2020/01/21

ТҮҮХЭН БАРИЛГА, ХОТ БАЛГАДЫН ТУУРИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ...

Францын Madeleine сүм, ОХУ-ын Санкт-Петрбург дахь Эрмитажийн нэг хэсэг болох Өвлийн ордон музей, Лондон хотын Osterley парк гэх мэт түүхэн барилга, Ромын эзэнт гүрний үед гладиаторуудын тулаан болдог байсан Collusseum гэх мэт түүхэн барилга, балгас нь соёлын болон түүхийн хувьд юугаар ч орлуулшгүй үнэ цэнэтэй байсаар байна. Эдгээрийг ашиглан түүхийн, шинжлэх ухааны, урлагийн, уран барилгын, археологийн, угсаатны үнэ цэнүүдийг тогтоож АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД бүрэн ашиглаж байна. Харин манай МОНГОЛ УЛС түүхэн барилга байшингаа аялал жуулчлалд хэрхэн ашигладаг вэ?  

Өмнө нь Болгарын ЭСЯ, дараа нь ХҮҮХДИЙН НОМЫН САН байрлаж байсан шовх оройтой, үлгэрт гардаг шиг өвөрмөц хөөрхөн байшинг нураагаад оронд нь “Худалдаа хөгжлийн банк” хэмээх цэнхэр шилэн байшин босгосон.  

“ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН МУЗЕЙ” гэж дан модоор барьсан, түүхийн хувьд, барилга архитектурын хувьд Монголд лав өөр хаана ч байхгүй нэгэн жижигхэн барилгын хувь заяаг бас шийдчихлээ. Тухайн орчиндоо ганцаараа содон “үзмэр” байсан юм.

Эхлээд “Улсын төв музей”,  дараа нь БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ байсан, одоо ор сураггүй нураагдсан тэр байшинг “нураахаа болилоо” гэх цуу үг тарааж байгаад гэнэдүүлэн “цохиж” унагасан. “Чингисийн музей” байгуулах газар олдохгүй байсан учраас нураасан гэж хааныхаа нэрийг урдаа түрий барив. Өмнө нь УБ хотод байсан тэр их зай, талбайг хэн хэн гэдэг дарга ямар хүмүүст өгч байхгүй болгосон бэ? Түүхэн барилгаа нураах тухай шийдвэрийг хэнэг ч үгүй гаргаж байгаа албан тушаалтнуудын тархи оюунд түүхийн тухай, соёлын өвийн тухай, аялал жуулчлалын тухай мэдлэг боловсрол байна уу?

Бүх ард түмний хөрөнгөөр боссон гэж хэлж болох, тухайн үеийн Хүүхэд, залуучуудын ордон байсан өнөөгийн Драмын театр нь УБ хотын баганат барилгуудын нэг, социалист орнуудын “сонгодог хэв загвар”.  Мөн Дуурийн театр, Үндэсний төв номын сан, МУИС-ын нэгдүгээр байр, Гадаад харилцааны яам, Хөрөнгийн бирж, Монголын анхны зочид буудал болох Стар зочид буудлын байр буюу өнөөгийн Хотын захиргаа, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн байр, Хүүхдийн урлан бүтээх төв, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей зэрэг нь түүхийн хувьд цаашид улам үнэ цэнэ нь өсөх байшингууд юм.

Яагаад эдгээр барилгуудыг нүд үзүүрлээд байна вэ? Хуучирсан нь үнэн боловч харьцангуй нас залуу, дотоод засвар, засал авах боломжтой, барилга архитектурын хувьд дахин давтагдахгүй, орчин цагийн барилгын зураг төсөлчдийн толгойд аягүй бол дахиж төсөөлөгдөхгүй шийдэлтэй.

Эдгээрийг устгана, нураана, загварыг өөрчилнө гэдэг бол Монголын, тэр дундаа УБ хотын XX ЗУУНЫ ТҮҮХИЙГ УСТГАНА гэсэн үг. 1930 – 1937 онд ганцхан Чойжин ламын сүмийг бүтнээр нь, Эрдэнэзуу, Амарбаясгалант, Дамбадаржайлин хийдийн гуравны нэгийг арай гэж авч үлдсэн. “Эдгээрийг соёлын өв гэдэг утгаар нь бүтэн үлдээчихгүй яав даа” гэж одоо хэр нь харамсдаг хүмүүс олон.

УБ хотын аялалд яг жуулчид дагуулан очдог, дэргэдүүр нь явж өнгөрөнгөө зургийг нь авдаг, бүтэн биш ч хагас хугас танилцуулаад өнгөрдөг хэдэн содон, сонин барилгуудаа буулгаж, оронд нь шил толь болсон хэдэн арван давхар барилга барилаа гээд хэнд, юунд ашигтай вэ? Лав түүхэнд ашиггүй, аялал жуулчлалд бүр ч ашиггүй. Эдгээр барилгууд АРД ТҮМНИЙ ӨМЧ, ТҮҮХИЙН ӨМЧ. Ардчилсан нийгэмд өмчид дураараа халдах эрх байхгүй ээ.

Цаашид түүхэн барилгуудыг тойрч үзэх “XX зууны УБ”, “Монголын барилга архитектурын хөгжил”, “УБ-ын төв гудамж” гэх мэтээр сэдэвчилсэн АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Ингэж “сэдэвчилсэн тайлбар” хийж чадах аяллын хөтөч нар ч ирээдүйд олноороо бий болно гэж итгэдэг.

Дэлхийн улс орнууд хуучирсан түүхэн барилга байшингуудынхаа өмнөх талбайд, орчинд нь аялал жуулчлалын эвентүүд, уран зургийн үзэсгэлэн, сонгодог урлагийн тоглолтууд, гэрлийн шоу үзүүлбэрүүд гэх мэтийг зохион байгуулж тухайн барилга байгууламжаа улам үнэ цэнэтэй болгон сурталчилж байдаг.

Ч.Буянбадрах

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0