ТОО
0
0
0

МОНГОЛЫН ГАДААД СУРТАЛЧИЛГАА

“Happy 31” нэвтрүүлэгт хөгжмийн продюссор Б.Дашдондог оролцох үедээ “Хү хамтлаг Монгол улсаа дэлхийд төрийн оролцоогүйгээр, өөрсдийнхөө авъяас, хүч хөдөлмөрөөр таниулаад өглөө, одоо Монгол руу ирэхийг хүссэн тэр олон жуулчдыг хүлээж авахад БЭЛЭН ҮҮ? Зам харилцаа, бие засах газар гээд ундарч эхлэх энэ сэдэв дээр бэлэн байж чадах уу ...” гэж асууж байсныг тод санаж байна.

Дэлхийн топ сэдэв бол кино урлаг, дуу хөгжмийн ертөнц, спортын талбар. Тив дэлхийд танигдсан тамирчин, дуучин, жүжигчин одуудын аялал хамгийн том сурталчилгаа болдог. Тухайлбал, дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болтын эх орон Ямайкыг хэн ч тоодоггүй, мэддэггүй байсан боловч түүний ачаар жилд 10 сая жуулчин зорьж очих газар болж чадсан.

“Монгол улсыг гадаадад сурталчлах Засгийн газрын хөтөлбөр” хэрхэн хэрэгждэг вэ? Гадаад дахь Монгол улсыг сурталчлах өдөрлөгүүдэд Монголын төрийн албаныхан өндөр зардал гаргаж очдог хэрнээ явсан зорилгоо хөсөр хаяад дэлгүүр хэсээд алга болно, харин тухайн улсад нь амьдардаг хэдэн монголчууд ирж “оролцогч ба үзэгч” болоод дуусна. Монгол Улсын ГХЯ, БОАЖЯ-ны хийж чадаагүй гадаад сурталчилгааны ажлыг 2, 3-хан жилийн настай Хү хамтлаг "нуруундаа үүрчихлээ".

Монголыг дэлхийд таниулах гарааг Холливудын од Жулиа Робертс эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр 1999 оны намар Төв аймгийн Сэргэлэн сумын энгийн нэгэн малчин айл Ц.Хэнмэдэх гуайнд зочлон саатсанаа баримтат кино болгон үзүүлсэн. Өөрийнхөөрөө чөлөөтэй зан, монгол айлын эзэн, монгол ёс заншилд хүндэтгэлтэй хандаж байгаа нь үзэгчдэд таалагдсан гэдэг. Жулиа Робертсын хийсэн 5 цуврал баримтат киног тухай үедээ 49000 – 134000 хүн үзсэн байдаг.

Монголыг таниулахад хувь нэмрээ оруулсан 2 дахь бүтээл бол зохиолч, найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” баримтат кино бөгөөд 2003 онд Герман – Монголын уран бүтээлчид хамтран бүтээсэн. Тухайн үед 77000 хүн үзсэн хандалттай байв. 2005 оны Оскарын шагналын “баримтат кино”-ны төрөлд нэр дэвшиж байсан ба 2004 онд Сан-Францискогийн олон улсын кино наадмаас “кино шүүмжлэгчдийн шагнал”-ыг хүртсэн гэдэг.

Дараагийн сурталчилгаа нь “Морьтой жаал” хэмээх ном бөгөөд 2009 онд “Нью-Йорк Таймс”-ын бестселлер болж шалгарсан. Тус номд Руперт Исааксон хэмээх жуулчин эхнэр Кристан болон хүү Рован нартайгаа Монголд хэрхэн аялснаа бичсэн байдаг. Хүү Рован нь отизм өвчтэй байсан бөгөөд аяллын бичлэг нь “Уулсын чанад дахь алс холд” нэртэй баримтат кино болж тухайн үед мөн адил 77000 хүнд хүрсэн. Кино нь “Sun dance” наадамд 9000 бүтээлтэй өрсөлдөж нийт 11 шагнал авсан юм.

Монголыг гадаадад таниулсан бүтээлийн 4 дүгээрт “Бүргэдчин охин” хэмээх Н.Айшолпаны амьдралаас сэдэвлэсэн Английн BBC-гийн баримтат кино орох байх. Анх 2014 онд “Golden eagle” наадмыг үзэхээр ирсэн Израйлийн гэрэл зурагчны авсан нэгэн зураг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр BBC, CNN зэрэг агентлагуудын цахим хуудсанд тавигдсанаар найруулагч Отто Беллийн анхааралд өртжээ. Улмаар Монголд хүрэлцэн ирж Айшолпаны тухай баримтат киног бүтээсэн нь 2017 онд гарсан даруйдаа 855000 хүнд хүрсэн байдаг.

Өнгөрсөн 2019 онд Хү хамтлагийн 2 бүтээл You tube суваг дээр хандалт нь 20 сая давж шуугиан дэгдээлээ. Хөгжлийнхөө дээд цэгт хүрээд зогссон гэх рок урсгалд цоо шинэ өнгө аясыг үүсгэв. “Хүн, хүүхэн, хүүхэд, хүмүүн, хүннү” гээд бүгд “Хү” язгууртай гэх мэтээр нэрээ тайлж хэлсэн хамтлаг маань “хүннү рок” урсгалыг дэлхийн рок хөгжмийн ертөнцөд үүсгэж Монгол улсыг дэлхийд гаргаж ирэх ганцхан зорилготойгоо ярьсан. “Wolf totem” бүтээл нь алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууны хандалтыг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхамшиг болов. Дэлхийн олон улс оронд тэдний тухай мэдээ цацагдаж “Монгол” гэж онцолж эхэлсэн. Морин хуур, товшуур, цуур, төмөр хуураар зэвсэглэсэн Хү хамтлагийг “өрнийг дорнотой, шинийг хуучинтай эвсүүлэн хослуулж “гайхамшиг” болгож чадсан хэмээн хөгжим судлаачид тодорхойлов. Америкиийн метал рок хөгжмийн нэр хүндтэй “Revolver” сэтгүүл 2019 оны шилдэг арван бүтээлийн нэгэнд “Их эзэн Чингис хаан” дууны клипийг тодруулснаа зарласан. “Юу вэ, юу вэ” бүтээл нь 19 сая хандалт, “Чонон сүлд” бүтээл нь 13 сая хандалт авч Billboard сэтгүүлийн Hard rock digital chart жагсаалтыг тэргүүлсэн юм.

Монгол улсад жилээс жилд буурч буй Америк, Европын жуулчид нэмэгдэх гараа ийнхүү эхэлж байна. Монгол улсад 2019 онд 600 мянган виз дарагдсанаас 120 мянга нь жуулчны виз, түүний 80 мянга нь хятад, солонгос жуулчдад хамаарна.

Дээрх жишээнүүдээс үзэхэд дэлхийд алдартай “од”-ыг ашиглахаас гадна дэлхийд нөлөөтэй хэвлэл мэдээллийн байгууллагын анхааралд өртөх, монголын язгуур үндсийг илэрхийлэх сэдвийг орчин үетэй хослуулан гаргаж ирэх замаар гадаад сурталчилгааг хөгжүүлэх боломж харагдаж байна. Жуулчдын урсгалыг нэмж өгөх “гавъяа” байгуулсан Хү хамтлагийнхны “нүүрийг улайлгахааргүй” ямар бүтээгдэхүүн үйлчилгээ байна вэ.

Сонгуульд нэр дэвших нөхдүүд маань Тэрэлжийн Мэлхий хад хүртэлх замыг асфальт болгоод өгчих юм биш байгаа. Цонжинболдогийн Чингис хааны хөшөө рүү өгсөх шатыг засаад өгөх юм биш биз. Тэрэлжид оччихсон хэрнээ жуулчид “Одоо National Park нь хаана вэ” гэж асуугаад байдаг. Ядаж Мэлхий хадныхаа тэнд олигтойхон зогсоол, бие засах газраа байгуулаад “Terelj National Park” гээд гоё самбар зоогоод өгөх юм биш биз? Цонжинболдог, Хустайн нуруу, Тэрэлж рүү явдаг “Shuttle bus” бий болгочих юм биш биз? НАЖГ ажилладаггүй мөртөө ажилладаг гэж тайлагнадаг “Жуулчны мэдээллийн төв”-үүдээ тордоод инээж угтдаг үйлчилгээтэй болгочихвол сайн сан. Хамгийн ичмээр зүйл бол “наадам үзэх жуулчны тасалбар”-ын борлуулалт ...

... дурдаад дуусахгүй олон асуудлынхаа ядаж 10 асуудлыг цэгцэлж амжих юм сан.

#МонголУлсынГадаадСурталчилгаа
#TheHu
#АялалЖуулчлалынГадаадСурталчилгаа