ТОО
0
0
0

НҮДНИЙ ШИЛ БОЛ "ХУВЦАС"

Нүдний шилийг “эрүүл мэндийн нэгэн хэрэглэгдэхүүн” хэмээн үздэг байсан бол 1970-аад оноос загварын чиг хандлагад бие даан орж ирснээр “ХУВЦАС” болж хувирсан. Нүдний шил нь хувь хүний имиж бүрдүүлэлтэд маш том нөлөө үзүүлж байсны нэг баталгаа нь хөгжимчин Бадди Холли болон Жон Леннон нарын шилнүүд юм. Зузаан, хар хүрээтэй шилийг “Бадди Холли шил” гэдэг бол дув дугуй төмөр хүрээтэй шилийг “Жон Леннон шил” гэж нэрлэдэг. 

Энэ “хувцас”-ны түүхийг сөхвөл, МЭ I зуунд амьдарч байсан Ромын эзэн хааны багш Сенекагийн гар бичмэлд “... үсэгнүүд нь жижиг бас бүдэгхэн учраас шилэн бөмбөлөг юм уу усаар дүүргэсэн шилний тусламжтайгаар уншиж байна” гэсэн мөр байдаг. МЭ 54-68 онд Ромыг хаанчилж байсан Неро мэсчин боолуудын тэмцээнийг маргадаар хийсэн томруулдаг шилээр үздэг байсан гэх түүхэн баримт бий.

Нүдний шилийг дүрсэлсэн хамгийн эртний уран зургийн нотолгоо нь Томмасо да Моденагийн 1352 онд зурсан бүтээл бөгөөд зураг дээр Доминиканы кардинал Хью де Провенс нүдний шил зүүчихээд гар бичмэл уншиж буйг дүрсэлжээ.

Анхны нүдний шил болох төмөр хүрээтэй хоёр линз хооронд махир гүүр мэт төмөр холбоос хийснээр хамар дээрээ тогтоох боломжтой болжээ. Хятадууд төмөр утсыг нүдний шилнийхээ хүрээнд бэхлээд махир дэгээ гарган чихэн дээрээ өлгөдөг аргыг зохиосон. Сонирхуулахад, алдарт аялагч Марко Полог Хятадад аялж байхад тэд аль хэдийнэ нүдний шилийг ашиглаад эхэлчихсэн байсан гэдэг.

Германы Клостер Венхаусен хийдээс 1400 оны үед хамаарах нүдний шил олдсон нь хамгийн эртний олдвор аж. Германы математикч, одон орон судлаач Иоханес Кеплер 1604 онд гүдгэр, хотгор линз яагаад холын болон ойрын харааны эмгэгийг засдаг талаар анхны зөв тайлбарыг нийтэлжээ.  

Ойрын хараа муудахад давхар линз ашигласан харааны шилийг анх Америкийн эрдэмтэн Бенжамин Франклин 1784 онд зохион бүтээсэн юм. Түүний хол, ойрын хараа нь зэрэг муудсан байсан гэдэг. Харин цилиндр хэлбэртэй линзийг Сэрт Жорж Айри 1825 онд зохион бүтээжээ.