ИДЛЭГ ШОНХОРЫН НАЙМАА

Үлийн цагаан оготноор хооллодог шонхорууд зуу зуугаараа гадаадад худалдагдаж байна. Нэг шонхор 10.000 ам.доллар хүрдэг боловч энэ нь түүний жинхэнэ үнийн дэргэд юу ч биш. Зарим шонхор үнэ хаялцах худалдаагаар 330.000 ам.доллар хүрдэг гэсэн олон улсын мэдээ бий. Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр далайлгасан Арабын шувууны наймаачид Монгол нутагт дураараа аашилсаар 20 орчим жил болжээ. Гаалийн байгууллагын мэдээнд зөвхөн 2000-2004 онд 1300 гаруй шонхор гадагш гаргасан мэдээ бий. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаа тооцоогоор экспортлох шонхор нь нийт шонхор шувууны гурван хувиас хэтэрч болохгүй гэнэ. Энэ дүгнэлтээр бол жилд 180 хүртэл идлэг шонхор экспортлох боломжтой.

Жил бүр хэдэн зуугаар нь гаргах нөөц Монголд байна уу? 1970-аад онд 20 мянга, 1995 онд 10 мянга тоологдсон шонхор 2002 онд 6000 болж буурсан. Харин 2017 онд 4000.  Монгол орон идлэг шонхорын хувьд үржлийн чухал нутаг бөгөөд тэд 2-3 насандаа үржиж эхэлдэг. Арабын наймаачид 1-2 настай эм шонхор буюу хам­гийн чадалтай, үржлийн насны шувуудыг шилж барьдаг. Жилд 300 шонхор гадагш гаргахын тулд 1000 шонхор шувуу барьж байгааг судлаачид, шонхор барихад оролц­дог иргэд ярьдаг. Шилж сонгохын тулд барьсан шувуудаа олон хоног гар дээрээс хооллон, хүлээ баглаа­тай байл­гадгаас цаашид байгалд бие даан амьдрах чадвараа алдах, олон хоногийн “хорионы” дараа нилээд хувь нь үхдэг байна. Нэг отог 30 шонхор барилаа гэхэд түүнээс хоёрыг нь сонгон авах жишээтэй. Түүний золиосонд өгөөш болсон 200 тагтаа бас үрэгдэнэ.

Өгөөшинд орсон шонхруудаас буцааж тавихдаа далавчнаас нь гол хүчтэй өдийг сугалан авч хаядаг байна. Ингэснээр уг шувуу тэдний дараа дараагийн өгөөшийг булааж саад болж чадахгүй болдог аж.

Шонхор шувуу хорогдох бас нэг шалтгаан нь өндөр хүчдэлийн шон дээр шонхор шувуу үүрлэж богино холбоо үүсгэж цахилгааны саатал гаргах, шонг гэмтээдэг зэргээс үүдсэн хорогдол юм. Нэг трансформаторын дор гэхэд 6 шонхор үхсэн тохиолдол ч байна. Орон нутгийн монтёрууд шонхорын үүрийг авч хаяхдаа заримыг нь ангаахайтай, заримыг нь өндөгтэй нь хаясан жишээ ч байсан. Шонхор шувууны өндөгний 30% л амьдрах чадвартай, ниссэнээсээ хойш бас 20% нь хорогддог аж. Монголын шувуу судлаачид АНУ-ын Биологийн хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжүүлж зүүн аймгуудад 100 гаруй хиймэл үүр тавьж өгсөн бөгөөд тавьсан үүр болгонд шонхор үүрлэжээ. МУИС-ийн багш оюутнууд Дундговь, Дорноговь, Хэнтий аймгийн нутгаар 70 гаруй хиймэл үүр нэмж тавьсан байна. 

Идлэг шонхор нь голчлон үлийн цагаан оготноор хооллодог бөгөөд заавал амьд хоол барина. Үлийн цагаан оготно элбэгтэй газар үүрлэсэн идлэг шонхорын таван ангаахайтай нэг хос өдөрт 9-12 үлийн цагаан оготно үүрэндээ авчирдаг байна.