САРЛАГ НЬ ТӨВДӨӨС ГАРАЛТАЙ АЖ.

3000 жилийн өмнө Төвдөд нутагшсан сарлаг XYI зууны үеэс Монголд нутагшжээ. Буддын шашин ид дэлгэрэх цаг үед сарлагийн сүүнээс гаргаж авсан тос, цөцгийгөөр зул барих, балин хийх дэг заншилтай холбоотой хэмээн судлаачид үзжээ. Сарлагийн өвөг нь одоо ч Төвдийн ууланд буй аж. Тэрхүү зэрлэг сарлагийг төвдүүд “баялгийн эх” гэж үздэг учраас Лхас хотын сүм хийдийн хана, гудамж талбайд сарлагийн дүрс, баримал чимэглэл элбэг аж.  

Харин Монголын 13 аймгийн 132 суманд нийт 876600 тоо толгой монгол үүлдрийн сарлаг буй бөгөөд Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймгууд  аймгууд тоогоор илүүрхэнэ. Сээр хавирга нь жирийн үхрээс нэгээр илүү, өөх нь А аминдэмийг үүсгэгч каротин ихтэй, ханасан ба ханаагүй тосны хүчлийн харьцаа 1:1, хадгалалт даах чавар илүү. Сүүний тослог 1 литрт 7.2%, уураг 5.3%, чихэрлэг 5.2% байх ба улмаар 9-р сараас улам өтгөрч тослог нь 9-12%-д хүрдэг.  

Сарлаг хүйтэнд маш тэсвэртэй боловч халуунд тэсвэр муутай амьтан. Урт сахлаг үс, зузаан арьс нь дулаан зохицуулах ба биеийн дулааныг гадагш алдахаас сэргийлж, нарны цацрагаас хамгаалж, цас мөс, хайрга чулуутай газар хэвтэхэд зөөлөн дулаан дэвсгэр болж өгдөг онцлогтой.

Хөөж туух үед хэлээ унжуулан хахирч амьсгааддаг ба энэ нь дулаанаа амьсгалаараа зохицуулж буй арга аж. Нүүдэлчид эртнээс нааш сарлагийн шарыг нуруу ачихаас бус тэргэнд хөллөдөггүй байв. Тэрэгний боодуу амьсгалын замд нь саад болж дулаан зохицуулалт алдагдана хэмээн үздэг. Сарлагийн сэрвээ өндөр, нуруу хондлой намхан, цээж гүн, туурай жижиг, бат бөх байдаг нь уулын амьтан болохыг гэрчилнэ.

Сарлагийн бухын ороо өнгөрч сүрэгт нийлэхгүй уул хадаар хээрлэн, ганцаар явах хугацааг “сарлаг доших” гэдэг. Дошсон сарлагаас чоно хүртэл айдаг гэх яриа бий. Үхэр ба сарлагийн эрлийзийг “хайнаг” гэнэ. Монгол бух, сарлагийн үнээнээс гарсан хайнагийг “наран хайнаг”, монгол үнээнээс гарсан хайнагийг “саран хайнаг” гэдэг. Хайнагийн үнээг сарлагтай нийлүүлбэл ортоом болно.

ТОО
0
0
0