе уудаг хүмүүс огт кофе уудаггүй хүмүүсээс мартамхай болох чанар нь 65 хувь бага байсан байна.

Аливаа зүйлд хэм хэмжээ гэж бий. Кофе ч байна уу, цай ч байна уу, эм тариа ч байна уу хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл хүний биед сөргөөр нөлөөлнө. Өдөрт бага хэмжээгээр 2-3 аяга кофе уух нь зохистой хэмжээнд тооцогддог. Нэг аяга кофе уугаад гар нь салганаж, зүрх нь дэлсдэг хүмүүс бий. Бамбай булчирхайн үрэвсэлтэй, хэт их ядаргаанд орсон, стресстэй хүмүүс, зүрх судасны систем нь ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөө үзүүлдэг.

ТОО
0
0
0