Хэнтий аймгийн Батширээт сумын
нутагт байрлах Гутайн даваанд “Ю энд Би”, “Айвуун тэс”, “Пегматит майнинг”
болгож нэрээ өөрчилсөн “Гутайн даваа” нэртэй компаниуд төр засгийнхан зарим эрх
мэдэлтнүүдтэй хуйвалдан Онон голын эх ундарга болсон Гутайн даваанд хууль
бусаар алт олборлох ажлаа нууцаар үргэлжлүүлсээр иржээ. Үүний улмаас Онон,
Шургадаг, Тулгат, Баруун, Зүүн Гутай Арангатайн голууд, Хөх чулуу, Сэрүүн
Манат, Ламын, Арын булгууд болон Арангатайн рашаан, Цагаан нуур зэрэг гадаргын
усыг бохирдуулах эрсдэл маш өндөр байгаа юм.
Энд хоёр шороон орд, нэг үндсэн
орд бий. Тэрхүү үндсэн орд нь Гутайн давааны оройд, битүү ой модон дотор
байдаг. Ийм байгалийн үзэсгэлэн бүрдсэн, Онон голын сав газар, Хөмүүл голын эх
авдаг газар, Чингис хааны амьдрал тэмцлийн түүхэн чухал газар учраас нутгийн
иргэд энд алт олборлож газар шороог нь эргүүлэх битгий хэл аялагч жуулчдын хөл
гишгүүлэхийг ч хүсдэггүй юм.
Энд 170 зүйл нь нүүдлийн ховор
шувууд ирдэгээс нэн ховор цэн тогоруу үрждэг. Мөн 260 зүйл ургамал
бүртгэгдсэнээс 19 нь ховор, 15 нь нэн ховор ургамал юм. Энэ сав газрын гол амин
сүнс нь Онон гол бөгөөд 28 зүйл загас, тэр дундаа дэлхийд ховор тул загасны орон
юм. Цөөнгүй сумын 20 мянга гаруй хүн ардыг усаар ундаалж, олон зуун мянган ан
амьтан, мал аж ахуйг усаар тэтгэдэг. Онон гол бохирдвол энэ сав газрын
экосистемд маш аюултайг судлаачид анхааруулж байгаа.
Дэлхийн хэмжээнд зайлшгүй
хамгаалах шаардлагатай 35 экобүс болох Амар мөрний эх нь Онон голын ай савд
хамаардаг. Монголчуудын төдийгүй, Амар мөрний сав дагуух ОХУ, Хятад улсын
нутагт амьдарч буй олон сая хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахад онцгой
үүрэгтэй газар.