50 ЖИЛД 100 ТЭРБУМ МОД ТАРИНА.

Дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй Great Green Wall буюу ИХ НОГООН ХЭРЭМ хөтөлбөр 2000 оноос эхэлсэн бөгөөд 50 жилийн туршид 100 тэрбум мод тариалах зорилготой. Монголын хил давж Эрээний нутагт хөл тавингуут тарьсан моднууд нь ярайж эхэлдэг.   

Олон улсын стандартаар бол нутаг дэвсгэрийн 30 орчим хувь нь ой мод байвал зохимжтой аж. Харин Монгол орны газар нутгийн дөнгөж 7-8% нь ой мод. Ойн нөөц багаас шалтгаалан цөлжих, хуурайших, гал түймэр гарах, хур тунадас багасах, ган гачиг тохиох, ус гол ширгэх гэх мэт байгаль экологийн сөрөг үзэгдэл тасрахгүй.

Судалгаанаас үзэхэд, Монгол орны ойн санг 140 гаруй зүйлийн мод, сөөг бүрдүүлдэг боловч монголчуудын “хар мод” гэж хэлж заншсан шинэс нь ойн сангийн 70 орчим хувийг бүрдүүлдэг байна. Үлдсэнийг нь хуш, нарс, бусад мод эзэлнэ.

Нийслэлд мод ургуулахад хиймэл хөрс хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд үздэг. УБ хот нь Туул, Сэлбийн хөндий дэх өндөрлөг дэнж бүхий сайр, хайрга чулуурхаг, үржил шим багатай маш нимгэн хар шороон хөрстэй учраас хотын ногоон байгууламжийг их хэмжээгээр бий болгохын тулд зохиомол хөрс үүсгэх шаардлагатай аж. Янз бүрийн био бордоо, органик бордоо, зарим тохиолдолд химийн бордоог ашиглаж хөрс бүрдүүлдэг аргууд бий. Намар их хэмжээгээр унах навч, шилмүүс, боргоцой зэргийг овоолон шатаахын оронд хөрс үүсгэх боломжтой гэнэ.  

Улаанбаатар хотод улиас модыг их тарьж ургуулсан учраас ихээхэн уршигтай байдаг. Улиасны эр, эм нь тус тусдаа байдаг хоёр гэрт ургамал аж. Эм улиасан дээр боловсорсон үр гадуураа хөвөнцөртэй. Үрээ салхиар тараадаг онцлогтой тул 7 сараас эхлэн хөвөнцөр нь хийсэж хүний амьсгалын замаар орж харшил үүсгэн улмаар зарим өвчний эх үүсвэр ч болдог.

Тийм учраас хүн болгон экологийн боловсролоо дээшлүүлж, зөв мод тарих, модыг зөв арчлах, ой модоо хайрлах үйлсэд хувь нэмрээ оруулах нь чухал ач холбогдолтой.

ТОО
0
0
0